Одоогоос арван жилийн өмнө Нигери улсын иргэн М.Опутаг Монголд ирж, “Найман шарга” валютын захын ченжүүдийг хамраар нь газар хатгатал залилсан байдаг. Ер нь гадаад хүн гэхээр л Монголчууд бид хуйларч гүйдэг “өвчтэй” хүмүүс болохоор яалтай билээ. Ингэхдээ нигер эр “Америк долларыг тусгай аргаар олшруулна” долларын ченжүүдийн дунд судалгаа хийжээ. Богино хугацаанд их ногоонтой болох гэсэн хоёр ченж түүний уран үг, хуурамч аргад итгэн, 35 мянган доллараа өгсөн байгаа юм. М.Опута “Америк доллар олшруулах” тусгай химийн бодис, зааварчилгаа бvхий дискүүд, цаас материалаа хадгалдаг цүнхээ үзүүлж итгэл үнэмшил төрүүлсэн бололтой. Чингээд М.Отупаг тусгай бээлий өмсөн, бодисноосоо авч хар цааснуудын дунд 100 долларын дэвсгэрт хавчуулан, “Маргааш өглөө гэхэд 400 доллар болно” гэж хөргөгчинд хийгээд орхижээ. Залуусыг маргааш нь үзэхэд өнөө 100-тын дэвсгэрт 400 болон өссөн байлаа. М.Опутаг башир арга хэрэглэж буйг ухааралгүй хоромхон зуур баяжих хүсэлд автсан ченжүүд 35 мянган ам. доллар авчирчээ. Олшруулсан долларынхаа ашгийг хуваана гэсэн болохоор залуус хар буруу санаагүй аж. Тийнхүү гэнэн, тэнэг ченжүүдийн 35 мянган долларыг сэмхэн аваад зугтахыг оролдсон Опутаг тагнуулын ажилтнууд саатуулж залилангийн хэргийг нь илчилсэн байна. Азаар Нигери луйварчны уран мэхэнд дээрх залуусаас өөр хүн өртөөгүй юмсанж. М.Опутаг манай улсад ирэхээсээ өмнө Казахстанд очих сонирхолтой байсан боловч тус улс виз өгөөгүй аж. Иймд Энэтхэг, Хятадаар дамжин манай улсад ирсэн нь тогтоогдов. БНХАУ-ын Бээжин хотод суугаа манай улсын Элчин сайдын яамнаас түр виз авсан тухайгаа тэрбээр мэдүүлжээ. Сэжигтэн М.Опутаг “мөнгө олшруулдаг” аргыг нутгийн анд Антони гэгчээс сурсан гэнэн. Тагнуулынханд мэдvvлэхдээ, “Анх Чингис хаан нисэх онгоцны буудалд буухад хүмүүс намайг илт сонирхоод баян гадаад гэж андуураад байгааг би мэдсэн. Зочид буудалд янхан хүүхнүүд хүртэл ирж надад биеэ үнэлсэн. Монголчууд их гэнэн итгэмтгий зантайг нь далимдуулан залилан хийхээр шийдсэн юм. Энэ бүхэн миний буруу, намайг бурхан өршөөг. Би эх орондоо харимаар байна” гэжээ.
Нигери эр хотод байх хугацаандаа захын хорооллын буйдхан зочид буудлуудыг сэлгэн байршлаа байнга сольж, янхан хүүхнүүдтэй зугаацан мөн “Доллар олшруулдаг” химийн бодис бvхий цаастай цүнхээ ХIII хороололд байрлах нэгэн үйлчилгээний төвийн худалдагчид хадгалуулж байсныг тагнуулынхан тогтоожээ. Тагнуулынхан нигери эрийг гэмт бүлэглэлийнхний гар хөл болсон нэгэн байж болзошгүй хэмээн үзэж дахин Монгол Улсад ирэх эрхийг нь хасч, албадан гаргажээ. Африкийн орнуудад гэмт бүлэглэл, террорист, мафийн сүлжээ олон байдаг учир манай улсаас гадаадад суугаа Элчин сайдын яамд гадаадын ямар орны хүнд виз олгохыг сайтар судалж, гэмт этгээдүүдэд хууртагдахгүй байхыг тагнуулынхан сэрэмжлүүлж байв. Яг ийм хэрэг 2000 оны намар Монголд гарч байсан аж. Кувейтын иргэн Мухамед Самит гэгч эр эхнэр хүүхдийнхээ хамт Монголд нэг сар байх хугацаандаа “Найман шарга” валютын ченжүүдийг доллар олшруулна хэмээн залилан луйвардаж 13 мянган ам.долларыг нь сэгсэрч байжээ. Мухамедыг тэр үед ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн мөрдөн шалгаж, Ганцхудагт цагдан хорьсон байдаг. Мухамед нэг сар орчим мөрдөнд хоригдож, энэ хугацаанд түүний Кувейтад амьдардаг ах дүүс нь 13 мянган доллар явуулан долларын ченжүүдийн хохирлыг барагдуулж байсан түүхтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.