Мэрилин Монро, Жон Кеннеди нарын харилцааны талаарх түүх нь олон жилийн туршид харь гаригийнхны талаарх түүх эсвэл Жон Кеннедигийн үхлийн нөхцөл байдлын мөрдлөгийн нэгэн адил конгресс дээр хэлэлцэх дуртай сэдвийн нэг болжээ. Гэсэн ч Мэрилин Монро нь үнэндээ ерөнхийлөгчийн хамгийн аюултай нууц амраг байсан байж болзошгүй гэдгийг баримт харуулж байгаа юм. Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Жон Ф.Кеннедитэй кино жүжигчин маань 1960 оны дундуур Тахо нуурын эрэг дээр амарч байх үедээ танилцжээ. Гагцхүү тэр үед тэднийг ойр дотно таних хүмүүсийн хэлж байгаагаар Мэрилинд Жон биш, харин түүний бага дүү Роберт илүү таалагддаг байжээ. Жонтой харин 1961 оны аравдугаар сараас буюу түүнийг хэдийнэ ерөнхийлөгч болсны дараа ойр дотно холбоотой болжээ. Уулзалт Калифорнийн Санта-Моника хотод болж өнгөрөв. Тэдний харилцаа хэтэрхий хурдан өрнөсөн нь олон хүний сэтгэлийг зовоож эхэлсэн юм. “Гувер /ХМТ-ны захирал/ галзууртлаа уурлаж байсан тухай цуу яриа сонсогдож байлаа. Тэрбээр олон хүнтэй найзлаж нөхөрлөж байсан, найдваргүй хүний тоонд багтах архаг архичин эмэгтэйтэй ерөнхийлөгч харилцаа тогтоосон нь АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн үзэж Монрогийн араас бүтэн 24 цагийн ажиглалт хийхийг тушаасан” хэмээн ХМТ-ны нэгэн ажилтан өөрийн дурсамжинд бичсэн байдаг. Гаднаас харахад үнэндээ бүх зүйл ёс төртэй, сайхан байв. Мэрилин зөвхөн албан ёсны урилгаар л Цагаан ордонд очно. Түүний 1962 оны тавдугаар сард Кеннедид төрсөн өдрийн мэнд хүргэж байгаа зураг дэлхий даяар тархаж, олон нийтэд ил болов. Үүнээс өмнө Ерөнхийлөгчтэй нууцаар уулздаг тухай Ерөнхийлөгчийг хамгаалдаг нууц албаны ажилтнууд, бас мэдээж хэрэг ХМТ-ны захирал мэдэж байв. Ерөнхийлөгчтэй учирсан явдал нь кино жүжигчний амьдралын хувьд хамгийн богино хугацаанд үргэлжилсэн учралуудын нэг байлаа. Олон хүн ерөнхийлөгч бол жүжигчин бүсгүйн үхлийн жинхэнэ шалтгаан гэж үздэг. Монрогийн цогцос 1962 оны наймдугаар сарын 4-нд өөрийн гэрээс олдсон билээ. Дуудлагаар ирсэн цагдаа Монрог бусдад алуулсан байна гэж үзжээ. Түүнийг нас барах үед түүний гэрт дор хаяж нэг хүн байсан гэдгийг эмгэнэлт явдлын газраас олдсон хөдөлшгүй баримтууд гэрчилж байгаа юм. Гэвч хэдхэн цагийн дараа ХМТ болон цагдаагийнхан огт өөр хувилбарыг дэвшүүлэв. Эцэст нь тэр хувилбарыг албан ёсны гэж зарлав. Холливудын хамгийн алдартай одын оньсого шиг үхлийн талаарх хэргийн мөрдлөг маш хурдан өрнөж, мөн хэрэг мөрдөлтөнд хамаатай хүмүүс янз бүрийн золгүй явдалд нас барж эхэлсэн нь олон түмэнд анзаарагдалгүй өнгөрөөгүй юм. Өнгөрөгч онд явагдсан санал асуулгаас харахад ихэнх америкчууд Мэрилин АНУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой байсан учраас л алуулсан гэдэгт итгэлтэй байгаа юм. “Тэр хэтэрхий ихийг мэдэж байсан, түүнийг удирдах боломжгүй байсан, тиймээс улс орны хувьд аюултай байсан нь гарцаагүй учраас л мафийн зуучлагчдын тусламжийг авалгүйгээр алах хэрэгтэй болсон” хэмээн Монрогийн намтар судлаач ярьсан байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.