ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН



Чиг зүггүй тэмцэлдсэн Баруун, Зүүн гурван түмнийг

Чинхүү дайчин ухаанаар амиа золин нэгтгэж

Чингисийн төрийн голомтыг дахин сэргээж бадраасан

Чилгэр баатруудын өлгий-Мандухай хатны тусгаар тогтнол...

Үндэсний эрх чөлөөний арван нэгэн оны тэмцэл

Өвөрлөгч түмнээ чөлөөлөх “Гурван замын байлдаан”-д 

Өрлөг жанжин хийгээд “Манлай”, “Хатан” баатруудыг

Үнэнхүү зоригоор нь тодруулсан-Богд хааны тусгаар тогтнол...

Манарсан дайны хөлд сүйдсэн улсаа аврахаар

Намирсан тугийн дор сүрлэг жагсаалаар хөдөлж

Нөмөрсөн гамин, бароныг сүрэглэн довтолж хөнөөсөн

Нүргэлсэн хувьсгалын уухай-Сүх жанжны тусгаар тогтнол...


Баруун, зүүн хязгаарыг элбэн тохинуулахын хамтаар

Байтаг богд, Халхын гол, Чөлөөлөх дайны

Баатарлаг гавъяа шагналыг энгэр дүүрэн яралзуулсан

Бадрангуй тэмцлийн буухиа-Дөчөөд оны тусгаар тогтнол...

Бүх дэлхий даяар, НҮБ-ын индэр дээрээс

Бүгд Найрамдах Монгол Ард Улсынхаа

Бүрэн эрхийг тунхаглан омог бардам зарлаж

Бүтэн амьсгалж эхэлсэн-Жараад оны тусгаар тогтнол...

Тэртээ 1600-гаад оноос хорьдугаар зууны жараад он хүртэл гурван зуу гаруй жилийн туршид мөрөөдөж ирсэн монголчуудын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл хэд хэдэн үe шаттай, үe шат болгондоо олон арван эх орончийн амийг авч одсон түүхтэй. Ялангуяа 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөний үeэр Богд хааны тодруулсан зуун нэгэн баатраас ихэнх нь амь насаа алдсан. Гэвч 1915 оны Хиагтын гэрээгээр Хаант Орос ба Хятадын шахалтаар Монгол улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх автономит буюу өөртөө засах улс болгосон. Тэгж байтал 1919 онд Хятадын цэргийн эрхтэн Сүй Шү Жан Монголын нийслэл Өргөөг эзэлж, 1921 онд жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй манай хувьсгалчид эх орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарлав. Төдөлгүй 1924 оны 11-р сарын 26-нд монголчууд анхны Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улс болж, улмаар 1945 онд болсон Ялтын бага хурлын үр дүнд Монгол улсын тусгаар тогтнолыг Зөвлөлт, Хятад хоёр албан ёсоор хүлээн зөвшөөрч Монгол улсын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажсан түүхтэй. Энэ хугацаанд олон арван эх оронч амь насаа алдсан нь бүгд л тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсантай нь холбогддог. Жишээ нь Да лам Г.Цэрэнчимэд, Чин ван М.Ханддорж, Түшээ гүн Г.Чагдаржав, Сайн ноён хан Т.Намнансүрэн, Дамбын Чагдаржав, Догсомын Бодоо, Солийн Данзан, Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар гэх мэтээр цуварч өгнө. Эдгээр хүмүүсийн зарим нь цаазлуулж, зарим нь учир битүүлгээр хороогдсон байдаг. Ийнхүү олон арван эх оронч амь насаа өргөсөн тусгаар тогтнол маань бидэнд асар их үнээр ирсэн байх аж. Тусгаар тогтнолын хамгийн гол үнэ цэн үүнд л оршино. 

Түүн лүгээ Өвөрмонголчууд тусгаар тогтнолоо олох гэж Дэ вангаас эхлээд мөн л олон арван эх орончоо үгүй хийсэн байдаг. Тэглээ ч тусгаар тогтнолоо олж авч чадаагүй. Харин бид өвөрлөгч нарын хажууд маш их азтай улс. 

