З.ТӨМӨРТӨМӨӨ, Ч.ТӨГСДЭЛГЭР ХОЁРЫН ХОРШСОН ТӨГС ЛУЙВАР




Хоёр жил орчмын өмнө “Хотын ерөнхий архитектороор GEN Z үеийн төлөөлөл Ч.Төгсдэлгэр гэдэг бүсгүй томилогдлоо. Энэ бүсгүй Японд хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр ажиллаж байсан, Дэлхийн банкинд хот төлөвлөлтийн зөвлөхөөр ажиллаж байсан чухам л мэдлэг туршлага нь цацарсан мундаг хүн” гэгдэж байв. Гэтэл юу болов? Хотын ерөнхий архитекторын гарын үсгээ 50 сая төгрөгөөр үнэлж Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгдөг асуудлаар өдгөө АТГ-д шалгагдаж байна. Зөвхөн гарын үсэг зуруулахын тулд 50 сая төгрөгийн авилга хахууль өгч гаргуулдаг Архитектур төлөвлөлтийн даалгавар гэж юу вэ? Энгийн үгээр хэлбэл энэ нь хотын хаана хэдэн давхар барилга барих вэ гэдгийг шийддэг зүйл юм. Энэ чухал бичиг баримтад ерөнхий архитектор л гарын үсэг зурах эрхтэй. Улаанбаатар хотын энд, тэнд өндөр нам барилга барих гэсэн хувь хүн, ААН-үүд энэхүү а даалгаврыг авсанаар ажил саадгүй явдаг. Тиймдээ ч үе үеийн ерөнхий архитеторууд хотын дарга нар а даалгавар гэх зүйлийг авилга авах арга хэрэгсэл байдлаар ашиглаж ирсэн талаар чих дэлсдэг байлаа. Гэтэл хот төлөвлөлтөөр хилийн чанадад боловсроод төгсрөөд ирсэн гэх Төгсдэлгэр бүсгүй энэ үнэн болохыг баталж байх шиг. Ч.Төгсдэлгэр дангаараа ийм бүдүүн зүрх гаргасан уу аль эсвэл хань хамсаатан, хамтрагчид байдаг уу? Тэгвэл НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн өмчит компани хамтардаг шинжтэй. НИТХ-аас 2025 оны 11-р сард гэнэт тогтоол гарган байгуулсан “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК, түүний гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө ч мөн энэхүү а даалгаврын бизнестэй холбогдож байх юм. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд нь НИТХ-ын таван төлөөлөгч байдаг ба Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө ч мөн НИТХ-ын төлөөлөгч. Тиймээс НИТХ-ын төлөөлөгчид эрх мэдлээ урвуулан ашиглах байдлаар хотын ерөнхий архитектортой үгсэн хуйвалдаж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрсдийн ашиг олох хэрэгсэл болгосон нь илт тодорхой нөхцөл байдал хотын төвийн Бага тойруугийн хуучин барилгуудад хэрэгжиж байгаа гэх Дахин төлөвлөлтийн төслүүдээс харагдаж байна. Зөвхөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, тодруулбал Бага тойрууд 30 гаруй орон сууцны барилга “Ашиглалтын шаардлага хангахгүй дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх шаардлагатай” гэсэн ангилалд орсон байдаг юмсанж. Эдгээр байрнуудаас СУИС орчмын 6, 44 гэх хоёр орон сууцны иргэд Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхийг бараг зуун хувь дэмжин санал асуулгын хуудас бөглөж хотын даргад төсөл хэрэгжүүлж өгөхийг хүссээр даруй долоон жилийн нүүр үзэж байгаа ажээ. Гэхдээ хотын удирдлага хүн амын хэт төвлөрөлийг нэмэгдүүлэхгүй байх гэсэн үндсэн зорилгын хүрээнд Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд 7 давхараас өндөр барилга бариулахгүй гэсэн бодлого баримталсаар ирсэн байна. Энэ нь Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй аль хэр уялддаг нь ойлгомжгүй ч ямар ч байсан 7 давхрын хязгаарлалт гэдэг зүйлээр Бага тойруугийн хуучны орон сууцнуудыг дахин шинэчлэн барих төсөл олон жил гацаж байжээ. Харин 2025 оны хавар нийслэлийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар гацаад байсан Дахин төлөвлөлтийн төслүүдийг хөдөлгөнө гэсээр бэлэн зэлэн амлан иргэдтэй уулзаж ятган, иргэд ч юу юугүй л орон байраа шинэчлэх боломж нээгдлээ хэмээн “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д итгэн тэдний зүгээс хэлсэн бүгдийг биелүүлж хөл хөдөлгөөнд оржээ. Тэгтэл хэдхэн сарын дараачаас байдал өөрөөр эргэх нь тэр. