ЭРТНИЙ ХҮМҮҮС САЙХАН СЭТГЭЛТЭЙ БАЙСАН БОЛ ОРЧИН ҮЕИЙН ХҮН ҮҮСЭХГҮЙ БАЙЛАА



Бидний агуйн элэнц, хуланц болох неандертальчууд нь орчин үеийн хүний өвөг дээдэс. Хүний хувьсгал хөгжлийн түүхэнд неандертальчуудыг хайр халамжгүй, зэрлэг, бүдүүлгээр дүрсэлсэн байдаг. Хүний араатан амьтнаас ялгах нэг чанар нь оюун ухаан болон сэтгэл хөдлөл юм. Неандертальчуудыг зэрлэг хэмээн тодор­хойлдог байснаас олон эх сурвалжид сэтгэлийн хөдөлгөөнөө мэдэрдэггүй байсан гэж тэмдэглэжээ. Байгалийн хатуу хууль, уур амьсгал, нөхцөл байдал дунд махчин араатанд бариулах, өвчин эмгэг, золгүй явдлаар үхэх, отог омог нэгтнүүддээ алуулах зэрэг өдөр тутам тулгарах эрсдлийг зоримог давж, амьдрахын төлөө ширүүн тэмцэлд хатуужин неандертальчуудын оюун ухаан хөгжсөөр байсныг үл тоомсорлох аргагүй. Хахир хатуу ч бай нөхцөл байдалд хүн амьд явахын төлөө ажиллаж тэмцэх нь ямх ямхаар боловч уураг тархийг задрааж байдаг процесс. Махыг араатан шиг түүхийгээр нь зулгааж иддэг байсан бол гал олсноор махыг чанах, шарж идэх нь хавьгүй амттай болохыг мэдрэх зэргээр нааштай алхмууд бий болсон нь гарцаагүй.  Эрдэмтэд сүүлийн үеийн судалгаагаар неандертальчууд орчин үеийн хүмүүсийнхтэй адил түвшинд сэтгэлийн хөдөлгөөнөө илтгэж чаддаггүй байсан ч бусдыгаа ойлгож найрсаг харьцахыг хичээдэг байсныг онцлон тогтоов. Ан агнах, жимс хүнс цуглуулах зэрэг хамтын хөдөлмөр нь бие биентэйгээ харьцахгүйгээр, хэн нэгэндээ туслахгүйгээр бүтэшгүй зүйл болохыг амьдрал өөрөө  неандертальчуудын үеэс эхтэй гэж үздэг. Эл баримтыг неандертальчуудаас үлдсэн араг яс ба түүнд хийсэн нарийн шинжилгээнд тулгуурлан гаргаж ирсэн байна. Тухайлбал зарим араг яс зарим нэг эртний хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй байсныг илтгэж буй. Араг ясанд үлдсэн ул мөр тэднийг эмчилж асран халамжилсныг илтгэж байгаа юм. Ийм жишээг эрдэмтэд нэг бус бүр нэлээд олон олдворт ажиглажээ. Мөн өөр нэгэн судалгаагаар эрдэмтэд төрөлхийн сэтгэцийн согогтой неандерталь хүүгийн тархины гавлын ясыг шинжилжээ. Тэгтэл 5-6 насандаа нас барсан байж болох хүүг амьд үлдээхийн тулд ойр дотныхон нь асарч халамжилдаг байв. Үүнээс гадна гар хөлийн яс нь гэмтэлтэй сохор неандерталийн араг ясанд хийсэн шинжилгээгээр бусдын дэмжлэгээр 20 жил амьдарч чадсаныг нь олж тогтоожээ. Эрдэмтэд анхны энэрэнгүй сэтгэл, сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг ан гөрөө хийх явцад бий болсон гэдэгтэй санал нэгдэж байгаа. Үүний сацуу сэтгэлийн хөдлөл үүссэн үечлэлийг дөрвөн үе шатанд хувааж буй.

Зургаан сая жилийн өмнө хүн төрөлхтний өвөг дээдсээс сэтгэл хөдлөл илэрсэн анхны тохиолдол нь бусдыг тухтай амьдруулахын тулд модны мөчир тасдан нуруун дор нь тавих үзэгдлээс эхэлжээ. Харин 1,8 сая жилийн өмнө хүн төрөлхтөнд бусдыг өрөвдөж хайрлах сэтгэл бий болсон гэдэг. Энэ нь эртний хүмүүс өвчтэй нэгнийгээ асран хамгаалж эхэлснээс үүдэлтэй. Тэгвэл 500 мянган жилийн өмнө эртний хүмүүс хамтдаа ан хийж, хүч буурай нэгэндээ ангийн хувиасаа хүртээдэг байжээ. Энэ нь цаашлаад хамтдаа амьдрах нэгнийгээ жинхэнэ утгаар нь хайрлах зэрэг сэтгэлийн хөдлөлийг бий болгосон байна. Мөн 120 мянган жилийн өмнө хүний сэтгэл хөдлөл илүү төгжиж эхэлсэн гэдэг. Бусад хүнийг хооронд нь ялгаж харьцах, ан амьтан, байгаль орчин гээд бүхий л зүйлд хандах хандлага нь өөрчлөгджээ. Түүнчлэн эртний хүмүүсийн сэтгэл хөдлөл боловсронгуй болох явцад тааламжгүй мэдрэмж ч дагаладн бий болсон байна. Хайрлан энэрэх, олдсон хоол хүнсээ өгөөмөр хувааж хэрэглэхийн зэрэгцээ бусдад хорсож, үзэн ядах, юмаа харамлах гэх мэтийн сөрөг сэтгэл хөдлөл ч үндсээ тавьжээ. Британий түүх судлаач П.Сликинс “Хэрэв эртний хүмүүс дан ганц сайхан сэтгэл, энэрэл хайраар амьдарсан бол байгалийн хатуу ширүүн хуулинд тэвчээр заан сөрж чадалгүй устгах байсан. Үр дүнд нь орчин үеийн хүн ч бий болохгүй. Адаглаад араатан амьтнаас бултахын тулд амиа бодох зайлшгүй шаардлага гарна. Өлсөхгүйн тулд олдсон жаахан махаа өгөөмөр тараахын оронд бага ч атугай харамлах, цааш нь хийх нь илүү ашигтай болохыг тэд мэдэрсэн. Үүнийг хүн төрөлхтөний муу чанар гэхээс илүү амьдрал шаардаж байгаа юм” хэмээн тэмдэглэжээ. Агуйн элэнц хуланц маань өөрийн газартай, өмчтэй болсноор сөрөг сэтгэл хөдлөл улам боловсронгуй, нарийн болсон түүхтэй. Энэ нь зүгээр нэг харамлах амиа бодохоос илүү хорлонтой бусдыг хохироох тал руугаа хэлбийж эхэлсэн байна. Бороохой бариад улаан гараараа араатны өмнөөс тулалдахын оронд арай хүч доройдоо багахан юм амлаад явуулсан нь өөрийн аминд өлзийтэй болохыг мэдэрч байгаа юм. Өмч хөрөнгө арвижих тусам энэ мэдрэмж улам нарийсч, авгай хүүхний  илүү сайхан гоёыг нь олж харах, өөрийн болгох арга ухаан боловсруулах. Хүний гараар могой бариулахын гайхамшигтай, бусдыг мөлжих, зарцлан амьдрах нь ямар таатай болохыг мэдрэх зэрэг өнөөгийн орчин үеийн хүний сэтгэл хөдлөлийн сайн, муу бүх шинжийн суурийг тавьжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=