ЯПОН ДУУЧИН БҮСГҮЙН СЭТГЭЛЭЭС БҮТСЭН "МОНГОЛЫН ТАЛ НУТАГ" ДУУНЫ ТҮҮХ


Монгол хүн бүрийн зүрх сэтгэлийг хөвсөлзүүлж байдаг "Монголын тал нутаг" дуу япон дуучин бүсгүйн сэтгэлээс бүтсэн аж. Японы дуурийн дуучин бүсгүй Окуяма Юми 1999 онд Гадаад харилцааны яамны шугамаар “Учиртай гурван толгой дуурь”-ийн 21 дэх Нансалмаад тоглохоор анх манай улсад иржээ. Тэрээр онгоцны буудал дээр буухад цээж дүүрэн амьсгаа авч, "Монгол орны тал ямар уудам юм, монгол хүний сэтгэл ямар уужим юм" хэмээн бодож, талархаж байжээ. Энэ мэдрэмжээ тэрээр яруу найрагч З.Түмэнжаргалд хэлснээр шүлэг нь бүтэж, улмаар хөгжмийн зохиолч Б.Шараваар аялгууг нь тэгшитгэжээ. Энэ тухайгаа дуучин Окуяма Юми нэгэнтээ ингэж дурссан байдаг.  "Анх Монголд буусан мэдрэмжээ дуу болгомоор санагдаад хөгжмийн зохиолч Б.Шарав, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч З.Түмэнжаргал хоёрт захиалга өгсөн. Тэгээд

Яасан цэнгэг юм бэ Монголын ариун агаар

Ямар цэлмэг юм бэ Монголын хөх тэнгэр

Яасан уудам юм бэ Монголын тал нутаг

Ямар уужуу юм бэ монгол хүний сэтгэл…

гэсэн утгаа хэлж өгсөн. Удалгүй энэ хүсэл маань биелэгдэж, дуу бүтэж, энэ дуугаа өөрийн биеэр мэдэрч дуулмаар санагдаад Бээжингээс галт тэргэнд суугаад ирж байлаа. Энэ дууг дуулахаар өөрийн эрхгүй нулимс гардаг юм. Би Монголд хайртай. Морин хуурын чуулгын 10, УДБЭТ-ын 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтуудад уригдаж, монгол дуунуудаар Морин хуурын чуулгатай хамтран Японд бие даасан “Монголын тал нутаг” цомог гаргаж байсан" гэж дурсчээ. Харин энэ дууныхаа талаар яруу найрагч агсан З.Түмэнжаргал ийнхүү ярьжээ.  "Энэ дуу их сонин түүхтэй дуу байгаа юм. Дуу гэдэг бол үг, ая, дуучин гурвын нийлэг бүтээл байдаг. Энэ дууны түүх гэвэл өнгөрсөн жил би Солонгос, Хятад, Казакстанд очоод агаар нь таарахгүй, халуунд бүгчимдэж бачимдаад л нутагтаа буцахын түүс болж байлаа. Буянт-Ухаад буухад агаар нь сэнхийгээд, цээж дэвтээд л нэг сайхан болсон юм. Тэгээд үүгээр ер нь нэг дуу хийнэ дээ гэж саначихаад явж байтал Японы Юми гэдэг дуучин ирсэн. Учиртай гурван толгой дуурийн Нансалмаад дуулаад байсан бүсгүй. Тэр Монголын тал нутаг яасан сайхан юм бэ гэж уулга алдаад энэ тухай л дуу хийлгэмээр байна гэж хөгжмийн зохиолч Шарав бид хоёрт захиалга өгсөн. Тэгээд л өмнө өөрөө бодож явсан болохоор их амархан бүтсэн. Энэ дуунд ерөөсөө дөрвөн үг л байгаа. Энэ дууны үг “Яасан цэнгэг юм бэ Монголын ариун агаар, Ямар цэлмэг юм бэ Монголын хөх тэнгэр, Яасан уудам юм бэ Монголын тал нутаг, Ямар уужуу юм бэ Монгол хүний сэтгэл” гэж. Дараа нь тэр эмэгтэй захиалсан дуугаа дуулах гэж ирэхдээ “Монголын тал нутгийг өөрийн биеэр мэдэрч байж дуулмаар байна” гээд Бээжингээс галт тэргэнд суугаад ирж байв. Энэ дууг дуулахаар өөрийн эрхгүй нулимс гардаг юм гэж байсан. Ингээд дараа нь дуурийн дуучин Долгор гээд л бас бус хүмүүс дуулсан. Хамгийн сүүлд нь Камертон Сингапурт байж байгаад ирэхдээ их бахархалтайгаар энэ дууг СD-нийхээ нэгдүгээрт бичиж дуулж амьдруулсан" гэж ярьж байжээ. 

