ТҮҮХЭН ХӨНДҮҮР


Дааж давшгүй хохиролд унагах оросуудын тулгалтыг “үгүй” гэж түс тас зөрж зүрхэлдэггүй манай эрх баригчдын хулчгар зан буруутай мэт харагдавч түүхэн хөндүүр хөөрхий тэдэнд минь бий. Тэдний ой санамжид Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал цаашаа А.Амар, П.Гэндэн гээд Д.Бодоог хүртэл олон арван удирдагчдын маань хувь тавилан бичээтэй байгаа. “Үгүй” гэдгээ шууд мэдэгдвэл толгойгүй болж байсан түүх улирсан эсэх нь бүрхэг тул манай эрх баригчид айсандаа ард түмэндээ муу хэлүүлээд дуугай хохирч явдаг. С.Зориг алуулж, Э.Бат-Үүл, М.Энхсайхан, С,Баяр, Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг барууны гар хөл гэж шоронд хорьж байв даа. Тэдний үйлдсэн гэмийг нотолж чадалгүй сулласан ч орос ахаасаа жийрхээд цагаадсан гэж зарлалгүй мартагнуулав. Түүхэн хөндүүр илаарших яагаа ч үгүйг В.Путин харуулж байна. Унхиагүй дүнхүү лоймлууд дээрэлхүүлдэг агаад “хохь нь” гэхэд бурхан ч өмөөрөмгүй эмгэнэлт хувь заяаг хүчээр бус ухаанаар даван туул.


Улаан орос чинь ах нар юм уу, ах нар маань улаан орос юм уу? Дээгүүрээ “орос ах” гэж бөхөлздөг ч доогуураа (жишээ нь манай Гашууны голынхон) “улаан орос” л гэдэг байв. Мах бэлтгэлд хуу хамж тушаадаг иргэ сэрх шар агтаа “улаан оросын хоол” гэнэ. Ноос ноолуур арьс шир хөөвөр хялгас сүүнийхээ ногдлыг гүйцээж чадахгүй шүүхээс дуудагдвал “улаан орос чинь яасан ханаж цаддаггүй мангас вэ” гэж гэртээ томорно. Матдаг өөдгүй новш-МАХН-ын гишүүн дэргэдээ байвал цуурна гэж хол. “Ам бат бол амь бат” хэмээн даравгараа цоожлоод үг унагахгүй. Дарга нар гэнэдүүлэхээр өдвөл юу гэдэг гээч: хар шар феодал, эсэргүү, японы тагнуулыг орос ах нар дарж өгөөгүй бол дорой бид ингээд социализмд жаргаж суухгүй сөнөсөн гээд уйлагнана. Дургүй хүрэм бялдуучид-цөм ардын дайсны удам угсаа.Улаан оросын “ал” гэснийг Чойбалсан “үгүй” гэвэл А.Амар, П.Гэндэн нар шиг буудуулна. Ю.Цэдэнбал айхдаа оросуудыг өмөөрөөд зогссонгүй, хүргэн биеэ өөлсөн нөхдөө “Найрамдал-дружбад цав суулгалаа”, “Хятадын талыг баримтлав” гэж цөлдөг ял зохиож хэрэгжүүлэв. Тоглоомын этгээд түүний үед оросод үг хэлэх огторгуйд шороо цацах ижил болсон. Бал дарга гоц илүүдээ нөхдөө атгасан бус түүний ард Кремлийн үл үзэгдэгч цустай урт гар ойрхон. Оросын тавиулаас үхтэлээ айсан алба хаагчид цөм улаан оросод хир халдаахгүйг онцгой чармайна. Одоо ч чармайдаг. Орос ахаа өмөөрдөг сонор сэрэмжээрээ бид хоорондоо уралдаж, хэлмэгдлийн эсрэг дархлаагаа хөгжүүлж явлаа. Улаан орос гэгч хэн бэ? Ленин! Тэр