АМЕРИК САЯТНААС ӨВ ЗАЛГАМЖЛАЛ ХҮЛЭЭЖ АВНА ГЭХ ЗАЛИЛАНД ИТГЭЖ ХАМАГ ХӨРӨНГӨӨ АЛДЖЭЭ


Цагдаагийн бай­гууллагад бүртгэгдсэн гэмт хрэргийг тоон мэдээнээс харахад залилах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд огцом ихэсчээ. Энэ нь нэг талаасаа амар хялбар аргаар мөнгө олох гэсэн залилагчид олширч байгаатай, нөгөө талаараа цар тахлын хөл хориогоор хамаг бизнесээ алдсан хүмүүс бага хугацаанд их мөнгө олох гэсэн хүсэл шуналаасаа болж байгааг хуульчид онцолж байна. Залилагчид хэнийг онцлохоо тун сайн мэддэг бөгөөд мөнгө хэрэгтэй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүнийг андахгүй олж чаддаг. Улмаар тэдний итгэлийг олж, эхлээд бага багаар мөнгө авч байгаад дасгасныхаа дараа том мөнгөн дээр сэгсэрчихээд бултдаг байна. Өнгөрсөн жил залилах гэмт хэрэг 4270 удаа  бүртгэгдэж байсан бол энэ  жилийн эхний долоон сарын байдлаар 3962 залилах гэмт хэрэг бүртгэгджээ. 

Ялангуяа сүүлийн жилүүдэд интернэтийн хэрэглээ өссөнтэй холбоотой цахим орчинд иргэдийг залилах гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэдийн фэйсбүүк  хаягаар нэвтэрч орж ойр дотны хүнээс мөнгөн тусламж гуйх, онлайн худалдаа эрхлэх нэрээр иргэдээс барааны үнийн урьдчилгаа төлбөр нэрээр иргэдээс мөнгө залилах гэх мэт аргаар үйлдэгдэж байна. Харин Монгол Улсын хилийн гаднаас гадаад худаддаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн и-мэйл хаягт харилцагч байгууллагын и-мэйл хаягтай ойролцоо буюу зөвхөн нэг үсэг, нэг тэмдэгт өөрчилсөн хуурамч и-мэйл хаягаас төлбөрийн нэхэмжлэл илгээх замаар мөнгө залилах, хөрөнгө оруулалтын залилан буюу олон улсад санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг, шаардлагатай хөрөнгө оруулалтыг бага хүүтэй, урт хугацаагаар олгох нэрээр иргэдээс зээлийн материал судлах, зээл олгохтой холбоотой гүйлгээний шимтгэл, тэр ч байтугай санамсаргүйгээр сонгогдсон өв залгамжлалыг хүлээж авахад урьдчилгаа мөнгө нэхэмжлэх зэргээр  иргэдийг залилдаг байна.  Мөн иргэдийн санхүүгийн мэдлэг сул, амар хялбар аргаар хх хэмжээний мөнгө олох гэсэн хүсэлтэй холбоотой сүлжээний гэх тодотголтой олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар иргэдийг залилах гэмт хэрэгт иргэд олноороо өртөж байгаа аж. Ганц жишээ дурьдахад, “Жи тайм” гэх тодотголтой  пирамид сүлжээний хэрэгт манай улсын 40 мянга гаруй иргэн элссэн байжээ. Харамсалтай нь энэ хэргийн зохион байгуулагч Казахстаны иргэн аль хэдийнэ хил даван зугтсан бөгөөд Монгол талаас хариуцаж байсан хүн нь мөнгө төгрөг захиран зарцуулах талаар ямар ч эрх мэдэлгүй байсан учир эдгээр иргэд бүгд хохирогч болж, өнөөдрийг хүртэл  нэг ч хүн хохирлоо барагдуулж чадаагүй байна. 

