БАГА НАСНЫ ОХИДТОЙ ГЭРЛЭХ ИСЛАМЫН ШАШНЫ "ЖАФАРЫН ХУУЛЬ"



Иракт Ислам шашны шийт­ийн урсгалыг баримтлагч эр Нури аль-Малики засгийн эрхэнд гарсан. Түүний танхимын мөрийн хөтөлбөрт бага насны охидтой гэрлэхийг зөвшөөрсөн “Жафарын хууль” гэгчийг батлах тухай заасан. Энэ мэт Исламын ертөнцийн чих дэлдийлгэм мэдээ үе үе дэлхийн хэвлэлүүдээр цацагддаг уламжлалтай болов. Хэдхэн жилийн өмнө Египетийн засгийн эрхийг Исламынхан барьж байхад үхэгсэдтэй гэрлэхийг (necrophilia) зөвшөөрөх тухай яриа гарч дэлхий нийтийг шоконд оруулж байсан билээ. Дашрамд дурдахад тус улсад нөхөр эхнэрээ нас барсны дараа нэг хоногийн туршид бэлгийн харьцаанд орох эрхтэй байдаг. Үхэгсэдтэй гэрлэх тухай цуурхалыг тэр даруй няцаасан ч нэгэнт нисгэсэн “хэвлэлийн нугас” дэлхийг тойрч амжив. Ээж аавдаа эрхлэн тоглох насандаа хадамд гарч, айл гэрийн эзэгтэй болсон бүсгүйчүүд өдгөө дэлхий дээр 700 сая гаруй бий гэдгийг НҮБ мэдээлж буй. Байдал энэ хэвээр үргэлжилбэл дээрх тоон үзүүлэлт 2030 он гэхэд 1 тэрбум хүрэх хандлагатай буй. Хүүхэд ахуй насандаа гэрлэснээр залуу охидын хувьд зөвхөн мэдлэг боловсрол төдийгүй эрүүл мэндээр хохирч, өөрийгөө хөгжүүлэх боломж нь хязгаарлагдаж, эдийн засгийн хувьд ч бусдын хараат болох зэрэг нэгэн зэрэг маш олон эрх нь зөрчигддөг. Тиймдээ ч олон улсын байгууллагууд уг асуудалтай тэмцсээр байгаа хэдий ч өдгөө 18 нас хүрээгүй охидтой гэрлэхийг 116 оронд хуулиар зөвшөөрч буй.
Ингээд баримт руугаа оръё. Тагана охин зургаан настайдаа 25 настай Маджимтай гэрлэсэн байна. Түүнийг есөн настай байхад нөхөр Маджим нь анх секс үйлдэж эхэлсэн гэхээр монголчууд бидний хувьд аймшигтай сонсогдож мэднэ. Харин Гхадад Таганагийн нэг ангид сурдаг байсан бөгөөд мөн л хар нялхаараа нөхөрт гарч, 13 насандаа эх болжээ. Энэ бол Ислам шашны “Жафарын хууль”-ийн дагуу ариун явдалд тооцогдоно. Хувьсгалаас өмнөх жилүүдэд феодалын монголд охид, эмэгтэйчүүд 15-17 насандаа бусдын эхнэр, баячуудын бага хатан болж байсан бол Исламын ертөнцийн хувьд эхийнхээ сүүнээс гараад л ийн харгис, гаж ёсыг дагаж бусдын эхнэр, бусдын секс боол болон зовж байна. Мөн 15-18 насны охид хэн нэг эрх мэдэлтэй баян чинээлэг хүний эхнэр болох тохиолдолд сүйт бүсгүйг онгон байх хатуу хууль байдаг. Охин нь онгон бус байсан бол түүний эцэг эхийг Исламын шашны харгис хуулийн дагуу олон нийтийн газар, төв талбай дээр чулуугаар шидэж хөнөөдөг. Гайхалтай нь бага насны охид айлын бэр, секс мөлжлөгийн золиос болох явдал өдгөө Ирак, Йордон, Йеменд гарсаар байгаа. Гэвч үүнийг Ислам шашинтай орнуудын удирдагчид эрс үгүйсгэж “цуурхал” хэмээн хариулдаг. Иймэрхүү цуурхлыг голдуу Исламын шашныг үзэн ядах, лалын ертөнцийн соёл, уламжлалын талаар ямар ч төсөөлөлгүй хүмүүс тараадаг гэж тэд үздэг. Гэхдээ лалын орнуудад гаж гэмээр зарим санаачилга хуулийн заалт болж биеллээ олох тохиолдол бий. Тэдгээрийн нэг нь