УРАНЫ ТӨСӨЛ УНТРАХ ЗАМДАА ОРООГҮЙ БИЗ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!!!


3,5 сая зүдүү монголчуудыг өөд нь суга татах ураны төсөл төмөр зам шигээ, эрчим хүчний эх үүсвэрүүд шигээ дашин шог болох сураг сонсогдоод эхлэв. Гэхдээ гялс дашин шог болохгүй. Янз бүрийн хууралтаар сунжирч эрчим хүч импортлогч гуай хугацаагаа сунгаж хожлоо нэмэхээр шунана. Орос эх сурвалж: Монгол улс Францын уран олборлодог Нигер биш. Канад Францыг Монголд уран олборлохыг ОХУ хэзээ ч зөвшөөрөхгүй. Ийм мөрүүд уншиж байснаа санаад Францтай тохиролцож эхэлсэн ерөнхийлөгчийн маань ураны төсөл явдаг л байгаа даа гэж эмзэглэж байв. Гүйх нохойд баах нохой Х.Баттулга дээр Г.Занданшатар нэмэгдэв үү гэх сэжиг төрнөм. Парламент хоорондын хам комисс сэм яах бол?! Залбирахаас өөр яалтай.

Олон хэл, тал талын мэдээлэлтэй төр засгийн овгоруудаас давах нэг хий үзэгдэл зөнөх насанд морилов. Тэр даварсан хийрхлээ ашиглаж үзэхээр шийдлээ. Юу вэ гэвэл мега төслүүдийнхээ 20-30 жилийн гацааг оросуудаас айхдаа тэднийг тойруулан тайлбарлаж, бурууг ядуу хүн амдаа нялзаалгүй шууд түс тас хэлэх зориг зөвхөн үхэж буй өндөр настанд л төрдөг болтой. Хоцрогдсон харанхуй өвгөн элийрч байна гэж дооглоод тоохгүйг нь далимдуулан мега төсөл гацаагчдыг шууд нэрлээд гацаагаагүй атлаа гацаагч гэгдсэн олныхоо сэвтсэн нэрийг цэвэрлэе. 

ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко өнгөрөгч 12-р сард манайд морилоод Францтай хийж буй ураныхаа төслөөс тагалзвал ОХУ хариуд нь бага оврын атомын цахилгаан станц барьж өгье гэжээ. Ганц энэ факт л ураны төсөл гацаана гэж би шууд хэлье. Өөр шалтгаан хайх хэрэггүй. Оргилмаа гэрээнд тохиролцохгүй байгаа баахан шалтаг тоочиж. Ураны үнэ өссөнөөр Ораног наашаа гэж хөөрцөглөхгүй гэж буйр зааж, эх орончоор томорсон ч юм шиг. Үүгээр юу эхлэв ээ гэвэл ураны төсөл монголчуудын зөрөлдөөнөөс болж гацсанаас оросууд оролцоогүй гэх пиар цацах танил технологи ханхлав.

Төмөр замыг 10-20 жил оросууд гацаасан гэж түс тас хэлье. Оросууд гацаасан гэж бид шууд хэлж зүрхлэхгүй, өргөн нарийн цариг гэж монголчууд хоорондоо маргалдаад төмөр замаа тавьж чадаагүй гэж том ах нартаа хир халдаалгүй гүрийдэг. 5-р ДЦС-ыг хэн гацаасан? Орос! V цахилгаан станцаа барих газраа монголчууд хэрэлдээд олоогүй гэж манай төр засаг тууштай сурталддаг. Эрчим хүчний эх үүсвэр барихыг олигархи Дерипаска нар хэзээ ч зөвшөөрөхгүй. Үүнийг шууд хэлэх эрх баригч манайд байна уу? Үхэж буй өвгөнөөс өөр шууд хэлэх хүн байхгүй. Энд л бидний лоймол чанар нуугдаж буй юм. Казахуудаас дутаж буй эх оронч бус бэртэгчин зангаа эндээс хар. 

