ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ШИЛДЭГ ТАГНУУЛЧДЫГ ТОЙРООГҮЙ


Гончигдой нь 1899 онд Хүрээнд төрж, тэмээний наймаа хийж, жасын мал хариулдаг Галсанвандан гэдэг хүнд үрчлэгджээ. Тэрбээр 15 настайдаа 1914 оноос хийдээс гарч, европ эмийн номд суралцаж, 1923 оноос цэргийн ангид дагалдан сургагч-эмчээр дөрвөн жил ажиллав. Тэрбээр 7-15 нас хүртэл хүрээ хийдэд шавилан сууж байхдаа түвд эмнэлгийн ном судлан эзэмшиж, эмч лам болсон байна. Ардын хувьсгалын жилүүдэд ДХГ-ын тусгай суман, Дарьгангын тусгай морьт дивиз, Сүх­баатарын сургууль зэрэг цэргийн анги салбарт итгэгдэн түвд эмийн эмчээр ажиллаж байгаад 1929 онд Цэргийн яамны шугамаар хилийн чанадад суурин тагнуулчаар суухаар мөн газрын төлөөлөгч Чухал гэгч хүнд элсэгдэж, газрын дарга Ж.Очирбат, сургагч нараас тусгай заавар даалгавар авчээ. Япон, гоминданы хятадын түлхээсээр Банчин­богд өвөрмонгол баргад ирэх болсны нарийн учрыг суд­лахаар 1930 онд Г.Гончигдойг тагнуулчаар илгээжээ. Гончигдой 1930 оны 9-р сард сүйх тэрэгтэй, хувилгаан хутагтын шинжтэй, 2 шавь лам дагуулан явж Баян­түмэнээр Баргын Хөлөнбуйрт очиж ноёдтой уулзан “Богдын өргөмөл хүү чин ачит Номунхан Агваан­лувсан­жалцан гэгч бөгөөд ардын засагт эрх засгийг алдан амьдрах аргагүйд хүрч, танай энэ газар шашин дэлгэрсэн сайхан авралт орон гэж дуулаад ирлээ” хэмээн тагнуулын гүйцэтгэх ажиллагаа явуулж эхлэв. Нутгийн ард олон, ноёд түшмэд Чин ачит номун ханд төдийлөн сэжиглэж байсангүй. Тэрбээр өвдөж зовсон хүмүүст эм тан барьж, аврал гүрэм буулгаж, мэргэ төлөг тавьсаар нэр хүнд нь тэр даруй гайхалтай түргэн түгэн дэлгэрч, газар авснаар нутгийн олон ардууд, язгууртан түшмэд нарт энэ лам бол үнэхээр Чин ачит номун хан хэмээн алдаршин тахин шүтэгдэх замд орж чаджээ. Тэрбээр хилийн гадна очоод Хөвөөт хөх хошууны Цэдэнбал гэгч айлын хаяанд эсгий гэрт сууж байхдаа ард олонд ном гүрэм тавьж, шоо төлгөөр мэргэлэн, түвд эм барих зэрэг аргаар тагнуулын ажлыг нууцаар явуулах болжээ. Энэ үедээ тэрбээр Намгүр сүмийн Хөвөөт шар хошууны занги Хишигжаргал гэгчтэй ах дүү болон тэднийд хөдөөлж, Хөлөнбуйрын бүхий л хошууны тушаал, сонсгол, зарлал, албан хэргийн бичгийг мэдэж төв рүүгээ мэдэгдэх болжээ. Гэвч тэр намраа эргэж холбоо барьж явсан Батдорж тагнуулч нь гэнэт өвчин тусч, гурван сар хэвтэж эмчлүүлсэн тул холбоо тасарсан байна, Эндээс хамт явсан Чойндонг холбоо бариулах болсон нь бүтээгүй тул Хөвөөт хөх хошууны эмэгтэй Бямбаатай нууцаар танилцаж дотносон улмаар түүгээр дамжуулан Баянтүмэний цэргийн 13-р хорооны дарга Бат-Очиртой дөрөв дахин холбоо барьсан байна. Дараа нь Бямбаагийн дүү Санчигийг биедээ татаж холбоо бариулах ажлыг хийлгэжээ. Сайн тагнуулч байхын тулд Гончигдой