"ИМАРТ", БАЯНЗҮРХ ХУДАЛДААНЫ ТӨВД ТАНДАЛТ СУДАЛГАА ЯВУУЛСАН


"Имарт" болон Баянзүрх худалдааны төвд хөл хорио тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэнтэй холбогдуулан өнөөдөр албаны хүмүүс дараахь мэдээллийг өглөө.  Тус төвөөр үйлчлүүлсэн хүмүүсээс шинжилгээ авсан ба сүүлийн гурав хоногт үйлчлүүлсэн иргэдэд өөрсдийгөө 14 хоног тусгаарлах зөвлөмж өгчээ.

-Дээрх худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэдийн шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

А.АМБАСЭЛМАА: Хүн амын дунд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд "Имарт", Баянзүрх захад тандалт судалгаа явуулж, 500 гаруй хүнээс шинжилгээ авсан. Цаашид худалдаа, үйлчилгээний бүх төв, захаас тандалтын сорьц авна.

-Улсын хэмжээнд Сovid-19-ийн хэчнээн голомт байна вэ. "Имарт" болон Баянзүрх захыг халдварын голомтод бүртгэсэн үү?

Д.НАРАНГЭРЭЛ: Улсын хэмжээнд Сovid-19-ийн нийт есөн голомт байна. Голомтуудын цар хүрээг цомхотгох арга хэмжээ авч байна.

-Хүн амыг вакцинд хэрхэн хамруулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Д.НАРАНГЭРЭЛ: Эхний ээлжинд эрсдэлт бүлгийн иргэдээ вакцинжуулалтад хамруулна. Нэн тэргүүнд эмч, эмнэлгийн ажилтнууд болон хууль хүчний байгууллагын алба хаагчид, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс, сургууль, цэцэрлэгийн багш нарыг вакцинд хамруулна. Дараа нь бусад эрсдэлт бүлгийг хамруулахаар төлөвлөсөн.

-Улаанбаатарт нэг өрх-нэг иргэн шинжилгээг ямар байдлаар зохион байгуулж байна вэ? Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийг хэрхэн хамруулж байна вэ?

Д.НАРАНГЭРЭЛ: Халдварын кластер голомтын нийт 4325 ойрын хавьтлыг илрүүлэн шинжилгээ авсан. Гэхдээ шинээр голомт үүсэх бүрт ойрын хавьтлуудыг илрүүлж, шинжилгээ авах ажлыг зохион байгуулна. Нэг өрх-нэг иргэн шинжилгээг хүн бүр дураараа өгөхгүй. Иргэдэд утсаар мэдэгдсэний дагуу шинжилгээ өгөх хэрэгтэй.

-Нийтийн тээврийн жолооч нарын шинжилгээний хариу гарч дууссан уу? Мөн эрсдэлтэй бүлэгт ажиллаж буй ажилчдыг Сovid-19 илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа юу? Ялангуяа өчигдөр Баянзүрх, "Имарт" худалдааны төвүүдээр сэжигтэй тохиолдол үйлчлүүлсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаж, олны анхаарлыг татлаа.

Д.НАРАНГЭРЭЛ: "Имарт", Баянзүрх худалдааны төвийн тухайд олон хүн бөөгнөрөх эрсдэлтэй онцгой объект учраас халдварын сэжигтэй онцгой объект гэж үзсэн. Сэжигтэй тохиолдлыг өвчлөл гарсантай адил тооцож, халдвар эсэргүүцэх арга хэмжээ зохион байгуулж ажилладаг. Иймд халдварын голомт гарсантай адил тухайн голомтод буй хүмүүсээс шинжилгээ авах, ариутгаж халдваргүйжүүлэх зэрэг арга хэмжээ авлаа. Худалдааны байгуулллага эрсдэл өндөр тул энэ салбарт ажилладаг хүмүүсийг үе шаттайгаар шинжилгээнд хамруулна.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=