БРЮС ЛИГИЙН ҮХЛИЙН НУУЦ



Брюс Ли Хонгконгд 1973 оны зургадугаар сард ирж өөрийн хийхээр бэлдэж байгаа “Game of Death” хэмээх кино дээр ажиллаж байлаа. Хэд хоногийн дараа тэрээр Тайванийн жүжигчин бүсгүй Бетти Тинг Пейний гэрт зочилж, уг жүжигчнийг өөрийнхөө шинэ киноны нэгэн дүрд тоглуулахаар ятгах гэж оролджээ. Орой 19 цаг 30 минутын үед Брюсын толгой өвдөж, Бетти толгойн өвчин дарах “Экважесик” гэдэг энгийн нэг эм өгсөний дараа Ли “бага зэрэг хэвтээд зүгээр болно байх” гэсээр орон дээр нь унтсан гэдэг. Гэвч тэр дахиж нарт хорвоод босоогүй юм. Оройн 23 цагийн үед алдарт жүжигчин, найруулагч, гар тулааны мастер, дэлхийн хамгийн өндөр бэлтгэлжсэн хүн болох Брюс Ли тэнгэрт халилаа гэсэн мэдээ дэлхий даяар тархаж эхэлсэн ба энэ үед тэрээр ердөө 32 настай байжээ. Удалгүй албан ёсны тайлбар гарч, тэрхүү тайлбараар бол Брюс нь эхнэр Линдатай цуг өөрийн гэрийн ойролцоо зугаалан явж байгаад гэнэт ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдсэн боловч ухаан орохгүй байсаар нас барсан юм байна. Задлан шинжилгээгээр тархины хавангаас болж нас барсан боловч чухам ямар шалтгаанаар тархинд хаван үүссэнийг тодорхойлох боломжгүй ...гэсэн байв. Албан ёсны мэдээлэл нь байдлыг тодорхой болгох биш улам бүр будлиантуулсан ба жижигхэн Гонконгд Брюс Ли нь хаагуур явж, хэнийд очиж байсныг бараг толгойтой болгон мэдэж байсан гэхэд буруудмааргүй тийм цаг үе байв. Гэтэл албан тайлбар шал өөр юм бичээд байдаг. Гонконгод Брюс Ли-тэй салах ёс гүйцэтгэх үед Ази тивийн олон улс орноос шүтэн бишрэгчид нь ёстой л шавж эхэлсэн гэдэг. Хэдийгээр засаг захиргаа ёслолын ажиллагааг аль болох даруухан, хүн багатай хийх гэж оролдсон боловч 25 000 гаран хүн хүрэлцэн ирж бас бөөн явдал болж байв.  Ёслолын дараа Брюсийн эхнэр Линда мэдэгдэл хийхдээ: “Миний нөхрийн нас эцэслэсэн явдлыг мөрдөн шалгаж дуусаагүй байгаа энэ цаг үед Гонконгийн оршин суугчид та бүхнээс энэ явдалтай холбоотой элдэв цуу ярианд автахгүй, цаашид дэврүүлэхгүй байхыг гуйж байна. Би Брюсыг зуурдаар нас барсан гэдэгт огт эргэлзэхгүй байгаа бөгөөд түүний үхэлд өөрийгөө болон өөр бусад ямар ч хүнийг огт буруутгахгүй байгаа юм шүү...” гэж хэлжээ. Тухайн үеийн Гонконгт өдөр тутмын 101 хятад сонин, 4 англи хэл дээр гардаг сонин байсан бөгөөд тэр олон шар бор хэвлэлүүд нь уншигчдаа булаацалдан ёстой л гал гармаар өрсөлддөг байж. Тэгэхээр аль болох олныг шуугиулсан, сэтгэл сэрдхийсэн аймшигтай юм бичиж байж л олны анхааралд өртөнө. Брюсын үхэл энэ бүх өрсөлдөөний нэг золиос болж хувирчээ. Бараг сонин болгон Брюсын үхлийн талаар өөрийн “найдвартай эх сурвалжаас” авсан мэдээллийн дагуу хачин хачин таамаг гаргаж байлаа. Тэдгээрээс хамгийн их алдаршсан, олон хүн итгэдэг хэд хэдэн таамгийг сонирхуулахад:

