МАРДАЙН УРАНААС ОРГОСОН ЭРИЙН АМИЙГ МОНГОЛ БҮСГҮЙ АВАРЧЭЭ


Соц нийгмийн үед оросууд Дорнод аймгийн Мардайд ураны томоохон үйлдвэр ажиллуулж байсан нь өнөөдөр нэгэнт тодорхой болсон.  Тухайн үед энэ талаар хүмүүс цуу яриагаар бие биедээ ярьдаг байсан ч батлагдаж нотлогдолгүй хав дарагдсаар байжээ. Учир нь, гаднаасаа үйлдвэр байдаг гэх газарт гаднын ямар ч хүн оруулдаггүй, мөн  үйлдвэрийн хашаан дотор нэг ч хүн явж харагддаггүй байсан болохоор ийнхүү бие биедээ таамаг төдий яриа дамжуулж байдаг байв. Харин 1980-аад оны сүүлээр оросууд эндээс ямар нэгэн зүйл олборлодог нь тодорхой болж, түүгээр  ч барахгүй цаазын ял сонссон хоригдлууд ажилладаг болохыг ямар нэгэн байдлаар мэдэж авчээ.  Ингээд Дорнод аймгийн харьяат Б.Бат-Очиртой Мардайн орд болон түүнийг тойрсон элдэв явдлын талаар ярилцлаа.


-Мардайн ураны одын талаар одоогийн залуус сайн мэдэхгүй. Тэгэхээр энэ үйлдвэрийн талаар яриагаа эхлэх үү?

-Мардайн ураны орд Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос баруун хойш 120 км-т, Гурванзагал сумаас баруун тийш 40 км-т байрладаг. Гэхдээ энэ ордыг олборлох ажил социализмын үед төр  засгийн хэмжээнд яригдаж, шийдвэрлэгдсэн бөгөөд маш нууц, бүр дээд зэргийн нууцлалын ангилалд багтдаг байсан юм. Гол шалтгаан нь эндээс цөмийн зэвсгийн гол түүхий эд болох уран олборлож байсантай холбоотой. Тухайн үед нутгийн хүмүүс Мардайгаас оросууд баахан шороо зөөгөөд байна, тэр нь ямар учиртай юм бол гэж хоорондоо ярилцдаг л байсан. Гэхдээ тэд ямар шороо хааш нь ямар зорилгоор зөөвөрлөж байгааг мэдэх боломж байгаагүй. Учир нь Мардайн ураны ордод ганц ч монгол хүн ажилладаггүй байсан. Тэр байтугай бид нар хүүхэд байхдаа хашааных нь дэргэд очиход дөрвөн буланд нь буу барьсан орос цэргүүд хий буудаж, огтхон ч ойртуулдаггүй байлаа. Бас аймаар улангассан, бараг хэдэн өдөр хооллоогүй юм уу гэмээр нүд нь улаанаараа эргэлдсэн орос овчарка хүний бараанаар дуу дуугаа авалцан хуцах нь сүртэй байдаг байв. Ийм болохоор тэр хашаа руу нэвтэрч орох нь байтугай  дөхөж очсон монгол хүн ховор шүү. Заримдаа харахад үйлдвэрийн том хашаан дотор оросууд өглөө ажилдаа онгоцоор ирж буугаад оройдоо буцдаг байсан. Гайхалтай нь тэд өдрийн турш хашаан дотроо огт харагдаж үзэгддэггүй. Сүүлд мэдэхнээ газар доор орж ажилладаг болохыг мэдсэн.

-Энэ ордод яагаад монгол хүн ажиллуулдаггүй байсан юм бол?