зүүн хойд хятадад японы цэрэг зэвсэг бөөгнөрч байгаагийн нарийн учрыг мэдэх даалгавар авав. Ингээд 1930 оны дунд үе гэхэд хошууны захирагч Эрхэмбат болон бусад түшмэлүүд Намгүрийн хийдийн дээд зиндааны лам хувраг, өвөрмонгол дахь японы цэргийн тагнуулын гол түшмэл Инакучи, Сато, Таридо нартай дотно танил болж чаджээ. Тэрбээр Хянганы хойд салбар, мужийн газар орон ус мод, шавар худаг зам гүүр зэргийг мэдээлэв. Мөн хүн амын тоо болон малын тоо, ард ноёдын санал, үүнийг японы талаас хэрхэн үздэг, ямар үйл ажиллагаа явуулж байгаа, барилга болон байлдааны анги тайван болон самуун цагт хүчээ хэрхэн зарах, зэвсэг, цэргийн бааз ар талын хүч зэргийг боломжийн хирээр мэдэн төвд мэдээлж байжээ. Ингэхдээ Г.Гончигдой эх орныхоо даалгаврыг биелүүлж дайсны дунд нэвтрэн орохдоо Хайлаар дахь японы тагнуулын ерөнхий штабт итгэл олж авахын чухлыг анхаарч тагнуулч Инагучи нарын даалгаврыг дуулгавартай хүлээн авах, манжуур баргын хотууд бусад газраар чөлөөтэй явж мэдээлэл цуглуулахын тулд дайсан этгээдтэй харьцах харилцаатай болж ажиллахыг амьдрал шаардсан байна. Жанжин Дэмид түүний мэдээг ихэд үнэлж тагнуулын ажиллагааг үлэмжхэн мөнгө өгүүлж санхүүжүүлж байсны дээр Гончигдойгоос Дэмидэд явуулсан захидлыг шууд дамжуулан авч байжээ. Ийнхүү тэрбээр дөрвөн жил гадаадад сууж нууц үүргээ чадварлаг гүйцэтгэж байхдаа цөөнгүй удаа аюул эрсдэлд орж дайсанд янз бүрээр сэжиглэгдэж байсан баримтууд бий. Мөн Инагүчи нэгэн тагнуулаа өөрийнхөө дүү гэсэн халхавчаар монгол бичиг заалгах халхавчаар Гончигдойн ойр байлгаж хянуулах болжээ. Эцэстээ түүнийг япончууд ноцтой сэжгээр баривчлан мөрдөн байцааж эрүү шүүлт тулгасан удаатай ч Гончигдой арга эвийг нь олон мултарч чадсан юм. Тагнуулч Гончигдой Банчинбогдыг Хайлаар хотод Дүйнхэрийн ван тавиулахаар 1931 онд ирэхэд нь 150 янчаанаар мандал өргөж, хамт яваа хүмүүст нь 25-30 янчаанаар бэлэг өгч, улмаар түүнээс Хамбьн хишиг, тамга шагнуулж, үүнийгээ төвд мэдэгдэж байжээ. Уг ажиллагаанд оролцох нь олон хүн цугларсан газар очиж цэрэг улс төрийн байдал, хүн ардын санаа бодол яриа хөөрөөг сонсож мэдэх сайн талтай ч Банчин Богдод мөргөхөд түвдээс ямар хүмүүс дагаж ирэх, Богдод өргөмөл хүү байдаг эсэхийг мэдэх хүн ирэх үү гэдэг нь аюултай байсан биз. Гэвч судалгааны явцад Жамба Богдын сойвон байгаагүй харин худалдаачин байсан тул Жавзандамба хутагтыг өргөмөл хүүтэй эсэхийг мэдэхгүй нь илэрхий болсон тул энэ байдлаа ашиглан өөрийгөө Богдын өргөмөл хүү гэдгийг Жамбад баттай итгүүлж улмаар Жамбын сойвон байсныг бага балчрын харгайгаар тодор­хой санахгүй байна хэмээн гүрийжээ. Хөлөнбуйр аймагг Г.Гончигдойг үнэхээр хувил­гаан гэсэн итгэлийг улам бүр гүнзгийрүүлсэн төдийгүй Баргын Намгүр хийдийн эзэн хамба болжээ. 