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь хотын төвийн хуучин байрнуудын Дахин төлөвлөлтийн төслүүд рүү илт өөрсдийн хамаарал бүхий нэг нэг компанийг шахан оруулж иргэдийг хурдан гэрээ хий хэмээн тулган шахаж эхэлсэн байна. Санхүүгийн чадавхигүй, барилгын ажлын туршлагагүй компаниуд дийлэнх нь байсан учраас өмч хөрөнгөөрөө дэнчин тавихаас айсан иргэд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д хандан эрсдэлээ даах чадвартай, гол нь өмнө нь дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай барилгын компаниудыг Сонгон шалгаруулалтаар оруулж өгөхийг хүссэн ч “Манай сонгосон компаниудад л 16 давхар барилгын а даалгавар гарч байгаа. Энэ компаниудтай гэрээ хийхгүй бол танай байрлалд ахин 16 давхрын а даалгавар гаргуулж өгөхгүй” хэмээн гэдийсэн байгаа юм. Нэг ёсондоо шахааны компаниудтайгаа гэрээ хийлгэхийн тулд а даалгавраар барьцаалсан хэрэг. Өмчийн эздийг НИТХ, нийслэлийн засаг дарга, нийслэлийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-аараа дамжуулан ингэж шахаж дарамталж байгаа нь мэдээж иргэдэд таалагдахгүй. Нийслэлийн удирдлагуудад хандан өргөдөл, хүсэлт, гомдол өчнөөн бичсэн ч хүлээж авсангүй. Аргаа барсан зарим байрны иргэд Захиргааны хэргийн шүүхэд хүртэл хандсан байгаа юм. Аргагүй шүү дээ амьдрах орчныг чинь сайжруулна, хотыг хөгжүүлнэ гэж уран амласаар Нийслэлийн толгойд гарч суусан эрх мэдэлтнүүд ашиг сонирхлоороо нэгдчихээд архитектур төлөвлөлтийн даалгавраар иргэдийг шантажилж байгаа юм чинь. Сууц өмчлөгч иргэд НИТХ-ын төлөөлөгчдийн халаасны компаниудтай гэрээ хийж, тэдэнд 16 давхар зочид буудал, худалдаа үйлчилгээний төв барих боломж олгохгүй л бол а даалгавар нь хэзээ ч ахиж 16 давхраар гарахгүй урьдынх шигээ 7 давхрын хязгаарлалтаар гацах ийм нөхцлийг бүрдүүлсэн хүн нь хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, харин иргэдийг шахаж шантажлах ажлыг хийж байгаа гол хүн нь НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө юмсанж. НИТХ-ын төлөөлөгчид а даалгавраар барьцаалан нийслэлийн хамгийн ашигтай, тэр тусмаа хотын төвийн газруудыг Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэрээр дээрэмдэн авч, хамаарал бүхий барилгын компаниудаараа дамжуулан хэдэн үеэрээ идэх өмч хөрөнгөтэй болж байгаа энэ явдлыг Ерөнхий сайд Н.Учралын даалгавраар байгуулагдсан хууль хяналтын байгууллагын ажлын хэсэг анхаарч шалгана гэдэгт итгэж байна. Хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн а даалгаварт тавин сая төгрөгөөр гарын үсэг зурсан хэрэг бол зөвхөн өнгөн хэсэг нь харин цаана нь а даалгавраар барьцаалсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Дахин төлөвлөлтийн төслийн луйвар явж байна шүү.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=