-Монгол хүн байтугай жирийн орос хүн ч ажилладаггүй гэж сүүлд сонсч байсан. Энд цаазын ял сонссон хоригдлуудыг ажиллуулдаг байсан гэсэн. Тэд газар доор л ажиллах бөгөөд нэг их удалгүй урандаа хордож үхэхээс өөр замгүй болдог. Тэгэхэд ч шарилыг нь гаргаж ирэхгүй, тэр чигээр нь газар дороо байж л байдаг гэж сүүлд ураны ордод орж үзсэн хүн ярьж байсан. Үүнийг би үнэн байх гэж боддог. Яагаад гэвэл тэр үйлдвэрийн хашаанд нэг ч хүн хөлхөж харагддаггүй, хааяа нэг цэргийн бүрэн тоноглогдсон машинаар нэлээд хэдэн халзан толгойтой ижил өнгийн цэнхэр хувцсаар ижилссэн оросуудыг буулгаж харагддаг. Харин тэд дахиж үйлдвэрийн хашаанд эсвэл онгоцонд, машинд сууж харагддаггүй болохоор тэд тэндээ л үхдэг байсан байх. Мардай бол маш чанга харуул хамгаалалттай учраас монголчуудыг огт нэвтрүүлдэггүй байлаа. Монголчуудыг нууц задлана гэж болгоомжилдог байсан уу, эсвэл үнэхээр хортой байсан учраас үхэхээс өөр зам сонгох аргагүй болсон хүмүүсийг авчирдаг байсан уу. Миний л мэдэхийн тэнд ерөөсөө монгол хүн огт ажиллуулж байгаагүй. Тэр байтугай заримдаа хоол хүнс хүргэхээр ирсэн монгол жолооч нарыг хашаандаа ч нэвтрүүлэхгүй, өөрийг нь хашааны гадна буулгачихаад орос жолооч барьж ордог байсан. 

-Таны хувьд Мардайд хөл тавьсан цөөхөн монголчуудын нэг гэж сонссон. Ямар ажлаар очсон юм бол?

-1980-аад оны дунд үед Мардайд Монгол Зөвлөлтийн томоохон төлөөлөгч очиход нь би орчуулгыг нь хийхээр очсон юм. Тэгэхэд л өнөө хүмүүсийн яриад байдаг Мардай ярьж байснаас нь илүү чанга харуул хамгаалалттай, хатуу чанд газар болохыг өөрийн биеэр мэдэрсэн.  Алхам бүрт хатуу хяналт нь мэдрэгдэх бөгөөд бараг л “Одоо тийшээ харж болно, ийшээ орж болохгүй, яг нэг нэгийнхээ араас яваарай” ч гэх шиг алхахад ч, амьсгалахад ч үнэн дарамттай газар шиг санагдсан. 

-Зөвлөлтийн төлөөлөгч ямар ажлаар ирсэн байсан бэ?

-Мардайн ордоос уран олборлосонтой холбоотойгоор Дорнодын талын агаарын найрлагад ихээхэн өөрчлөлт гарч, хортой бодисууд их хэмжээгээр илэрсэн тухай дүгнэлтийг манай мэргэжлийн байгууллагууд нягтлан шалгасан юм билээ. Тэр дүгнэлтийг Зөвлөлт рүү илгээж, үнэхээр газар дээрээ байдал хэрхэн байгаа талаар зөвлөлтийн мэргэжилтнүүд үзэж шалгахаар ирсэн байсан. Би тэр үед  химийн чиглэлээр Зөвлөлтөд сурч ирсэн байсан болохоор азаар намайг орчуулагчаараа авсан юм. Тэгэхэд заавал агаарын чанарыг шалгадаг аппаратын хэрэг ч байхгүй, Мардайд очоод хэдэн цаг болоход л дотор муухайрч, толгой эргэж байсан даа. Зөвлөлтийн агаарын болон химийн мэргэжилтнүүд агаар, газар, ус зэргээс шинжилгээ авахад бүр “онц аюултай” гэсэн үзүүлэлтийг зааж байсан ч хэдэн сарын дараа манай улсад ирүүлсэн  шинжилгээний дүгнэлт нь “Агаарт бага зэргийн өөрчлөлттэй, энэ нь хүн болоод ан амьтанд нөлөөлөх аюул байхгүй” гэсэн байсан. Комисст орсон бүх хүмүүс энэ дүгнэлтийг худал гэдгийг мэдэж байсан ч орос ах нарынхаа ирүүлсэн дүгнэлтийг яаж эсэргүүцэж чадах билээ. 

-Мардай руу ороход тэнд хүмүүс байсан уу?