бол суут улаан орос бөгөөд болъщевик улаантны загалмайлсан эцэг. Эх орон Монголынхоо амин чухал эрх ашгаас яав ч хазайхгүйгээ оросуудад гурван саяул ягштал нотолж, муусайн удирдагчаа эрвийх дэрвийхээрээ түшиж хамгаалъя. Тэд хүн амаа чинээлэг амьдруулахын төлөө жинхэнээсээ тархиа ширгэтэл чөмгөө дундартал зүтгэг. Авилгатай дайтахаар зарласан дуулиант тэмцэл орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшдэг АН-аас УИХ-д сонгогдсон түшээ Ажнай, Ханбогд сумын засаг дарга дожной Х.Нэхийтээр туг тахиад, авилга хулгайн нууц ноёдын толгойг илээд өнгөрөхгүй гэдэгт найднам. Бодит үр дүнгээр Л.Оюун-Эрдэнэ үнэлэгдэнэ. Ерөнхий сайддаа амжилт хүсье. Дуугарвал дуу нэг, тугтарвал хүч нэг зарчмаар ерөнхийлөгчийнхөө санаачлагыг дээдлэн-нефтээ нэрж, өндөр үнэтэй шатахуунаар айлын царай харж холгуулдгаа цэглэ. УЦС, ДЦС-аа урд хөршийнхөө хөрөнгө оруулалтаар эргэж хургалгүй ашиглалтад даруй оруулж, уранаа гоц боловсронгуй технологиор хал балгүй олборлож мөнгөж. Тэрбум модны ногоон шугуй униартаж, гол мөрний ай саваар усан сангууд цэнхэртэж, органик хүнс лангуу дүүрэн бялхаг. Элийрсэн зөнөг зохиолчийн шизо хөөрөл дургүйг чинь хүргэж буй биз. Алийн бүр гутарч бухимдах вэ, нэг удаа ингэж уужрахгүй бол зөнөг өвгөн чадхийх янзтай. Дэврүү хүсэл минь биелнэ-харж байгаарай. Гэхдээ өвөө нь удирдагч нарын маань дунд цэвдэг зэтгэр нуугдаж байвал түүнд мөргөж тэнэгт гээгүй шүү. Үүнийг хатуу сана. Төрд өөрийгөө төлөөлүүлэхээр ядаж хулгайч сонгохгүйг хичээ! Ю.Цэдэнбал, А.Филатова хоёрын “Хятадын аюул” гэх үзэл суртлыг ор тас хаядаггүй массыг Х.Баттулга онилсноор шидэт хувилгаан мэт шүтүүлж яваа нь Монголын эмгэнэл гэж би үздэг. Хужаад ууслаа, онгон байгаль сүйрлээ, гадны хөрөнгө оруулагч гэх-эдийн засгийн алуурчдыг эх орноосоо хөөе! 30 гэр бүлийхний толгойг овоолоод тойрч бүжиглэе! Хятадууд мах хуу хамчаад 70 сая малтай монголчууд өлсөж үхлээ. Хужаа мянгат малчид эзэлчлээ. Соц. нийгмийн ийм дэвсгэр бухимдалтай нь бүх сонгогчдын 60 хувь. Энэ 60 хувийг Женко сэвдэг. Сонгогчдын 60 хувь-ялалт. Энэ бэлэн сул ялалтын үнэр авсан Ц.Туваан Женког шиншлээд салахгүй урамдаж явааг хар. Бухын малтсан нуруундаа буруу үйл эзэндээ гэдэг сэн.АН хаачваа? Яллагдагчаар татагдаад сонсголоос оргосон Х.Баттулга гэнэт ил гарч АН-ыг төлөөлөөд бараа бологч Ц.