1932 оны хавар түвд эм олж авах нэрээр Хайлаар хотод очоод элдвийг ажиглан явсаар ЗХУ-аас оргон очсон засагт лам гэгч Зундуй, буриад Буянбат, Балдандорж, Сэжив нартай уулзахад, улааны хувьсгалыг эсэргүүцэн дарахад оргодол буриад нар болон дүрвэн ирсэн зарим түвд 100 гаруй хүн ирж японы тусламжтайгаар Мүгдэн, Харбин, Чичихар хотуудыг эзэгнэн авч, Манж улсад дагаар орж Лигназийг түшиглэнэ. Энэ тухай өргөн барих бичгийг японы ноёдоор дамжуулах ажлыг бэлтгэж байна. Энэ ажлын хувьд Чин ачит Номунхан та ар монголыг төлөөлөн оролцох хэрэгтэй гэсэнд ар талтайгаа холбоо барихад “явц байдлыг мэдэж байхын тулд оролцох нь чухал” гэж заавар өгчээ. Мөн халх монголоос ирсэн Чин ачит Номунхан, Намгүрийн хийдийн эзэн хамбын хувьд Хөлөн буйрын шашны холбоо найрамдах хурал гэгчийг байгуулах болов. Намгүрийн хийдэд төвлөрүүлэх тухай японы тагнуулын ноёд Инакучи Тарида нарын зааварлан зөвлөснөөр уг шашны холбоог Гончигдой толгойлох болжээ. Түүний Барга нутагт дагуулж гарсан шавь Чойндон, Майдар нар чухамдаа түүнийг тагнуулч хүн гэдгийг огт мэддэггүй зөвхөн Чин ачит Номунхан гэж бүрэн итгэдэг байсан нь нууцлалыг анхнаас нь тун сайн зохион байгуулсны илрэл юм. Японы тагнуулын байгууллага түүнийг сүм хийддээ тогтвортой шавилан суудаггүй, энд тэнд элдэв шалтгаан гарган хэрэн хэсдэг, мөнгө зардал ч элбэгтэй хэмээн ихээхэн хардаж байсныг Гончигдой цаг тухайд нь итгэлтэй сайн нөхдөөс сонсож байсны хувьд тагнуулын ажиллагаа нь эрсдэлд орж байсангүй.  1934 оны эхний хагас гэхэд Баргад япон хүн, японы цэргийн тоо өсөж, БНМАУ-ын зүүн өмнөд хил хязгаар нэн түгшүүртэй болж байгааг Гончигдой цаг алдалгүй мэдээлэхийн хамт эх орондоо буцах зөвшөөрөл хүссээр байвч хариу зөвшөөрөл өгөлгүй үргэлж­лүүлэн ажиллуулсаар байжээ. Гэтэл энэ үед түүнийг улааны тагнуул гэсэн сэрдлэг япончуудын дотор дахин хүчтэй дэлгэрсэн тул үлдсэн ганц шавь Майдарын хамт тагнуулч Шаравынхаа дэмжлэгээр 1934 оны 9-р сарын 16-ны өдөр оргон буцаж иржээ. Эх орныхоо даалгавраар амь дүйсэн асар их хариуцлага бүхий тагнуулын албанд 4 жил зүтгэж ирсний нь дараа хэдхэн хонуулаад 1934 оньг 9-р сарын 20-ны өдөр хувьсгальн эсэргүү японыг тагнуулын хэрэгт холбог­дуулан цэргийн гарамгай тагнуулч Гончигдойг барив­чилжээ. Тагнуулч эрийг 2 жил хорихдоо таних танихгүй олон хүнээр гүтгэлэг зохион байгуулж, амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн юм.  Тусгай арга гэгчийг хэрэглэн ясыг нь цайтал эрүүдсэн байдаг. Гарамгай тагнуулчаа суллахаар хөөцөл­дсөн хурандаа В.Гэндэн­жамц, Б.Очирбат, Ж.Чухал нарыг хэрэгсэж үзсэнгүй, хожим тэднийг бас бүхэлд нь хэлмэгдүүлсэн байдаг.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=