Иракийн “Джафарын хууль” юм. Нэг ёсондоо энэхүү эрх зүйн баримт бичиг гэр бүлийн хүчирхийллийг зөвшөөрч (нөхөр эхнэрээ хүсэхгүй байсан ч секс хийх эрхтэй), нөхрийн зөвшөөрөлгүй гэрээс гарахыг хориглож, салсан тохиолдолд хоёроос дээш настай хүүхдүүд эцэгтэйгээ үлдэх болно. Хуулийн заалтууд дундаас хамгийн хүмүүнлэг бус нь гэрлэх насыг өөрчилсөн явдал. Одоогоор Иракт гэрлэх насны доод хязгаар нь 18 нас. Гэхдээ асран хамгаалагчдын зөвшөөрлөөр 15 насандаа гэрлэж болно. Уг дүрэм 1959 оноос үйлчилж эхэлсэн. Гэтэл “Джафарийн хууль”-д хөвгүүдийн гэрлэх насыг 15 хүртэл, харин охидын насыг ес хүртэл багасгана гэж заажээ. Тэр байтугай есөөс доош насны охид ч эцэг, эсвэл өвөөгийн зөвшөөрлөөр нөхөрт гарч болох нь.
Сүүлийн үед уг хуулийн төсөл Иракт болон хилийн чанадад нэлээд шүүмжлэлд өртсөн. Тухайлбал хэлэлцэж эхлэхээс нь өмнө хүний эрхийн “Human rigths watch” (HRW) байгууллага эрс эсэргүүцэв байв. “Джафарийн хууль бол Иракийн хүүхэд, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан алхам болно. Иракийн Засгийн Газар бүх хүнийг эрх тэгш байлгана гэж мэдэгдэж буй ч уг хуулийг баталбал Ирак дахь тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлнэ” гэж тус байгууллагын Ойрхи Дорнодыг хариуцсан хэлтсийн дарга Джо Сторк мэдэгдэв. Харин хуулийн төсөл санаачлагчид шүүмжлэлийг огтхон ч хүлээж авсангүй. “Энэ хуульд дургүй хүмүүс олон. Гэхдээ тэдний чалчаа үг бидэнд хамаагүй. Учир нь тэд лалын дайснууд” гэж Иракийн Хууль зүйн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Харин барууны хэвлэлүүдэд өгөх хариулт болгож Иракийн Ерөнхий сайдын зөвлөх Али аль-Муссави “Зарим хэвлэл Иракийг доройтож буй мэтээр дүрсэлдэг ч үнэндээ тийм биш. Барууныхан ижил хүйстнийг гэрлүүлдэг ч бид түүнийг нь хэзээ ч шүүмжилдэггүй. Тэгээд ч бидний мөн чанар, шашин шүтлэгт харш зүйл” гэж хэлжээ.
Үнэндээ бага насны охидтой гэрлүүлэх нь лалын ёсонд харшлахгүй. Элч Мухамедын эхнэр Айша нь зургаан настайдаа түүнтэй сүй тавьж, Джафарийн хуулийн дагуу есөн насандаа гэрлэж байжээ. Түүнчлэн гэрлэсэн даруйдаа бэлгийн харьцаанд орох тухай ч яриа байдаггүй. Аишагийн гэрлэлтийг өнөөгийн лалын орны охид амьдралдаа үлгэр дууриалал болгох нь цөөнгүй. Ялангуяа Саудын Арабын бага насандаа гэрлэсэн охидыг онцолж болно. Тус орны хуульд зарчмын хувьд “гэрлэлтийн нас” гэсэн ойлголт байдаггүй. Эцэг, эхчүүд шашныхан юу хэлнэ түүнийг нь дагаж голдуу есөн наснаас хүүхдүүдээ гэрлүүлдэг. Тиймээс Саудын Арабын охидын 16 хувь насанд хүрэх үедээ хэдийнэ гэрлэсэн байдагт гайхах явдалгүй. Заримдаа Саудын Арабт тэгш бус гэрлэлт эмгэнэлт хошин жүжгийн шинжтэй болдог. Тухайлбал 90 настай эр 15 настай охинтой гэрлэсэн түүхийг дурьдаж болно. Охинтой гэрлэхийн тулд тэр эцэг, эхэд нь 65 мянган риал буюу 17 мянга орчим доллар төлжээ. Хуримын дараа шинэ хосууд өрөөгөө түгжээд хэд хоног цухуйсангүй. Эцэст нь хөгшин эрийн урам хугарч өөрийгөө хууртсан хэмээн охины эцэг, эхийг шүүхэд өгчээ. Хамгийн хэцүү нөхцөл байдал Афганистанд бий болжээ. Тус улсад таван охин тутмын нэгийг 15 нас хүрэхээс нь өмнө нөхөрт гаргадаг. 