ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭД ХҮҮХДҮҮД ӨРТСӨН ГАШУУН ҮНЭН



Гучаад оны үеийн гунигт их хэлмэгдүүлэлтийн үед хэд хэдэн эмэгтэй цаазлагдсан аймшигтай бөгөөд үнэн баримт бий. Буудан алуулсан эмэгтэйчүүдийн дотор цөөнгүй хүүхэд байсан нь өнөөдөр ил болоод буй. Баттай баримтаас үзвэл, эхийнхээ хэвлийд бүрэлдэж буй ураг хүртэл хэлмэгдсэн байдаг. Дотоодыг хамгаалах газрын мэдээнд дурьдсанаар, 8 жирэмсэн эмэгтэй буудуулж нас барсан байдаг аж. Харин түүхчид бодит байдал дээр үүнээс илүү жирэмсэн эмэгтэйчүүд буудуулж, мөн шоронгийн тамлалыг давж чадалгүй амь насаа алдсан хэмээн үздэг. Хамгийн тод нэгэн хүүхдийн хэлмэгдүүлэлт бол “Хэнтийн мэргэн жаал” гэж алдаршсан есхөн настай хүү Ламаадан хутагт байв. Харин хилсээр хороогдсон 8 жирэмсэн бүсгүйн зарим нь хэн, хэн байв гэдэг нь хараахан бүрэн тодорхой болоогүй ч бас нэрлэж болохоор байдаг. Намын Төв хорооны гишүүн, үндэсний шилдэг сэхээтэн Маа бэйсийн Дулмаа, Монголын хошууны анхны эмэгтэй дарга Д.Дунгаржид, “Орос” Долгор, маршал Г.Дэмидийн гэргий Б.Навчаа, Богд хааны сүүлчийн залуу хатан 32 настай Н.Гэнэнпил нарын нэрс дурайдаг. Түүн дээр дээр дурдсан Ламаадан хутагт хүүгийн ээж нэмэгдээд тоо нь 6 болчихож байгаа юм. Түүнээс гадна их эмч Д.Дэнсмаа нарын шорон гянданд хоригдож тарчлан зовсон бүсгүйчүүд цөөнгүй байдаг нь мэр сэр тодорсоор л байна. Хожим гавьяат эмч болсон Д.Дэнсмаа 1930-аад онд зохиолч М.Ядамсүрэн, корпус командлан захирагч Г.Самбуу нартай ханилан сууж явжээ. Тиймээс эсэргүүний эхнэр хэмээн 1938 онд баривчлан 9 cap шоронд хорьсон аж. Мөн тэр үед эсэргүүний эхнэр хэмээн зохиолч М.Ядамсүрэнгийн гэргий жүжигчин Ичинхорлоо, дивиз командлан захирагч Д.Жамъянжавын гэргий дуучин Дэвээ нарыг Улсын төв театраас хөөж байжээ. Бас маршал Г.Дэмидийн гэргий Б.Навчаагийн эгч Б.Зинаг ч баривчлан хорьж байсан билээ. Түүнд эхлээд цаазын ял оноосон ч 10 жилээр хорихоор болж амь хэлтрүүлсэн аж. Маршалын гэргий тэр үед хэвлийдээ 6 сартай хүүхэд тээж байжээ. Өөрөөр хэлбэл нэг сумаар 2 хүний амь хороосон хэрэг. Б.Навчаа гох нь атгагдсан буунд онилуулан зогсож байхдаа “Зандалчдаа байз, би үсээ засаадахая” гэж хэлээд санчигаа илбэнгээ буудагдан унасныг алуурчид нь бусаддаа инээлдэн ярьцгааж байсан гэлцдэг.Тэгэхэд хүү Д.Элбэг нь аравхан настай өнчрөн үлджээ.  “Хэнтийн мэргэн жаал”-ын ээжийг До яаманд баригдан хотод хүргэгдсэн хүүгийнхээ араас хөөцөлдөн ирэхэд нь барьж авч буудан хороосон байдаг байна. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=