НОБЕЛИЙН ШАГНАЛААС ТАТГАЛЗСАН ЭРДЭМТЭД


Нэрт зохион бүтээгч Альфред Бернхард Нобель /1833-1896/ физик, хими, анагаах ухаан болон утга зохиолын салбарт олгодог энэхүү  нэр хүндтэй шагналыг анх үндэслэсэн юм. 1895 онд тэрбээр гэрээслэл үлдээсэн бөгөөд энэ гэрээслэлд тэрбээр өөрийнхөө орлогыг жил бүр таван тэнцүү хуваагаад, салбар бүрийн шагналтнуудад олгохыг захисан байдаг. 1900 онд Шведийн Стокгольм хотноо энэ шагналын захиргааны байгууллага болох Нобелийн сан байгуулагджээ.Тухайн үед сангийн хөрөнгө нь 31 сая швед крон байсан бол Нобелийн шагналыг 1901 оноос эхлэн олгож эхлэжээ. 1968 онд Шведийн Улсын банк үүсгэн байгуулагдсаныхаа 300 жилийн ойг тохиолдуулан Альфред Нобелийн дурсгалд зориулан эдийн засгийн шагналыг бий болгосон байна. Нобелийн эдийн засгийн шагналыг 1969 оноос эхлэн гардуулж эхлэсэн, гэхдээ шагналын мөнгийг шагналыг бий болгосон Улсын банк олгодог юм байна.

Нобелийн шагналтнуудад мөнгөн шагналаас /2017 онд 9 сая швед крон буюу 1,1 сая ам.доллар олгосон/ гадна диплом, алтан медаль гардуулдаг юм. Медалийн нүүрэн талд Альфред Нобелийн хөрөг байх бол ар талд нь шагнал тус бүрээс хамаарч өөр өөр дүрстэй байдаг гэнэ. Нобелийн шагналыг эрдэмтэн судлаачдад амьд ахуйд нь төдийгүй таалал төгссөнийх нь дараа ч олгодог байжээ. Харин 1974 оноос шагнал нэхэн олгохыг Нобелийн сан хориглосон байна. Нобелийн шагналыг 12-р сарын 10-ны өдөр буюу шагналыг санаачлагч Альфред Нобелийн таалал төгссөн өдөр олгодог. Норвегийн нийслэл Осло хотод энхтайвны шагналыг, харин Шведийн нийслэл Стокгольм хотод бусад салбарын шагналыг ёслол төгөлдөр гардуулж өгдөг. Нобелийн шагналтай холбоотой зарим сонирхолтой тоон мэдээлэл хүргэе.

1901-2017 онуудад Нобелийн шагналыг 585 удаа олгожээ. Давхардсан тоогоор шагнал хүртсэн хүмүүсийг оролцуулаад өнгөрсөн хугацаанд 892 хүн, 24 байгууллага энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Тэдгээрийн дунд 48 эмэгтэй багтаж байна. Шагналтнуудын дундаж наслалт 60 нас. Хамгийн залуу нь 2014 оны Энхтайвны шагналтан Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч 17 настай Малала Юсуфзай охин байлаа. Харин хамгийн өндөр настай нь 2007 онд эдийн засгийн салбарт шагнал хүртсэн 90 настай Америкийн судлаач Леон Гурвиц. Мөн хэд хэдэн эрхэм хоёр ч удаа Нобелийн шагнал хүртсэн байдаг байна. Франц болон Польшийн эрдэмтэн Мария Кюри 1903 онд физикийн салбарт, 1911 онд химийн салбарын шагналын эзэн болжээ. Америкийн химич Лайнус Полинг мөн хоёр салбарт Нобелийн шагнал хүртэж байжээ. 1954 онд химийн салбарт, 1962 онд Энхтайвны салбарт Нобелийн шагналтан болсон байна. Мөн гэр бүлээрээ Нобелийн шагнал хүртсэн таван хос байдаг. Мария болон Пьер Кюри нар 1903 онд физикийн салбарт анх гэр бүлээрээ Нобелийн шагнал хүртэж байжээ. Мөн ах дүүс, эцэг хүү хоёр ч хамтдаа хүртэж байсан тохиолдол бий. Нобелийн шагналаас татгалзаж байсан тохиолдол ч өнгөрсөн зуу гаруй жилд хэд хэд бүртгэгджээ. Нацист дэглэмт Германд Нобелийн шагналыг хориглосноос 1938-1939 онуудад хими, физиологийн салбарт шагнал хүртсэн эрдэмтэд энэхүү нэр хүндтэй шагналаас татгалзахад хүрч байжээ. Гэхдээ тэд Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа диплом болон медалиа гардаж авч байжээ. Харин Нобелийн сангийн дүрэм ёсоор мөнгөн шагнал авах хүчинтэй хугацаа дууссанаар, мөнгөн шагнал нь Нобелийн санд үлджээ. Мөн Вьетнам улсад цэрэг дайны ажиллагаа үргэлжилж байсан учир Вьетнам улсын улс төрийн нэрт зүтгэлтэн, Умард Вьетнамын төлөөлөгч Ле Дык Тхо ч Нобелийн энхтайвны шагналаас татгалзаж байжээ.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=