Өвөрлөгч ахан дүүсийн хувьд тусгаар тогтнож чадаагүйн зовлон ямар их уй гуниг дагуулдаг болох нь одоогоос хоёр жилийн өмнө нэгэн зүйл дээр маш тод анзаарагдаж билээ. Тэр үeд Бээжингийн засгийн газраас тус нутгийн зарим хошуудад монгол хэлээр хичээл орохыг хориглож, бүх хичээлийг хятадаар заах шийдвэр гарснаар үндэсний бичиг соёл, эх хэлээ авч үлдэх гэсэн өвөрмонголчуудын тэмцэл эхэлсэн. Тэгтэл Бээжингийн удирдлага үүний эсрэг Өвөр Монгол улсын тэргүүн Бу Шо Лин хэмээх хатагтайг сөргүүлэн тавьсан. Энэ хүн бол Өвөр Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж яваад хэлмэгдэж хохирсон Улаанхүү даргын ач охин. Цэвэр өвөрмонгол хүн. Гэвч түүнд эх хэлээ өмөөрч босох тэнхэл байсангүй. Яалт ч үгүй дээрээс өгсөн тушаал болохоор буруу харж уйлаад, зөв харж инээгээд л үндэснийхээ хэл соёл, бичиг үсгийг устгах аянд мордсон. Тиймээс өвөрмонголчууд түүнд бухимдахдаа: "Та монгол хүний үр сад юм бол эх хэлийг минь устгах гээд байгаа хятад дарга нарын эсрэг үгээ хэлж болохгүй юу. Таньд Өвөр Монголыг захирч суух тийм бачим хэрэгцээ тулгарав уу? Тийм биш бол та өвөрмонголчуудынхаа өмнөөс шударга үг хэлээч. Өндөр албанаасаа хийсгэгдэнэ гэж айгаад байгаа бол тань шиг дарга бидэнд хэрэггүй. Бушуухан огцор" гэж шаардаж байв. Гэвч цаанаа бол Бу Шо Лин хатагтайд маш хэцүү байсан гэдэг. Бээжингийн даалгаврыг биeлүүлэхээр Хөх хотоос Шилийн гол аймагт очсон оройгоо "Маргааш би яах вэ, элэг нэгтнүүдийнхээ өөдөөс юу хэлэх вэ?" гээд уйлж байсан гэдэг шүү. Чухам энэ үeд л түүнд тусгаар тогтнол гэдэг нь ямар агуу, ямар их үнэ цэнтэй болох нь ойлгогдсон биз. Энэ хатагтай хорин сая хүнтэй Өвөр Монголыг удирдаж байгаа хэрнээ өөрийнхөө дураар Монгол улсад зорчих эрхгүй, улсаа төлөөлөөд гадаадын улс орноор зочилох эрхгүй л суудаг юм гэсэн. Тэгтэл тусгаар тогтносон манай улсын дарга сайд нар дэлхийн аль ч улсад албан ёсны айлчлал хийх бүрэн эрхтэй. Өнөөдөр манай eрөнхийлөгч Москвад очоод Путинтэй гар бариад, маргааш Вашингтонд очиж Байдантай гар бариад явах нь eрөөсөө л асар их үнээр олдсон тусгаар тогтнолын маань л ач гавъяа юм.

Уг нь “Өөртөө засах эрх” гэдэг нь өвөрлөгч нар дотооддоо болж буй үйл явдлыг өөрсдөө засах, харин Өвөр Монголтой холбоотой гадаад асуудлыг хятадууд засах тийм зарчимтай. Тэгтэл өнөөгийн өвөрмонголчууд “Өөртөө засах” гэдэг хоосон нэрнээс цаашгүй, адгийн наад зах нь гэхэд л өөрсдийнхөө ярьж хэлж байгаа эх хэлээ ч "Өөртөө засч" чадахгүй суугаа нь эмгэнэлтэй. Харин бид бол тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг бүрэн дүүрэн эдэлж сууна. Бидний эрх дарх хэтэрсэн үү? гэхээс багадаагүй. Ямар сайндаа л саяхан болж өнгөрсөн хүний эрхийн өдрөөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн монголчуудын эрх хэтэрчихсэн гэх утгатай ярилцлага гарч олон хүний дургүйг хүргэж орхисон. Гэвч энэ бол хатуу ч гэсэн үнэн үг байсан. Учир нь бид тусгаар тогтнолынхоо эрхийг бүрэн эдэлж чадаж байгаа хэрнээ үүргээ биeлүүлж eр чадахгүй байгаа. 

