ОРОСЫН ДЭЭРЭМЧДИЙН ГАРТ АЛТАН АМИА АЛДСАН МОНГОЛ ХИЛЧИД



1993 оны зургадугаар сарын 21-нд Монгол Улсын гурван хилчид, ахлагч дэслэгч Д.Цоодол, дэд ахлагч Х.Нямдорж, дэд ахлагч Я.Баяраа нар албан үүргээ гүйцэтгэх үедээ Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн нутаг дахь Хар байц, Ар царам гэдэг газруудаар улсын хил зөрчин, манай улсын нутгийн гүнд орж ирээд, нэлээн хэд хоног баригдаж, илрэлгүй хориотой ан хийж, улсын хил зөрчин хууль бус үйлдэл гаргасан ОХУ-ын Буриад улсын иргэн Б.Аюушиев, И.Доржиев, Б.Гармаев нарыг зохих дүрэм журмын дагуу илрүүлэн, баривчилжээ. Дашрамд дурдахад Хөвсгөл аймгийн Эрэдэнбулган сум нь 469,4 мянган га нутагтай, нийслэлээс 710 км зайтай оршдог, газар нутгийн 90 хувь ой модоор бүрхэгдсэн тайгын бүс юм. Хэдийгээр манай хилчид хил зөрчигчдийг зохих дүрэм, журмын дагуу баривчилсан ч Монгол хүний уужуу цайлган сэтгэлээр тэдэнтэй харилцаж, Монгол-Оросын ард түмэн, хоёр орны хилчдийн олон арван жилийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг гүн хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн хэт зөөлөн хандаж, буу зэвсгийг нь хураагаагүйгээр үл барам, цай уумаар байна гэхэд нь хүртэл Монгол ёсоор цайлж байжээ. Ингээд хулгайн анчин, хил зөрчигчдийг хилийн застав дээр аваачиж, хийсэн хэрэг үйлдлийг нь тогтоож, хуулийн мэдэлд тушаахаар авч явжээ. Гэтэл тэд замдаа үгсэн тохирч манай хилчдийг гэнэдүүлэн, буу зэвсэг хэрэглэн хөнөөгөөд хэргийн газраасаа зугатсан байна. Гэсэн ч гэмт хэрэгтнүүдэд гишгэх газар үгүй тул удалгүй баривчлагджээ. Хожим хэрэгтнүүдийн мэдүүлснээр урьдчилан үгсэн тохиролцсоны дагуу, ялт санаагаа хэрэгжүүлэхийн тулд хилчдийн анхаарлыг татахаар Гармаев нь эхлээд мориор зугатаахад манай хилчид “зогс” гэж хашгиран хойноос нь морио давиран давхих тэр мөчид Аюушиев 10 орчим метрийн зайтай явж байсан Нямдоржийг ар нуруу руу нь үрлэн сумтай буугаар буудаж, дэргэдээ явж байсан Цоодолыг ч мөн буудаж хөнөөсөн байна. Энэ үед бэлтгэлтэй явж байсан Доржиев Баярааг мөн гэнэдүүлж буудсан гэж мэдүүлжээ. Харамсалтай нь Монголын талын нэг ч гэрч байсангүй. Хэрэг явдлын зураглалыг гэмтнүүдийн мэдүүлгийн үндсэн дээр тогтоохоос арга байсангүй. Гэвч мөрдөгчид сайтар ажиллаж Монголын гурван хилчний бие, цогцос, өмсөж явсан хувцас хэрэгсэл, эд зүйлсийг ойд болон уул хаданд нууж, далдалсныг олжээ. Үрлэн сумтай бууны дарины эсгий болон цаасан бөглөө 10 гаруй, мөн янз бүрийн сумны хонгио, тугалганууд хэргийн газар олон байсныг эд мөрийн баримт болгон авсан Монголын хуульчид хэргийн газар хийсэн үзлэг дээр тулгуурлан хэрэгтнүүд манай хилчдийг ганц хоёр буудаад зогсолгүй харгис хэрцгий хандаж удтал зовоосон байж болзошгүйг тогтоожээ. Учир нь хохирогчдын өмсч явсан хувцас, цамц, өмд, ихээхэн урагдаж цоорсон, бие эрхтэнд учирсан гэмтэл, мөн Оросын талын шүүх эмнэлгийн шинжээч эмч нарын шинжилгээгээр ч энэ нь батлагдсан гэж болно. Хэргийг шүүх хурал 1995 оны 4 дүгээр сарын 19-нд Улаан-Үд хотод явагдахад БНМАУ-ын НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УЦСЕГ-ын даргаар бараг 10 жил ажиллаад 1969-1978 онд Улсын Ерөнхий прокурор, 1978-1982 онд Батлан хамгаалахын сайдаар тус тус ажиллаж байсан гавьяат хуульч, хурандаа генерал Ж.