Оросын хувийн арми болон “Вагнер" группын эзэн Е.Пригожины сууж явсан "Embraer Legacy 600" загварын тийрэлтэт хөдөлгүүртэй онгоц хоёр удаа дэлбэрэлт болсны дараа шууд хяналтаа алдаж, нэг далавчтайгаар Куженкино тосгоны ойролцоо газарт унаж дэлбэрчээ. Тэрээр сүүлийн хэдэн сар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй таарамжгүй харилцаатай байсан юм. Гэвч Е.Пригожин “Би хэзээ ч онгоцны ослоор нас барахгүй” гэдэг байжээ. Учир нь тэрээр онгоцоор явахад заавал хоёр онгоц зэрэг нисгэдэг байсан бөгөөд аль онгоцонд суусныг нь хэн ч мэддэггүй байсан аж. Харин энэ удаа тун ойрын хүн нь урваж, түүний сууж явсан онгоцны талаар мэдээлсэн гэж таамаглаж байна. Ер нь түүнийг В.Путинтэй таарамжгүй харилцаатай болсноос хойш удахгүй амь насаа алдана хэмээн Европ болон Америкийн хэвлэлүүд таамаг дэвшүүлж байсан билээ.
Түүний сууж явсан "Embraer Legacy 600" онгоц Москвагийн цагаар 17:46 цагт өөрийнхөө тухай мэдээллийг дамжуулж эхэлсэн байна. Тэрээр координатаа дамжуулаагүй бөгөөд Flightradar24 зөвхөн Москвагаас баруун хойд чиглэлд хөдөлж байх үед Москвагийн цагаар 17:59-18:11 цагийн орчимд түүний байршлыг тодорхойлж чаджээ. Харин дараа нь "Embraer Legacy 600" онгоц хэдэн минутын турш бага зэрэг дээшилж байгаад 18 цаг 19 минутад унаж эхлэсэн байна. Иймд "Тус онгоцыг Оросын агаараас хамгаалах системээс буудаж унагасан бөгөөд онгоц Москвагаас Санкт-Петербург руу нисч байсан" гэж Америкийн тагнуулын албанаас мэдээлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.