Сүүлийн үед интернет сүлжээг ашиглан гадаадын гэмт этгээдүүд Монгол Улсын иргэн аж, ахуйн нэгж байгууллагуудыг залилах тохиолдол гарах болсон. Үүгээр ч зогсохгүй бусдын итгэлийг олж хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг нь өөрийн болгох, дансаар мөнгийг нь шилжүүлж авах зэрэг залилан үйлддэг. Тухайлбал, гадаадад суралцуулна, виз гаргана, диплом болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын бичиг баримт гаргаж өгнө хэмээн залилах тохиолдол олширчээ. Цахим залилан нь иргэдийн сошиал хаягийг судлан ганц бие эмэгтэйчүүдийг онцлон харилцаа тогтоодог.  Жишээлбэл, АНУ-д амьдардаг иргэн өөрийгөө армид удирдах албан тушаалтан хийдэг хэмээн танилцуулж удаан хугацааны турш онлайнаар харилцаж итгэлийг олж авахын зэрэгцээ, Монгол Улсад очиж хамт амьдарна хэмээн итгүүлдэг. Энэ тохиолдолд гэмт этгээд аль нэг гадаад улсын дансанд гацсан их хэмжээний мөнгөө Монгол Улс руу гуйвуулахад гарах зардал, шимтгэл гэх нэрийдлээр гадаад данс руу 8,000-9,000 ам.доллар шилжүүлэн авсан тохиолдол байна.  Гэтэл хамаг хөрөнгөө тавиад туучихсан хүн ч байгаа аж. Америк тэрбумтны өв залгамжлалыг хүлээж авахад урьдчилгаа мөнгө хэрэг болсон гэсэн үгэнд нь итгэж,  нэхэмжилсэн 100 мянган долларыг нь өгөхийн тулд өөрийн орон байраа зарж, хэлсэн мөнгийг нь явуулаад байр ч үгүй мөнгө ч үгүй болсон гашуун түүх байна. Хамаг хөрөнгөө алдсан хөөрхий бүсгүй одоо түрээсийн байр хэсэн амьдарч байгаа ч залилуулсан хөрөнгөө олж авах ямар ч боломжгүй болжээ.  

Мөн хэн нэгний фэйсбүүк рүү код хуулах программ явуулж, линк рүү ороод лайк дараад дэмжээд өг гэх бөгөөд лайк дарангуут таны код шууд тусгайлан бэлдсэн программаар хуулагддаг. Дараа нь таны фэйсбүүк хаягны кодыг өөрчилж чатыг нь шалгаж хэнтэй их харилцдаг вэ гэдгийг судлан мөнгө зээлээч гэх утга бүхий мессэж явуулж эхэлнэ. Ийм аргаар дөрвөн хүн тутмын нэгээс нь заавал мөнгө салгадаг нь шалгалтаар тогтоогдсон. Тийм учраас эдгээр утга бүхий мессеж явуулж хандалт хийж буй үйлдэлд итгэж болохгүй. Энэ мэтчилэн залилангийн хэрэг сүүлийн үед цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдэх болсон байна. Мөнгөө богино хугацаанд өсгөх зорилготой залилуулсан хүний 70 хувь нь өөрийнхөө мөнгөөр биш, хүнээс зээлж авсан мөнгөө өгч бусдад залилуулсан байдаг. Иргэд хүнээс мөнгө зээлж түүнийгээ өсгөж дундаас нь ашиг олно гэсэн хялбар бодлоос болж энэ хэргийн золиос болдог. Мөн хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас хохирдог. Энэ төрлийн гэмт хэргийн золиос болохгүйн тулд иргэд таны мөнгийг өсгөж өгье гэсэн сүлжээний бизнест хууртахгүй байх, мөн  судлаагүй танихгүй хүмүүстэй гэрээ хийхдээ мэргэжлийн хуулийн байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авах зэргээр судалж шалгах нь зөв. Ер нь зах зээлийн эдийн засгийн эргэлтгүйгээр таны мөнгө богино хугацаанд хэд дахин үржиж, гэнэт баяжих боломжгүй гэдгийг иргэд ухамсарлах хэрэгтэй.

Фэйсбүүкээр цацагдсан ямар ч хамаагүй линкийг нээхэд л та эрсдэлд орж мэдэхээр болсон цаг үе. Хэрвээ та цахим орчинд фэйсбүүкийг өдөр тутам ашигладаг бол долоо юм уу арав хоногт нууц үгээ сольж байхыг  хуулийн байгууллагаас зөвлөж байна. Ингэснээр та хуурамч сайтаар дамжин өөрийгөө гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалж чадна. Цагдаагийн байгууллагад бүртгэсэн залилангийн гэмт хэргийг судлахад, иргэд нийгмийн цахим сүлжээнд бусдад хууртах, бодит байдлыг нууж, төөрөгдүүлэх, олон шатлалын маркетинг, пирамид тогтолцоотой луйврын аргад ихээр автаж байна. Цахим гэмт хэрэгтнүүдийн гадаад орноос ашиглаж буй цахим болон IP хаяг нь хуурамч, олдох боломжгүй, олон улс дамнасан байдгаараа бусад хэргээс ялгаатай байдаг. Танд зээл өгнө, мөнгө явуулсан, та азтан боллоо хэмээн харилцаж буй хүн бол гэмт этгээд гэдгийг үргэлж санаж, мессежээр харилцахгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=