-Брюс Ли нь хамгийн хөнгөн хар тамхинаас эхлээд (марихуан зэрэг) хэт хүчтэй LCD зэрэг мансууруулах бодис хэргэлэдэг, ийм үед нууц амрагтайгаа бэлгийн ажил хийж байгаад гэнэт зүрх нь тэсээгүй

Брюс Лиг гудамжинд явж байхад нь 15 хүн гэнэт дайрч зодож алсан ба тэдгээр хүмүүс нь бүгд хөлсний алуурчид байж

-Брюс Ли огт үхээгүй байгаа. Энэ үхлийн тухай шуугиан нь түүний шинэ кино болох Game of Death-ын пиар болсон.

-Брюс ли нь Триада хэмээх Хятадын мафид мөнгө төлдөг байгаад сүүлийн үед төлөхөө больсноор алуулсан

Брюс нэгэн цохилтын арга техникийг дэлгэц дээр яаж сайхан, сүртэй гаргах талаар олон хоног ажиллаж, цохиж үзсэн ч олигтой болохгүй байжээ. Тэгсэн нэгэн өдөр танихгүй хүн зураг авалтын талбай дээр ирж тэр цохилтыг хийх өвөрмөц хувилбарыг Брюст үзүүлж байгаа нэрээр цохисон ба Брюс тэрхэн зуураа ухаан алдаж унаад эргээд сэргэхэд уг хүн алга болсон байлаа... Иймэрхүү хов жив биш харин жинхэнэ задлан шинжилгээ, өвчний түүх зэргийг судлах явцад нэлээд олон ойлгомжгүй зүйлүүд ил болж эхэлсэн байна. Брюс Ли амь алдахын өмнө буюу Тайвань жүжигчин хүүхний гэрт байхдаа марихуан хэрэглэсэн нь тогтоогдсон боловч хэмжээ нь хэтэрхий бага байсан учир үхлийн шалтгаан болох ямар ч боломжгүй гэдгийг эмч нар баталж байж. Мөн Брюсийн эхнэр ч гэсэн Ли-г хөнгөн мансууруулах бодис хаяа хэрэглэдэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Нас барахаас өмнө буюу тавдугаар сарын 10 ны өдөр Брюс Ли гэнэт ухаан алдаж унасан ба шалтгаан нь эпилепсий өвчний нэгэн төрөл байсан учраас эмч нар Дилантин хэмээх нэртэй, эпилепси өвчний эсрэг эм бичиж өгчээ. Харин энэ эмийг элдэв юмтай хольж хэрэглэж болохгүй гэсэн заавартай. Гэтэл Ли үе үе марихуан хэрэглэж байсан байдаг. Бага хэмжээний марихуан уг эмтэй үйлчлэлд ороод айхтар гай болохгүй гэх боловч Брюс Ли-гийн татсан тэр татсан марихуаныг нь өөр ямар гээч юмтай хольсон байсан тухай (амт нөлөөг нь сайжруулах гэж хачин хачин юм хольдог гэнэ), тэр хольсон юм нь дээрх эмийн үйлчлэлд яаж нөлөөлсөн байж болох талаарх ямар ч мэдээлэл олдоогүй юм. Олдох боломжгүй байж. Учир нь Брюс гэнэт нас барвал эхнэр хүүхэд нь 500 мянгаас 2 сая хүртэл ам доллар авах ёстой ба энэ мөнгийг авахгүй байх олон нөхцөл гэрээнд байсны нэг нь мансууруулах бодисоос болж амиа алдах тохиолдол байсан гэдэг. Магадгүй Брюс Ли-г хэн нэгэн хүн алж хорлоогүй, өөрөө л анзааргагүй...Брюс Ли-гийн цогцсыг нь Сиэтл хотод аваачиж, бараг нууц байдалд оршуулсан ба энэ үеэр түүний найз нөхөд, ах дүү нарын 150 хүн, 100 гаруй ажил төрлийн холбоотой хүмүүс ирсэн байжээ. “Хэрвээ би маргааш үхвэл надад харамсах юм алга. Би хийх гэж бодсон, зорьсон болгондоо хүрлээ. Амьдралаас үүнээс илүү юм шаардаж болохгүй ээ” гэж Брюс Ли нэгэнтээ хэлж байсан гэдэг.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=