Агуу их бүрэн эрхт тусгаар тогтнолыг өөр бусад хэд хэдэн тусгаар тогтнол дагалдаж явдаг. Жишээ нь арга талын тусгаар тогтнол, билэг талын тусгаар тогтнол, орон зайн тусгаар тогтнол, эрүүл мэндийн тусгаар тогтнол, эдийн засгийн тусгаар тогтнол, хэлний тусгаар тогтнол, цусны тусгаар тогтнол гэх мэт. Эндээс хамгийн чухалд тооцогддог эдийн засгийн тусгаар тогтнолыг онцлон яръя. 

Бид үнэндээ эдийн засгийн тусгаар тогтнолоо хятадуудад аль хэдийнэ алдчихсан. Энэ нь саяханаас Эрээний хил хаагдахад бүрэн дүүрэн нотлогдов. Талхныхаа гадна талын гялгар уутыг, шахмал түлшнийхээ шуудай, нүүр гарын саван, шүдний оо, аяга сав, дэвтэр харандаа энэ тэр гээд бидний өдөр тутмын бүхий л хэрэглээ Хятадын нэг жижигхэн хот Эрээнээс хамаарч байна. Бас хүнсний хэрэглээнийхээ 70-80 хувийг гадаадаас авч байна. Энэ бол үндэсний эмгэнэл. Хичнээн сайхан тусгаар тогтнол байлаа гээд эдийн засгийн тусгаар тогтнолоо бүрэн алдаад eрдөө л нэг хэрэглэгч ард түмэн болчихоод байгаа нь гутамшиг. Тэгтэл бүрэн эрхт тусгаар тогтнолгүй өвөрмонголчууд ахуй байдлын хувьд биднээс хавьгүй илүү амьдарч байна. Агуу их Хятадын далбаан дор оршин байгаа тэд ядахнаа үйлдвэрлэгч болчихсон. Бас их хөдөлмөрч, зах зээлийн мэдлэг, ухаан сайтай. Тэд үр хүүхдээ ч ийм л замаар сургаж байна. Харин манай хүүхэд багачууд ямархан замаар замнаж явна вэ? 

2018 онд яруу найрагч Д.Пүрэвдорж агсны "Тусгаар тогтнол" шүлгийг “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч Монгол Улсын газрын зураг гарган Сүхбаатарын талбайд зогсоод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт уншиж байв. Энэ бол сайхан хэрэг. Гэхдээ эдийн засгийн тусгаар тогнолоо гадны улс оронд алдчихаад, 32 тэрбум ам.долларын өрөнд баригдчихаад "Тусгаар тогтнол" гэж хичнээн хашгираад ямар хэрэг байна аа. Энэ мэтээр цээжээ дэлдээд байж хэн ч чадна. Манай эрдэмтэн судлаачид Монгол улсын гадаад өрийг гурван сая хүн амд хуваахад нэг хүн 28 сая төгрөгийн өртэй гарч байгаа. Харамсалтай нь манай хүүхэд багачуудад энэ талын ямар ч мэдлэг, мэдээлэл алга. Саяхан би Хужиртын амралтанд амарч байхдаа тус нутгийн Eрөнхий боловсролын сургуулийн "Номын хүч" бүлгэмийнхэнтэй уулзалт-ярилцлага хийв. Тэгээд хүүхдүүдийн дунд нэг асуулт тавилаа. Зөв хариулсан хүүхдийг 200 мянган төгрөгөөр шагнана гэж амлав. Асуулт маань ийм.

-Монгол улсыг зовоогоод байгаа гадаадын нэг хүчин зүйл бий, тэр юу вэ?