Оросын барьж өгөх бага оврын АЦС хэдэн онд эрчим хүчээ түгээх бол? Тэр болтол ОХУ эрчим хүчээ манайд шахна. Лав 10 жил шахна. АЦС Эгийн УЦС-ын араас орно. Удах тусам өндөр үнэтэй цахилгаан шахдаг оросуудад хожоотой. Казахстан ОХУ-тай хэл амаа ололцож, ураныхаа өгөөжийг хүртээд хөгжив. Манай аймхай тэгээд бас урваач эрх баригчид өндөр хөгжилтэй хүчирхэг гүрнүүдэд айлчилж, гар барьж, тэврэлдэж, гэргийтэйгээ ёслолын хүндэт харуулын өмнүүр ханхалзах-үзээгүй юмаа үзэж үхэр цам харайж буй нь тэр. Ёс зүй, соёлоор тэргүүлэгч гүрэнтэй зээ зүү болж далдганасан амлалтандаа хүрээсэй гэж ерөөе. Дараа нь орос сайдын өмнө чичрээд үзэглэсэн гэрээнээсээ буцах ертөнцийн шившиг. Монгол хүн дахиад уулзах нүүр халуун гэдэг. Дахиад сонгогдохгүй, дахиад уулзахгүй ч хайран эх орон-Монголын нэр төр үүрд сэвтэнэ.

В.Путин: “Монгол улсын эрчим хүчний хомсдолтой холбогдох асуудал нь чухал гэдгийг бид ойлгодог. Энэ хомсдолыг нөхөхөд Оросын цахилгаан станцуудаас Монгол руу нийлүүлэх эрчим хүчийг нэмэгдүүлэх боломжтой”. (Гурван улсын төрийн тэргүүний уулзалт. Ташкент). В.Путины “Оросын цахилгаан станцуудаас Монгол руу нийлүүлэх эрчим хүчийг нэмэгдүүлэх боломжтой” гэсэн мэдэгдэл манай эрчим хүчний эх үүсвэрүүд цаашид гацах дохио гэж түс тас хэлье. Түүнийг тойрон хүрээлэгч орос магнатууд эрчим хүчээ өөрийндөө борлуулдаг үнээ буриадад 3, манайд 9 дахин өсгөдөг гэж өдөр тутмын сониноос уншив. Хэдээр панзлах нь тэдний эрх. Гол мөрөн, нүүрсээ түшиглэн станц барих нь ч бидний эрх байгууштай.

Тээр жил Ангела Меркель-Монголд хөрөнгө оруулахад хоёр бэрхшээл байдаг. Нэгд баялгийн ордууд нь олон зуун, бүр мянган км-ийн чанад дэд бүтэцгүй цөлд оршдог, хоёрт хөршөөс нь зөвшөөрөл авахгүй бол төсөл нь явдаггүй гэж телевизээр мэдэгдэж харагдсан. V ДЦС-д хөрөнгө оруулахаар солонгос франц япончууд хэдэн жил тэвчээртэй хүлээсний эцэст энэ төслийг Орос хэзээ ч зөвшөөрөхгүйг мэдээд буцсан. Цөхөрсөн биз. V цахилгаан станцыг хэн гацаасан тухай нэхэл ковидоор сөхөгдмөгц манай эрх баригчид “монголчуудаас болоод гадны хөрөнгө оруулагч нар V цахилгаан станц төслийг орхисон” гэж орос ахаа хаацайлж байв даа.

Улайм цайм оросууд гацаасан төслийг эрх баригчид иргэддээ шууд хэлэхгүй тойруулж элдэв шалтаг тоочих нь үнэнийг хэлж болохгүй аюулт дайсан нь ард түмэн нь мэт ойлголт төрүүлмээр. Монгол улс-улсаараа бууж өгдөг орос олигархиудын гацааг арилгах хүсэл өвгөн би тээгээгүй. Тийм хүсэл өвгөн хүнд томдоно. Манай мега төслүүдийг орос олигархи-магнатууд 10-20 жил гацаасныг булзааруулж, гацаагчид нь хоорондоо хэрэлддэг монголчууд гэж даян дэлхийд итгүүлдэг ов мэхийг илчлэх гэсэн буурай билээ би. Хөгжлийн гол гол төслүүдээ гацаалгаж хохирч ядуурахын дээр бас улсынхаа хөгжлийг чөдөрлөгч гэх муу нэр зүүсэн ард түмэн минь хөөрхий. Ураны төсөл хөдөлбөл ядаж хөрөнгө оруулагчдад эерэг чимээ тархсан.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=