Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг шоронд нас барсныг ОХУ-ын эрх мэдэлтнүүд мэдээлсэн. Харин түүний ээж болон эхнэр нь А.Навальныйг хордуулж алсан, тэр байтугай ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг энэ хэрэгт шууд оролцоотой хэмээн мэдэгдсэн билээ. Түүгээр зогсохгүй Юлия Навальная нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэх болно гэдгээ олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлсэн юм. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл А.Навальныйн цогцсыг л гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгөөгүй байна. ОХУ-ын хуульд зааснаар ялтны цогцсыг нас барснаас нь хойш хоёр хоногийн дотор гэр бүлд нь хүлээлгэж өгөх ёстой байдаг ч А.Навальныйн цогцсыг 14 хоногийн турш гэр бүлд нь хүлээлгэж өгөх боломжгүй гэжээ. Түүний хамгийн сүүлд ялаа эдэлж байсан шоронгийн захиргаа эмнэлэг рүү шарилыг илгээсэн гэх боловч тухайн дүүргийн эмнэлэг нь хүлээж аваагүй аж. Иймд түүний шарилыг яг хаана байгаа талаар, нас барсан эсэх нь хүртэл эргэлзээтэй болжээ.
Хамгийн сүүлд шоронгийн захиргаанаас А.Навальныйн ээжид "Шарилд нь шинжилгээ хийнэ" гэсэн боловч хаана байгааг нь нууцалсаар байна. Энэ учир битүүлэг байдлыг түүний эхнэр Юлия "Нөхрийг минь хордуулж алсан байх бүрэн магадлалтай бөгөөд бие махбодиос нь хор гарах хүртэл нуухаар шийдсэн" гэж үзэж байгаагаа ч олон нийтийн сүлжээгээр хэлэв. Ийнхүү олон эргэлзээтэй асуудал гарч буй учир Европын холбоо Навальныйн үхэлтэй холбоотойгоор олон улсын мөрдөн байцаалт явуулахыг уриалжээ. Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл хэлэхдээ "Навальный Оросын шоронд Путины дэглэмээс болж амь үрэгдэв. Путин түүнийг аюултай гэж үзсэн тул эрх чөлөөг нь хязгаарласан" гэж мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.