Авилга, уул уурхай, архидалт, ажилгүйдэл, ядуурал, боловсрол, багш нарын цалин, үр хөндөлт энэ тэр гээд хүүхэд болгон янз бүрийн л юм хэлж байна. Энэ мэтээр арав гаруй минут мэтгэлцсэний эцэст нэг жаахан охин "Өр" гэж хэлээд 200 мянган төгрөгөөр шагнуулав. Eр нь хүүхдүүд өөрсдийгөө 28 сая төгрөгийн өртэй гэдгээ мэдэж байх ёстой. Яагаад гэвэл энэ их өрийн хүү болоод хүүгийн хүү хожим өнөөгийн хүүхэд залуусын нуруун дээр л бууна шүү дээ. Тиймээс одооноос тэд хөдөлмөрч болохын сацуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж, эх оронч болж төлөвших ёстой. Тэгээд ч эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг нь eрдөө л НҮБ-ын гишүүн байх төдий биш, бас өөрийн дархан хил хязгаартай, газар нутагтай байх тухай ойлголт биш бөгөөд тусгаар тогтнолын эцсийн зорилго, үнэ цэн бол хөгжил дэвшлийн оргил өөд тэмүүлсэн, хөгжингүй, ямар ч цаг үeд биeэ даасан хүчирхэг улс байх ёстой. Тэрнээс биш Эрээний хил хаагдмагц модоо барьдаг, оросууд шатахуунаа гацаахад хэдэн машин тэрэг нь нам зогсдог ийм хэврэг дорой тусгаар тогтнол бидэнд хэрэггүй.

Саяхан болж өнгөрсөн МАН-ын 30-р их хурал дээр Eрөнхий сайд Оюун-Эрдэнэ ганц зөв хэллээ. Тэрбээр, 

-Монгол Ардын Нам өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг Та бидэнд ногдлоо! хэмээв.хэмээв. Манай улс төрчид тусгаар тогтнол хэмээх агуу зүйлийн үнэ цэнийг одооноос л ойлгож эхэлж байна. Энэ бол сайн үйлсийн эхлэл. Бид ингэж өвөг дээдсийнхээ алтан амиа дэвсэн байж өвлүүлсэн тусгаар тогтнолыг тэргүүн шатанд гаргаж, улс орноо хөгжил дэвшил, хүчирхэг байдлаар дархлан баталгаажуулах ёстой. Ийм эх орончид бидний дундаас олноороо төрөх болтугай! 

Ингээд тусгаар тогтнолын үнэ цэнийг бүрнээ шингээсэн “Миний бахархал” хэмээх найргаараа шүлгэн цацал өргөе.  

Эртнээс янагш арвидан соёолох нигууртай эх орон минь 

Эсрүүн хурмаст өөд цойлсон тансаг, тансаг харшгүйгээр 

Эрин зууны хөгжлөөс хол тасарлаа, яадаг билээ гэж ганихардаг ч 

Этүгэн эх газрын хэвлийд буман жилээр буцлан буй 

Эмтлээд холтлоод баршгүй эрдэнэс байна, ямрав дээ гэж би гайхуулдаг аа!

Тив дэлхийн хот балгадаас онцгой содон эх орныхоо 

Тэнгэрээс заяагдсан чилгэр хатуу уур амьсгал 

Тэсэргэн жавар, хахирган зудыг яалтай ч билээ гэж халширдаг ч 

Тэнд эндхийн түрэмгий дайнч улс шиг 

Тэсрэх бөмбөг, исгэрэх сумгүй, ямар гоё вэ гэж би тайтгардаг аа!

Ээлийн буянтай хэрнээ зээлийн паянтай эх оронд минь 

Элбэг амьдрал, дүүрэн жаргалыг багц багцаар нь бэлэглэх 

Ир нь ханасан бурхан дээдэс хомсхон, яана даа гэж халагладаг ч 

Эцэг өвгөдөөс эрхшээсэн хангал авъяас, монгол ухаан байсан цагт 

Эцэсгүй хөврөх зовлон гачаалийг ялахдаа л нэг ялна гэж би дүрэлздэг ээ!

Галав юүлтэл догшрох хөнөөлт усан давалгаа 

Галт уулын дэлбэрэлт, ангамал халуун цөл 

Газар хөдлөлт хийгээд далайн хар салхи 

Гай барцад, гарз хохирол, гамшиг зовлон мэтийн 

Гаслангийн дуунаас хол хөндий эх оронтойдоо би бахархдаг аа!



Зохиолч Б.Ойдов


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=