-Мардайн орд руу нэвтрэн ороход бидэнд хорт утааны баг, хамгаалалтын хувцас өмсгөсөн. Бас бидэнд “Уурхайн ордод ажиллаж байгаа хүмүүстэй хамаагүй харилцаж болохгүй, тэд газар дор олон хоногоор ажилладаг болохоор сэтгэц нь өөрчлөлттэй байдаг” гэж сануулсан. Харин миний бие орчуулгаа хийж явах үедээ ганц нэг хүнтэй ярилцъя гэж бодож явсан. Үнэхээр тэнд монголчууд нэг ч байхгүй. Бүгд л халзан толгойтой, турж эцсэн, нүд нь хонхойсон,  харц нь аймаар зэвүүн, үзэн ядсан байдалтай байсан. Жоом лоотуугаа яаж дийлдэг юм гэмээр тийм эцэж турсан хүмүүс  харагдсан. Тэд ямар ч үйлдвэрийн ажилчин биш, яг л сүүлчийн хоногоо хүлээж буй хүмүүс шиг л байсан. Боломж гарвал тэдэнтэй ярилцана гэж бодож явсан ч хажууд явсан хамгаалалтын орос мэргэжилтэн алхам ч холдохгүй байснаас болоод үг солилцож чадаагүй. Тэдний дундуур явахад үнэхээр аймаар дүр төрхтэй байсан. Хэдэн өдөр миний санаанаас аймаар хурц нүдтэй, өлсгөлөн туранхай тэр хүмүүс гараагүй шүү. 

-Гэхдээ тэр хатуу газраас оргож чадсан орос эрийн тухай, монгол бүсгүй түүний амийг аварсан тухай домог шиг яриа дорнодчууд ярьдаг юм билээ?

-Тэр явдал 1985 онд болсон санагдаж байна. Мардайн ордод хэдэн сар ажилласан таван оросыг ачсан “УАЗ-66” машин худаг дээр очсон юм билээ. Машинаас жолооч орос эр, хажуудаа яваа буу барьсан эртэй хамт гарч ирээд худгаас ус ууж цангаагаа тайлж, бас машиных нь мотор халсан учраас хүйтэн ус хийхээр зогссон нь энэ аж. Тэднийг машиндаа ус хийж байх үед малаа услахаар нутгийн бүсгүй ирсэн гэдэг. Орос эрчүүд бүсгүйг сонирхож, элдвээр оролджээ. Тэгээд “Водка есть” гэхээр нь бүсгүй гэр рүүгээ дагуулан явсан аж. Тэд бүсгүйн гэрт очоод монгол архи уун нэлээд халамцсан байна. Хөл дээрээ тогтож чадахгүй шахам мөртлөө явна гэж зөрүүдлээд, сүүлдээ бие биедээ агсам тавиад эхлэхээр нь айсандаа бүсгүй бушуухан явуулахын түүс болжээ.