Авхиа агсан Монгол Улсын хилийн цэргийн байгууллагыг төлөөлөн оролцож, мэргэжлийн өмгөөлөл үзүүлсэн байдаг. Генерал Ж.Авхиа шүүх хурлын танхимд “Нөхөр шүүгчид ээ! Би энэ шүүх хуралдаанд Улсын хилийг хамгаалах албан үүргээ гүйцэтгэж яваад, харамсалтайгаар амь насаа алдсан, Монгол Улсын гурван хилчин Д.Цоодол, Х.Нямдорж, Я.Баяраа нар болон гурван хилчнийхээ амь насыг алдаж, ёс зүйн болон материалын асар их хохирол үзсэн Монгол Улсын хилийн цэргийн байгууллагыг төлөөлөн оролцож байна” хэмээгээд үйлдэгдсэн хэргийн процесс, байдлыг тоочиж “...Хэрэг үйлдсэн байдал илэрхий харгис, хэрцгий шинжтэй байна. Ийм маягийн хэргийн тухай ОХУ-ын нэрт эрдэмтэн доктор, профессор С.В.Бородин 1994 онд хэвлэгдсэн “Хүний амины гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага” гэдэг номондоо “хохирогчид учруулсан олон тооны шарх, гэмтэл нь онц хэрцгий харгис хандсаны гэрчилгээ” гэжээ. Ийнхүү гэмт хэрэг гарсан эрүүгийн нөхцөл байдал, хавтаст хэрэг дэх баталгаа нотолгоонуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Аюушиев, И.Доржиев, Б.Гармаев нарын хэргийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 102-р зүйлийн “В” хохирогчийг албан болон олон нийтийн үүргийг биелүүлэхтэй холбогдуулж алах, “Е” гэмт хэргийг нуун дарагдуулах зорилгоор алах, “Н” бүлэг хүмүүс урьдчилан тохирох “Г” онц хэрцгийгээр алах ангиар зүйлчлэн, Аюушиевт цаазаар авах ял, Доржиевт цаазаар авах ял, Гармаевт 15 жил хорих ял ногдуулахыг санал болгож байна” хэмээжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин зарлиг гаргаж, цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн цаг үе байсан учир шүүх бүрэлдэхүүн Аюушиевийг 15 жил хорьж, уг хорих ялыг бүх хугацаанд гянданд эдлүүлж, хөрөнгийг хураах, Доржиевийг чанга дэглэмтэй колонид 14 жил хорьж, хөрөнгийг хураах, Гармаевийг жирийн дэглэмтэй хорих ангид хорьж, хөрөнгийг хураах шийдвэр гаргасан юм. Мөн амь үрэгдсэн талийгаач хилчдийг оршуулахад гарсан зардлыг хилчин тус бүрээр, хилийн цэргийн байгууллагад учруулсан хохиролтой хамт хурандаа Ч.Алтангэрэл нэхэмжилжээ. Дашрамд дурдахад хилчдийнхээ түүхэн гавьяаг алдаршуулан мөнхжүүлэхэд олон арван ном, бүтээл гаргасан хурандаа Ч.Алтангэрэл “Алуурчдын гарт амь үрэгдсэн хилчид” хэмээх номыг 1997 онд гаргасан байдаг аж. Эх орныхоо алтан хилийн манаанд амь насаа өргөсөн баатруудынхаа дурсгалыг хүндэтгэе. Тусгаар улсын бүрэн бүтэн байдлыг ой тайга, тал хээр, говь цөлийн бүсэд цаг мөч бүрт сэргийлэн сэрэмжилж, Монгол Улсын дархан хил, соёмбот баганаа нүд цавчилгүй харж, хамгаалж явдаг хилчин дайчдынхаа гавьяаг магтая. Жил бүрийн есдүгээр сарын 17-нд Монголын хилчин дайчдын өдрийг тэмдэглэдэг. Байнгын бэлэн байдал, сонор соргог, өндөр чадварынхаа ачаар хилчид маань үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн. Гэсэн ч түүхийн ямар ч цаг үед хилчид эх орныхоо төлөө алтан амиа өргөсөөр иржээ. Өчигдөргүй өнөөдөр гэж байдаггүйн учир нэгэн түүхийг нэхэн саная. 1993 он. Тухайн цаг үед хилийн цэргийн салбарт ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байсан хүмүүсийн хувьд саяхны мэт санагдавч одоо нэгэнт 30 шахам жил, багагүй хугацаа өнгөрчээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=