2009 онд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хууль батлагдсан ч тэр болгон мөрддөггүй. Харин энэ Аиша 12 насандаа нэгэн талибад зарагдаж эхнэр нь болов. Гэр бүлийн дарамтаас болж Аиша зугтсан боловч баригдаж төрсөн гэртээ хүргэгдэв. Гэтэл эцэг нь нөхөрт нь буцааж өгөв. Орон нутгийн шүүх Аишаг хамрыг нь огтлох ялаар шийтгэжээ. Нөхөр нь ахынх нь хамт ууланд аваачиж хамрыг нь огтолжээ. Олон афган эцэг, эхчүүд бага насны охидоо зарж санхүүгийн боломжоо сайжруулж болно гэж үздэг ажээ. Жишээ болгож Джаузджан мужийн оршин суугч Рамаданы тохиолдлыг ярьж болох юм. Хар тамхинд орж, өрөнд баригдсан тэрээр долоон настай охиноо 35 настай эрд хоёр мянган доллараар өгсөн байна. Хөөрхий охин шинэ гэртээ багагүй зовлон амсч нөхөр, хадам эцгийн дарамтаас зугатаж төрсөн гэр лүүгээ хэд хэдэн удаа зугтжээ. Гэвч зугатах болгонд нөхөр нь буцааж авч байв. Хэрэв охины ээж хүний эрхийн байгууллагад хандаагүй бол түүний хувь заяа хэрхэн төгсөх байсныг төсөөлөхөд бэрх. Эцэст нь Рамадан, түүний хүргэн, мөн гэрлэлтийг баталсан мулла (лалын ёсонд багш, шашны зүтгэлтэн) гурвыг баривчлав. Гэхдээ эрт гэрлэлт зөвхөн лалын орнуудад байдаг гэж бодож болохгүй. ЮНИСЕФ-ийн судалгаагаар эрт гэрлэлтийн 40 хувь нь Энэтхэгт байдаг. Гэхдээ эхнэр, нөхөр хоёрын насны зөрөө их биш бөгөөд 15-16 насандаа л хамтын амьдралаа эхэлдэг. Эцэг, эхчүүд бага байхад нь сүй тавьдаг. Ийм практик хуулиар хориотой ч хоёр жил шоронд суух, их хэмжээний мөнгөөр торгуулахаас олонхи эцэг, эхчүүд айдаггүй байна. Эрт гэрлэлттэй холбоотой нэгэн эмгэнэлт явдал Йеменд болжээ. Найман настай охин 40 настай эрийн эхнэр болж очоод хуримын анхны шөнө сексийн үед хүнд гэмтэл авч нас барсан байна. Хүний эрхийн байгууллагуудын эгдүүцэл туйлдаа хүрч Европын Холбооны тэргүүн Кэтрин Эштон хүртэл дуугүй байж чадсангүй. Иракийн тухай эргээд өгүүлэхэд “Жафарийн хууль”-ийг санаачлагчид энгийн амьдралд байдаг л зүйлийг хуульчилж байна гэж үзэж байна. 2011 онд охидын 25 хувь насанд хүрэхээсээ өмнө гэрлэжээ (1997 онд уг үзүүлэлт 15 хувьтай байв). Хэрэв хууль батлагдвал охидод өөрсдөд нь тустай. Учир нь эхнэр, нөхрийн харьцаа шашнаас гадна эрх зүйн баримт бичгээр бэхжинэ. Эрх зүйн баталгаа байгаа цагт эрхээ хамгаалахад хялбар гэж төсөл зохиогчид ярьж байна. Гэхдээ Йемен охины эмгэнэлт түүхээс харахад заримдаа эрт гэрлэлт нь эрхээ хамгаалах эзэнгүй болох хүртэл үр дагаварт хүргэдэг ажээ. Харамсалтай нь цаасан дээр бичсэн хууль тогтоомж бодит амьдралд мөрдөгдөх нь бага. Тиймдээ ч хуулиар хориглосон ч охид албадлагаар нөхөрт гарсаар л байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=