Тэднийд бараг гурав, дөрвөн цаг сууж багагүй дайлуулж халамцсан тэд бүрэнхий болохын үесэд хөдөлсөн аж. Тэгж удаан байхад өнөөх ачаан дээр нь байсан хүмүүсээ ерөөсөө буулгаагүй бөгөөд бүсгүй тойрч үзвэл машины хашлага дотор торон сараалж байсан гэдэг. Дотор нь дөрөв, таван хүн сууж харагдах бөгөөд шивнэх шахуу ярилцаж байсан байна. Тэднийг нэг ч удаа буулгаагүй бөгөөд сайн ажиглавал нэг, нэг гарыг нь төмөр торныхоо хажуугийн төмөрнөөс гавласан байжээ. Бүсгүй тэдэнд хоол унд өгч болох эсэх талаар өнөө хоёр орос эрээс асуухад тэд шууд л үгүй гэж толгой сэгсэрчээ.  Машины ачаан дотор байсан оросууд шууд л машин дээрээсээ шээж байсан бөгөөд хөл гар нь их чилж буй бололтой хөдөлж байх нь харагдана. Ингээд нэлээд орой болсон хойно өнөө хоёр орос эр машинаа асаан хөдөлжээ. Харамсалтай нь тэр шөнө согтуу оросуудын гайгаар өнөө машин онхолдож, ачиж  явсан таван хоригдлын хоёр нь газар дээрээ нас барсан гэдэг. Мөн жолооч, хянагч хоёр ч бурхан болсон. Харин хоёр хоригдол нь азаар эсэн мэнд үлдэж, хүндэвтэр гэмтсэн ч гаваа тайлаад зугтааж амжжээ. Гэвч тэд хамтдаа зугтаалгүй, өөрсдийн амь насыг бодон хоёр тийшээ зугтаасан байна.  Нэг нь осол болсон газраас хэдхэн км-ын цаана өрөөсөн хөлөө чирж яваад баригдсан бол нөгөө хоригдол нь огт олдоогүй гэдэг. Хэдэн өдөр хайсан боловч ямар ч ул мөр олдоогүй учир эрлийн ажиллагааг зогсоож, энэ хэргийг нам дарсан аж. Харин хэдэн жилийн дараа нутгийн нэгэн айлд орос хүн амьдарч байгаа тухай яриа дуулдсан байна. Ийм мэдээ сонссон Зөвлөлтийн цэрэг, цагдаагийнхан яаралтай ирж, тэр айлын гэрийг бүсэлж, нэгжсэн ч олоогүй. Зөвлөлтийн цэргүүд ирж байгааг дуулсан  нутгийнхан тэднийхээс өнөө орос эрийг авч өөр айл руу аваачжээ. Энэ мэтээр нутгийн хүмүүс орос эрийг нэг нэгнийдээ аваачиж нуусаар амь насыг нь аварсан түүхтэй. Анх осолд орсон байх үед нэгэн монгол бүсгүй харж, очин түүнийг чирсээр гэртээ авчирсан гэдэг. Азаар тэрээр өглөө нь ухаан орж,  өөрийгөө Мардайд ажиллаж байснаа хэлсэн байна. Тэгээд уйлан барин өөрийгөө нуухыг хүссэн аж. Ингээд түүнийг илүү гэрийнхээ дор газар ухан, дээрээс нь ширдэг хаячихаар хэн ч түүний дор хүн амьдарч байгаа гэж сэжиглэх билээ. Ийм маягаар хэдэн сар өнгөрөхөд бие нь тэнхэрснээр нутаг орон руугаа явахыг хүсчээ. Гэвч Зөвлөлтийн хүмүүс түүнийг хайсаар байсан учраас  тэрээр гэрээс нь гарч чадахгүй байжээ. Энэ хугацаанд малчин бүсгүйн нөхөр нь түүнийг хэрхэн хил давуулах бүх ажлыг зохицуулж өгөн, арван сарын дараа хөхөө өвлийн хүйтнээр  хил амжилттай давуулжээ. Тэрээр хэдэн сарын турш Сибирийн их тайгаар бэдэрч явсны эцэст нутагтаа очсон гэдэг. Цаг төр өөр болж, айх айдасгүй болсон хойноо тэрээр амийг нь аварсан монгол бүсгүйд талархлаа илэрхийлж ирж байсан гэдэг юм билээ.

-Тэр хоригдол ямар хэрэгтэй байсан юм бол, яагаад оргох болсон бэ?

-Ер нь Мардайн ордод эрүүгийн гэмт хэрэгтнүүд гэхээсээ илүүтэй улстөрийн гэмт хэрэгтнүүд хоригддог байсан. Цаг, төрийнхөө байдлаас болоод  тухайн үед улстөрийн хэрэгтнүүдэд ихэвчлэн цаазын ял оноодог байж. Тэрхүү Алексей гэх орос эр ч  мужийнхаа намын даргыг шүүмжилснийхээ төлөө цаазаар авах ял сонсч, улмаар Мардайн ордод цөлөгдсөн юм билээ. Гэвч нарийн мэргэжлийн зарим хүн хэрэгтэй болсноор цөмийн физикч мэргэжилтэй Алексейг авч явж байгаад осолдсон нь энэ. Энэ осол бол түүний хувьд оргох маш том боломж бөгөөд үхэн хатан тэмцсэн ч ухаан балартан унасан байх үед нь монгол бүсгүй амийг нь аварчээ. Хөөрхий тэр залуу, хэдэн сар ураны уурхайд ажилласны гайгаар ихэд эцэж ядарсан, мөн сэтгэцэд нь багагүй өөрчлөлт орсон байсныг монголчууд тайвшруулж, эмчилж өгснөөр тэрээр эхнэр, хүүхдийнхээ нэрийг санаж, цаг тутам тэднийгээ ярьдаг болжээ. Ингээд нутгийн иргэд түүнийг  нутаг руу нь явуулах бүх ажлыг зохицуулж өгснөөр, ийнхүү эсэн мэнд эхнэр, хүүхэд дээрээ очсон гэдэг. Түүнээс нутгийн иргэд Мардайн  ордын тухай маш олон зүйлийг мэдэж авснаар, үндсэндээ Мардайн орд гэж ямар тамын газар болох, хоригдлууд тэнд дээшээ гарч ирж, нар салхи үзэхгүйгээр үхлээс өөр замгүй болдгийг сонсч, зөвлөлтүүдийг үзэн ядаж байсан гэнэ лээ.  


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=