Мөн энэ дууг ИБУИНВУ-ын Уэлсийн нийслэл Кардиф хотноо болсон 'BBC Cardiff Singer of the World” буюу “Дэлхийн дуучин” тэмцээний “Романс” төрөлд тэргүүн байрыг эзэлж, “Ари” төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан МУГЖ, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар  дуулсан билээ.  Тэрээр Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг дуулж дэлхийн тайзнаа Монголын сонгодог урлагийн бүтээлийг эгшиглүүлсэн билээ.

 Монголын тал нутаг

      Дүүжүү алсаас ирээд 

      Дүүрэн амьсгаа авахад минь 

      Мөнхийн уснаас уусан юм шиг

      Цээж зүрх минь цэлмээд 

                 Ямар цэнгэг юм бэ Монголын ариун агаар

                 Яасан цэлмэг юм бэ Монголын хөх тэнгэр

      Алман цагаан саран

      Тормос тормос мишээгээд 

      Алтан мөнгөн одод нь 

      Тоо бүтнээрээ багтаад 

                 Яасан цэлмэг юм бэ Монголын хөх тэнгэр

                 Ямар цэнгэг юм бэ Монголын ариун агаар

      Аяны нүүдлийн шувууд

      Алжаан цуцаж гэтлээд 

      Алаг нүдний үзүүрт 

      Хаяа хязгааргүй цэлийгээд

                 Ямар уудам юм бэ Монголын тал нутаг 

                 Яасан уужуу юм бэ Монгол хүний сэтгэл 

      Уруудах өөдлөхийн тавиланд 

      Сэтгэлд цавгүй амгалан

      Учран ханилах заяанд 

      Итгэлийн сэвгүй цайлган

                 Яасан уужуу юм бэ Монгол хүний сэтгэл 

                 Ямар уудам юм бэ Монголын тал нутаг


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=
Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-13 21:35:13 IP : 202.126.88.87
Дамба : Үнэхээр тийм байдаг шүү
Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-14 06:28:57 IP : 73.75.166.7
Энхцэцэг : Энэ дууг дуулсан хүн бүрийн сэтгэл эх орноороо бахархан өнө мөнхөд жаргаж байх болтугай! Хайрт эх нутаг минь үеийн үед биднийгээ энхрийлж жаргааж байх болтугай!
Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-14 09:50:05 IP : 59.153.115.144
Батмөнх : Монгол хүн болгон л алс холын нутагаас Буянт- Ухаагынхаа буурал дэнж дээр ирээд онгцны хаалгыг онгойлгоход Цээж дүүрэн амьсгалж нэг тайвшраад , Гэртээ ороод крантныхаа хүйтэн усыг гьожуулж байгаад нэг аяга дүүрэн залгилхын сайхныг амтыг хэзээ ч мартдаггүй гэхдээ энэ жаргалаа анзаардаггүй. ..
Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-14 10:40:09 IP : 202.126.90.136
Зочин : Ямар сайхан бичээ вэ ойрд мйм сайхан нийтлэл уншсангүй баярллаа хуулбарлан авав олон хүнд түгээеээ
Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-14 11:49:12 IP : 103.80.210.116
Зочин : Дахин дахин сонсмоор дуу шүү гайхалтай гайхалтай
Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-14 14:07:58 IP : 203.91.115.41
Зочин : Гоё дуу болсон шүү...Тэгээд ийм эх орноо голоод гадагшаа явж байгаа нь ч бий. Ахгагүй амьдралын шаардлагаар сурах, эмчлүүлэхээр явагсад ч байдаг... Гэтэл эх орноосоо хумслаад баяжаад гадагшаа явагсад ч олон байх юм даа...Хүний эрхээр бусдын нутагт жаргал хөөж баян юм шиг амьдарч явахаар ядуу ядруухан ч гэлээ өөрийн эрхээр эрх чөлөөтэй амьдрах нь амьдралын гол утга учир юм даа...Бүгд 100 наслахгүй шүү дээ...Гадаадад ...Үхсэн хойноо ч өмхий зовлогоо мөнгө төлж оршуулах нь гоё л байлгүй дээ...Хүний эрх л гэх байхдаа тмймээ...Эргэж ирэхийн цагт энэ газар шороо хүнийх болчихсон байвал амьсгал агаар, гишгэх газар нь үнэтэй болох бий в1ий дээ.
Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-14 21:16:15 IP : 202.9.40.23
Ганболд : Ямар гоё яасан сайхан түүх, эгшиглэнт эрхэм дуу дуучид вэ? Баярлалаа
Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-15 07:09:14 IP : 66.181.161.29
Зочин : Юми дуучны дуулснаар сонсож байсан. Маш гоё дуулсан юм билээ. Харин дахин сонсох гээд хайгаад олоогүй л юм даа.
Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-16 11:12:09 IP : 66.181.189.36
Д.Адьяажав. : Юмигийн тоглосон Учиртай гурван толгойг ханьтайгаа үзэж байлаа. Гоё дуулдаг сайхан бүсгүй. Амжилт бүтээл аз жаргал хүсье.