КЕМЕРОВО МУЖИЙН ЗАХИРАГЧ АЛМАС БАРЬСАН ХҮНИЙГ 1 САЯ РУБЛИЭР ШАГНАХАА АМЛАЖЭЭ



2012 оны арван­нэг­дүгээр сар­ын 13-нд ОХУ-ын Кемерово мужид “Алмасын өдөр”-ийг анх удаа тэмдэглэжээ. Үүнээс хойш тасралтгүй энэ баярыг ОХУ-ын Кемерово мужид өргөн дэлгэр тэмдэглэдэг болов. Харин энэ баяр алмасыг хайх ээлжит аяны эхлэл болсон юм. Кемерово мужид алмасыг харсан хүмүүс цөөнгүй байдаг, нэг үгээр хэлбэл алмасын нутаг гэж хэлж болохоор учир ийнхүү “Алмасын өдөр”-тэй болжээ. Алмасыг үзэхсэн гэж хамгийн их хүсдэг хүмүүс энэ үеэр тус мужид ирж, нутгийн анчидтай хамт тайгыг зорьжээ. Энэ нууцлаг амьтныг олох юмсан гэсэн хүслээс гадна хэрэв түүнийг олбол нэг сая рублиэр шагнана гэсэн эрх баригчдын амлалт эрэл хайгуул хийхэд хүмүүсийг зоригжуулжээ. “Алмасыг авчирсан хүн шагнал авна” гэж Кемерово мужийн захирагч Аман Тулеев нотлон илэрхийлээд “Бид алмастай ярилцаж хамт цай ууцгаана” гэж наргиа болгон нэмж хэлсэн байна. Алмасыг барьж ирсэн хүний шагналд олгох мөнгийг ивээн тэтгэгчид гаргах бөгөөд бэлнээр төлөх ажээ.
Алмасын хайгуулд олон жил явж байгаа мэргэжилтнүүд энэ амьтан Кемеровоос 500 км-ын зайтай орших Арзассын агуйд амьдардаг байж болох юм гэж үздэг байна. Энэ хачирхалтай амьтан тэр нутагт үзэгдэх нь үлэмж олширсон гэж судлаачид нотолжээ. Энэ зун Алтайн алмасууд ойн түймрээс зугтааж Кузбас руу явж байсан гэнэ. Одоо алмасууд нутгийн баавгайнуудтай “байлдаж” тэдний агуйг булааж авч байна гэж “Алмасын хайгуулд” аянд оролцогчид нотолжээ. Тэд Уулын Шорид гурав дахь жилдээ ажиллаж байгаа аж. “Алмасууд ойд 3-4 метр урт модны гол, хуурай, нойтон мөчрөөр янз бүрийн хэмжээтэй пирамид маягийн юм хийж, эсвэл гуалинг нугалж, мушгиж байна. Үүний тулд асар их хүч хэрэгтэй хүн ингэж чадахгүй. Баавгай ийм ажил хийдэггүй. Үүнийг тэд оромж болгон хийж байна гэж бид бодсон чинь ердөө хөдөлмөрийн зэвсэг нь байжээ” гэж Алмас судлалын олон улсын төвийн захирал Игорь Бурцов мэдэгджээ. Алмас тийм зэвсэг хэрэгслийн тусламжтайгаар оршин суугаа газраа “шүүрдэж”, өөртэйгөө адил амьтадтай харьцдаг гэж Игорь Бурцов нотолж байна. Тэр алмасуудтай тааралдаж байсан, нүдээр үзсэн хүмүүстэй уулзаж ярилцаж байжээ. “Бид бас эдгээр амьтан ярьж чаддаг гэсэн мэдээлэл олж авсан. Хүний хэлээр хазгай мурий ярьдаг ч хүмүүстэй ямар ч байсан ойлголцож чаддаг юм байна. Ийм учраас бид түүнийг хүн, гэхдээ өөр төрлийн хүн гэж үзэж байна. Би бол түүнийг алмас биш холимог хүн гэж нэрлэмээр байна” гэж судлаач нэмж хэлсэн байна.