Туваанаа дагуулсаар УИХ-ын даргад бараалхаж, гишүүн-сайд Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун хоёртой хүч хавсран хятад цагаачдад эзлэгдэх хөрөнгө оруулалтын хуулийг гацаав. Женкогийн нутаг нэгт спикер Дум, УИХ-ын хамтарсан комисс сэм байгуулаад орос монгол холимог лүндэн дээрээс буухыг хүлээж суугаа эрхэм. Газар нутгаа гадны гуйлагчдад 100 жил ямарч босго үнэгүй зүгээр өгөх хууль саатсанаар самбочийн хулгай цайрч оргил өөд мацав. Араас нь АН-ын УИХ дахь бүлэг шүүхээс бултаж яваа хулгайчаа дагаад намирав уу яав? АН-аас сонгуульд жагсаалтаар дэвшигчдийг Х.Баттулга найруулж буй гэлцэнэ. АН-ын эвэртэн тууртныг Х.Баттулга далдуур томилсон сурагтай. Энэ эрчээрээ нисвэл Женко дүүлэх цартай. Арга ч үгүй биз. Ерөнхий сайдын зөвлөгч гэх том албыг В.Путины дохиогоор эзэгнэсэн гэх хар дагуулдаг эрхэмд юм юм л байгаа. Танк их буугаар айлгаж 80 их наядын орлого хаасан хар санаа нь одоо гадны шууд хөрөнгө оруулалтын аюул гэх мэхэнд шилжиж эх орноо дахин хорлох болтой. 10 гаруй жилийн өмнөөс нүүрсээ төмөр замаар зөөсөн бол монголчууд өдгөө чинээлэг амьдарч байгаа. Энэ их гарз хохирлыг Женко тарьсныг мэдэхгүй хэн байна. Ийм гай удагчийг өргөмжлөн дагагч АН-ын зарим гишүүд өр өмлөдөг. АН-ын хэсэг залуу Женкогийн бузар мөнгө, насгүй эрх мэдэлд дөрлүүлж явааг тэдний үе тэнгийн ХХI зууны шинэлэг зохиолчид үзэн ядан бичих болно. Орос эх сурвалжаас товчлоё: “ОХУ эрчим хүчээр дэлхийд тэргүүлэх болно. Орост нефть, хий, нүүрс, уран байна. Сүүлийн 2-т бичигдсэн эх үүсвэр буюу нүүрс, уран нь Монголд бий. Зөвхөн нүүрсээр л гэхэд Монгол ОХУ-ын нүүрсний экспортыг нураана. ОХУ шинэлэг зах зээл буюу Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэлээ өөрчилсөн. Нэгд, төмөр замын асуудлыг шийдвэрлэх, хоёрт, нүүрсний магнат болох. Монгол түншээр Х.Баттулга гэгч улстөрчийг сонгож авав. Якунинд тавьсан Путины бооцоо-Таван толгойн нүүрсний ордыг монголын төмөр замтай холбох. УБТЗ-ын нийт хувьцааны талыг ОХУ эзэмшдгийн хувьд Таван толгойн ордыг ОХУ автоматаар хяналтандаа авах боломжтой. Дерипаскагаар дамжуулсан тоглолт нь Таван толгойг эзэмших. Гэтэл Сү.Батболд Таван толгойг Дерипаскад өгсөнгүй. Бас “Энержи Ресурс”-ийн монгол залуус Якунин Дерипаска нарын хөзрийг үхүүлчхэв. Тэд төмөр зам барих төсөлдөө хөрөнгө босгож. ОХУ-ын төмөр замаас үл хараат бие даасан төмөр зам уурхайгаас Хятадын хил рүү татахыг яахан зөвшөөрөх билээ. Энэ зам хэрэгжвэл ОХУ-ын нүүрсний төслүүдийг баллана. Тиймээс Монголын Засгийн газар дахь чухал хүмүүст энэхүү төмөр замын бүтээн байгуулалтаа яаралтай зогсоох тушаал өгсөн билээ. 

2024-01-12

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=