В.ПУТИНЫ ТОЛГОЙ НЭГ САЯ ДОЛЛАРЫН ҮНЭ ХҮРЛЭЭ



ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тушаалаар Украин улс руу түрэмгийлэн зэвсэг, цэргээр халдаж буй  байдал үргэлжилсээр байна. Украинд довтолсон энэхүү цэргийн ажиллагаа гэх нэрийн дор өрнөж буй дайныг дэлхийн олон орон  буруушааж байгаа юм. Иймд АНУ-ын Дээд конгесс болон Евро парламентын чуулган зэрэг байгууллагууд яаралтай хуралдаж, Украин улсад цэрэг зэвсэг, мөнгө санхүүгийн тусламж илгээж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар олон улсын банк хоорондын Оросын  гүйлгээний эрхийг хассан, мөн  дэлхийн бизнесийн томоохон байгууллагууд Оросоос өөрсдийн бизнесмээ гаргаж, зарим нь үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа билээ. Оросын ард иргэд ч В.Путины энэхүү тэнэглэлд эсэргүүцлээ илэрхийлж,  40 гаруй томоохон хотод нь  эсэргүүцлийн жагсаал болсон. Харамсалтай нь Оросын цагдаа, хүчний байгууллагынхан жагсагчдыг тарааж,  жагсаал зохион байг­уулагчдыг баривчилсны дотор таван хүүхдийг баривчилсан нь хүний эрхийн байгууллагуудыг хатуухан мэдэгдэл гаргахад хүргэсэн юм. Банк, санхүүгийн системд нь хориг тавьснаар,  рублийн ханш  хурдацтай унаж, доллартай харилцах ханшийн зөрүү асар ихээр нэмэгджээ. Энэ нь орон сууцны зээл авсан болон бизнес эрхэлж буй оросуудад маш хүнд цохилт болсон байна. Иймд эдийн засгийн энэхүү хориг арга хэмжээнээс болж хохирч буй оросууд  дахин гудамжиндаа гарч жагсах нөхцөл үүсээд байгаа аж. Эхнээсээ энэ байдлыг тэвчиж чадахгүй Оросын бизнесмэнүүд тэсэрч эхэлсний нэг нь  бизнес эрхлэгч Алекс Конанихин  юм. Тэрээр “Linkedin” хуудаснаа ерөнхийлөгч Владимир Путины толгойг нэг сая ам.доллараар үнэлжээ. Алекс Конанихин Кремлийн удирдагчийг амьд үхсэн нь хамаарахгүйгээр олзолж чадах хэн бүхэнд тус нэг сая ам.долларыг өгөхөө мэдэгдэв. Алекс Конанихины үзэж байгаачлан Владимир Путин байхгүй бол дайн дуусч, энх тайван дахин дэлгэрэх юм. Тэрбээр “Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, Оросын болон олон улсын хуулийн дагуу Путиныг дайны гэмт хэрэгтэн хэмээн баривчилсан офицеруудад би нэг сая ам. доллар өгөхөө амлаж байна. Путин ОХУ-д орон сууцны барилгуудыг дэлбэлэх тусгай ажиллагааны үр дүнд засгийн эрхэнд гарч ирээд, дараа нь чөлөөт сонгууль явуулахгүй, өрсөлдөгчдөө хөнөөсөн нь Үндсэн хуулийг зөрчсөний үр дүн. Тэр  Оросын ерөнхийлөгч биш юм. Орос үндэстэн, Оросын иргэний хувьд би Оросыг зөв зүйл  хийхэд туслахыг өөрийн ёс суртахууны үүрэг гэж харж байна. Путины Ордагийн дайралтыг сөрөн зогсох баатарлаг хүчин чармайлтад нь би Украинд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлэх болно” гэж нийтэлжээ. Украины Охтырка хотын бага насны сурагч болон хоёр гэмгүй иргэдийг Оросын пуужин бөмбөгдсөний дараа Конанихин тус мэдэгдлийг гаргасан байна. Орда гэдэг нь “The Jerusalem Post” сонинд бичсэнээр “орд” буюу “махчин, дээрэмчин бүлэг” гэсэн утгатай. Бизнес эрхлэгч Алекс  Конанихины мэдэгдлийн дараа хилийн чанадад амьдарч, бизнес эрхэлдэг  олон арван орос гаралтай бизнесмэнүүд  түүний уриалгыг дэмжиж, Украинд туслах болно гэдгээ мэдэгдээд байгаа юм байна.  Өдрөөс өдөрт ширүүсч буй Украинд гэмгүй иргэд олноор амь насаа алдаж байгаагийн цөөнгүй хувь нь  гэм зэмгүй бага насны хүүхдүүд байгаа нь харамсалтай. Украины Ерөнхийлөгч В.Зеленский Евро парламентын чуулганд үг хэлэх үеэрээ “Ганцхан өдрийн дотор гэм зэмгүй  16 хүүхэд бөмбөгдөлтөд өртөж амь насаа алдлаа. Иймд бид бууж өгөхгүй, ирээдүйн үр хүүхдүүдийнхээ төлөө, эх орныхоо төлөө, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсээр байх болно” гэж хатуухан мэдэгдэл хийсэн билээ.  Хамгийн сүүлийн мэдээллээр, АНУ болон Их британи, Эстони, Герман улсууд Украинд зэвсэг нийлүүлэхээр боллоо.  Хэдийгээр Орос, Украины засаг захиргааны төлөөлөгчид  уулзалдаж, хэлэлцээр хийсэн боловч энэхүү хэлэлцээрээс тодорхой үр дүн гараагүй. Харин дараагийн уулзалтыг  хийхээр ярилцаж байгаа бөгөөд Оросын тавьж буй шаардлага нь Украинчуудын хувьд  хүлээж авах боломжгүй санал аж. Тухайлбал, Донбасс болон Луганск мужууудыг Оросын нутагт өгөх, Украиныг зэвсэггүйжүүлэх, мөн Крымд ОХУ-ын эрх мэдлийг тогтоох гэх мэт байж болшгүй санал тавьж байгаа юм.  Хэрвээ энэ удаагийн уулзалт амжилтгүй болбол энэхүү дайн хэр удаан үргэлжлэх нь ч бүрхэг хэвээр үлдэнэ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=