Энэ хавар Уулын Шорийн анчин Кабырза голын нимгэн мөсөнд цөмөрч унасан алмастай төстэй амьтныг аварчээ. Афанасий Кискоров анчин найз нарынхаа хамт загасчилж байхдаа мөс цөмрөх хүчтэй чимээ, чанга хашгираан сонсчээ. Анчид хашгираан сонсогдсон тэр газарт гүйж очоод эргээс барагцаалбал 10 метрийн зайд гол дотор асар том хачин амьтан байхыг олж харсан байна. Тэр амьтан хүрэн хар үсээр бүрхэгдсэн, хүнтэй адилхан амьтан байжээ. Кискоров түүнд бушуухан модны мөчир ойртуулж өгөхөд өнөөх амьтан түүнээс барьж аваад эрэг дээр мөлхөн гарч ирж, дараа нь ойд алга болсон гэнэ. Кемерово мужийн захиргааны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, Сензасын Кичи гэдэг тайгын маш бөглүү тосгоны оршин суугч Афанасий Кискоров болсон явдлын тухай дүүргийнхээ захиргаанд захидал бичжээ. Захидалд Кискоров болон өөр нүдээр үзсэн гурван гэрч гарын үсгээ зурсан байна. Энэ мэт домогт алмасын тухай яриа хэдэн зуугаар биш мянгаар байдаг. ЗХУ-ын үед түүнийг эрж хайх ажлыг бүр төрийн хэмжээнд явуулдаг байжээ. Алмасын мөрийг Канад, Европын орнууд, Монгол, Азербайжан, Тажикстан, Орос гээд дэлхий даяар хайж байна. Тэр ч байтугай Түвдийн өндөр уулсаас олдсон алмасын хөлдүү цогцсын гэрэл зураг байдаг. Энэ цогцсоор шинжлэх ухаан алмас байгаа эсэхэд хоёр хуваагддаг асуудалд нэг мөсөн хариулт өгсөн юм. Тэгэхээр өдгөөг хүртэл алмас хүмүүсээс сурмагаар нуугдаж амьдарсаар бай­гаа бөгөөд хэн ч барьж чадаагүй байна. Алмас байгаа газарт дөхөж очиход шувууд дуугарахаа больдог. Алмастай дайралдахаараа хүмүүсийн нүд нь юм үзэхээ больж, толгой нь их өвддөг. Мөн даралт нь ихэсдэг гэсэн цуурхал байдаг. Алмасын байж болох газрыг мөсөн голыг ойгоос заагалж тусгаарласан цасан зах хөвөө газар гэж үздэг. Зарим алмас агуйд, зарим нь модны оройд үүрэнд амьдардаг байна. Энэ хавар Оросын Ямалд алмасын мөр дахин олжээ. Нутгийн анчин зургийг нь гар утсаараа авсан байна. “Энэ алмасын мөр овоо тод гарсан анхны тохиолдол юм. Алхамын урт хоёр метр, тавхайн урт 50-60 см байсан. Энэ бол намгаар явахад өмсдөг улавч биш хүний нүцгэн хөлийн мөр гэдэгт би итгэлтэй байна. Энд жинхэнэ алмас явжээ” гэж дээрх олдворыг эрдэмтэн Павел Ситников тайлбарласан байна. Мужи, Горки, Азовы тосгоны хоорондын гурвалжинд оршин суугчид хэдэн жил болоод л үл мэдэгдэх амьтны мөр олдог ажээ. Тэр нь хоёр хөлөөрөө явдаг амьтны мөр болох нь илэрхий байдаг байна. Хумсны мөр байхгүй учраас баавгайн мөр биш болж таарав. Тэгээд тэр мөн юуных бол?
Хятадын тариачдын нүдэнд олон зууны турш “Ежань” харагдаж байгаа гэдэг яриа хөдөө нутагт тархжээ. 1970-1980-аад онд Хятадын хүн ам цөөтэй ойрхон нутагт алмасыг ажиглахыг оролдсон байна. Олдсон туг үс, мөр, оршин байгаа газар зэрэг нь Европын алмастай ойролцоо байжээ. Гэхдээ алмас байдаг гэсэн үнэмшилтэй нотолгоог олж чадаагүй байна. Гэвч Хятадын эрдэмтэд төв Хятадын Хэбэй мужид амьдардаг алмастай төстэй учир битүүлэг амьтныг хайхад 1,5 сая доллар зарцуулахаар төлөвлөжээ. Таван хэсэг судлаач “хятад” алмасыг хайх болно. Хэсэг тус бүр нутгийн оршин суугчдад алмас хамгийн олон харагдсан районуудыг самнан хайх ажээ. Британийн “The Guardian” сонинд бичсэнээр, эрж хайж байгаа зүйлийн тухай тодорхой зүйл бага, гэвч байгаа мэдээлэл нэлээд аймаар. Нүдээр үзсэн хүмүүсийн гэрчилж байгаагаар, энэ амьтан хоёр метр өндөр, улаан хүрэн үсээр бүрхэгдсэн арьстай, сексийн ханашгүй дур хүсэлтэй байдаг гэнэ. Хэбэйн эмэгчин алмасууд нутгийн эрэгтэйчүүдийг хүчиндсэн тохиолдол доод тал нь хоёр тодорхой болжээ. Тийм будлианы нэг нь 1983 онд болж, тэр ч байтугай Барууны сонинуудын хуудаснаа гарсан байна. Хэсэг алмас нэгэн тосгонд дайран орж, айж балмагдсан эрэгтэйчүүдийг хүчиндсэн байна. Эрэл хайгуул ийм аюултай ч хайгуулыг зохион байгуулагчид ажлаа дуустал гүйцэтгэхээр шийджээ. Мөн манай улсад ч алмас байгаа талаар олон эх сурвалжууд баталдаг. Алмастай нөхцөж, хүүхэд гаргасан хүүхэн хүртэл байсан бөгөөд харамсалтай нь нутгийнхан түүнээс цээрлэснээс болж, эцэг нь охиноо өөрийн гараар хөнөөсөн тухай нэгэн яриа бий. Энэ мэтчилэн алмасын тухай домог яриа үргэлжилсээр байгаа ч өнөөг хүртэл барьж чадаагүй байна.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=