ГАНДАНГИЙН ЛАМЫН ЗОХИОСОН КОРОНАВИРУСЫГ УСТГАХ "УХААЛАГ ҮРЭЛ"


Хүн төрөлхтөнийг айдаст автуулаад буй Коронавирусыг хэрхэн дарж авах вэ? гээд олон улсын анагаахын шилдэг эрдэмтэд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мухардалд орлоо. Ямар сайндаа Холливудын алдарт жүжигчин Жеки Чан “Коронавирусаас хамгаалах эм, вакцин зохиосон хүнд хувиасаа 1 сая юань бэлэглэнэ” хэмээх билээ. ДЭМБ болон Хятадын шилдэг профессор, эрдэмтэд коронавирусээс хам­гаалах эм, вакцин, тариа гаргаж авахын төлөө өдөр шөнөгүй 24 цагаар лаборитарид ажиллаж байна.
Гэтэл дэлхийн шилдгийн шилдгүүд үхэлд хүргэх CoVid19 вирусаас хамгаалах эм, бэлдмэлийг гаргаж чадаагүй байхад манай Гандантэгчилэн хийдийн хэдэн лам ганц хоногийн дотор коронавирусээс хамгаалах үрэл зохион бүтээж, туршилтанд оруулжээ. Мэдээж үрэл зүүсэн сармагчин ч юм уу, туршилтын туулай мөнөөх аймшигт вирусээс халдвар аваагүй гэнэ. Үүнд та бид эхлээд шүүмжлэх, хардахаасаа өмнө зуун хувь итгэх ёстой. Манай лам хуврагууд бол дээд хүч, бурхан, нөгөө ертөнцтэй үүрэн телефон, интернетээр бус эрхи, зоос, шоогоор шууд холбогддог хосгүй ид шидтэй тул CoVid19 вирусээс хамгаалах үрэл зохион бүтээхэд ямар ч явдал болсонгүй.
Тиймээс манай Гандангийн лам хув­рагууд баяр хөөртэйгөөр мөнөөх ид шидтэй үрлийг уртасгасан цагаар үйлдвэрлэж эхэлжээ. Гандантэгчинлэн хийд­ийн, гадаад харил­цааны албаны дарга лам Э.Баасантогтох энэ талаар мэдэгдэхдээ “Энэ айхтар өвчнөөс сүсэгтэн олноо сэр­гийлэх­ийн тулд манай Гандан үрэл зохиосон. Мөн Манал, Лүйжин, ерөөлийн номуудыг дацангууд хувааж авч хурсан. Ингээд Гандангаас тусгайлан бэлтгэж хийсэн үрлийг ард түмэндээ тараана. Уг үрлийг биедээ зүүснээр маш ач тустай юм. Үрэлд есөн төрлийн эмийн түүхий эд орсноос гадна номын хүч шингээж аравнайлсан учраас элдэв өвчин, зовлон, хэл амнаас сэргийлэх зэрэг олон ач тустай. Үрлийг заавал Гандангаас авсан улаан утсанд ороож зүүхээс гадна энгэртээ ойр байлгаж, үрлийн үнэр нь өөрт аль болох үнэртэж байхаар зүү! Үрлийн үнэр тархаж байгаа газарт элдэв муу вирусийг устгах нигууртай. Эхний ээлжид эмч нартаа тараана” гэжээ. Ямар сайхан мэдээ вэ? Дундад зуунд дэлхийн талыг эзэлж байсан Монголчууд бид ХХI зуунд хүн төрөлхтөнийг хуйхаар нь айдаст автуулаад байгаа коронавирусээс зуун хувь хамгаалах “эм, бэлдмэл” зохиочихлоо шүү, таминь. Тэр шидтэй үрлийг зохиосон хүмүүс нь манай эрдэмтэн, профессор, докторууд биш бүрэн бус дунд боловсролтой лам нар гээд бод. Монголчууд бид IQ-аараа дэлхийд тавдугаар байранд ч биш нэгдүгээр байранд ордог гэдгийг энэ бүхэн харууллаа. Гайхамшиг ганцхан “Өргөө” кинотеатрт биш Гандантэгчинлэн хийдэд үргэлжилдэг юм байна.
Энэ үрлийг юу гэж нэрлэх талаар манай лам хуврагууд маргалдаж, мэтгэлцэж байгаад “Ухаалаг үрэл” гэж нэрлэхээр шийджээ. Яагаад гэвэл өнөөгийн хүүхэд залуусын хүсэл мөрөөдөл бол Өмнөд Солонгосын “Самсунг”, Америкийн “Apple” компаний үйлдвэрлэж буй ухаалаг гар утас гэдэгтээ та бүхэн санал нийлэх байх. Ухаалаг утас бол хүний хэрэгцээ болохоос биш эрдэнэт хүний алтан амийг хэзээ ч аварч чадахгүй. Мөн Гандангийн лам нарын бүтээсэн ухаалаг үрэл нь зөвхөн коронавирусээс гадна ханиад томууны бүх вирусээс таны эрүүл мэндийг найдвартай хамгаалаад зогсохгүй, номын хүч шингээж, аравнайлсан тул өвчин зовлон, хэрүүл хараалаас ч сэргийлэх давхар үйлчилгээтэй ажгуу. Манай лам нар бүтээсэн үрлээсээ хэдэн ширхэгийг битүүмжилсэн хайрцагт хийгээд шуудангаар жүжигчин Жеки Чанд явуулсан байна. Нэг сая юань ч удахгүй Төв Гандангийн хамбын дансанд орох нь дамжиггүй. Өнөөдрийн байдлаар ухаалаг үрлийнхээ дээжийг манай лам нар улсынхаа Аюулгүй байдлын зөвлөлийн гурван эрхэмд, УИХ-ын 76 гишүүн, сайд дарга нарт өгч, хүзүүнд нь зүүлгээд төрийн дунд шатных руу оржээ. Хүндээ хүрч үйлчилдэг Гандангийн лам нар маань тун удахгүй ухаалаг үрэл өгөхөөр танай хаалгыг тогших болно.

                                                                                                                                                Д.БУЯН

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=