КОРОНАВИРУСЫН ХАВЬТАГЧ БОЛСОН МИНЬ


/Хошин өгүүллэг/

  -Ёоё ёо, дотор гэж хэрэг алгаа, эсгий гутал залгичихсан юм шиг байх чинь. Яаж гэртээ ирлээ. Өрөөсөн гуталтайгаа гэрийн босго давнаа гэдэг чинь согтуу надад тал ухаан байжээ л гэсэн үг. За тэр яахав, ажлаа бодох минь. Ганбаагийн гар утас дуугарав. Ганбаа,

-Байна уу?

/Утасны цаанаас эмэгтэй хүний дуу гарч/

-Сайхан амрав уу, Ганбаа. Өнөөдөр гэрээсээ гараагүй биз!?

-Гараагүй. Ингэхэд та хэн бэ?

-ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга Амсэлмаа доктор байна аа.

-Хэн гэнээ??

-МҮОНТ-ээр өглөө бүр 11 цагаас коронавирусын халдварын мэдээ уншдаг, халимаг үстэй, хөөрхөн цагаан эгч гардаг даа..

-Аан одоо саналаа. Яасан бэ доктор оо?

-За Ганбаа минь, та коронавирусын хавьтагч болжээ.

-Юу уу??? ийм үг сонссон Ганбаа дутуу цохиулсан үхэр шиг толгой нь манарав.

Амбасэлмаа:

-Тайвшир. Гүнзгий амьсгаа ав. Чиний кластарыг аль хэзээний бид гаргачихсан. Коронавирусын хавьтагч нь ганцхан чи биш. Дэлхий дээр өдөрт өчнөөн олон мянган хүн цар тахлын халдвар авч байна шүү дээ. Харин гэрээсээ битгий гараарай. Хэнтэй ч уулзаж болохгүй шүү. Удахгүй ХӨСҮТ-ийнхэн чамайг очиж авна. Тэр болтол түр баяртай! гээд утас таслагдав.

-Ээ хөх тэнгэр минь. Яалаа гэж... Ямар азаар эхнэр хүүхдээ хөдөө явуулчихсан байв аа.

/Дахин утас дуугарав, утсаа автал баргил хоолойтой эр/

-Ална даа чамайг.

-Хэн бэ??

-Хэн байдгийн. Өчигдөр орой чамайг “Бест” баарны үүднээс гэрт чинь хүргэж өгсөн приусны жолооч байна. Чамаас болж би хавьтагчийн хавьтагч болчихоод яг одоо тусгаарлагдах машинд гав, дөнгөтэй ачигдаж байна.

-Би яаж мэдэхэв дээ?

-Яасан олон үгтэй чацга вэ. Би арван жил шоронд яс суугаад өчигдөр суллагдсан хүн. Тэгээд орой нь ах дүүсийнхээ бэлэглэсэн приусыг унаад анхны зорчигчоо суулгатал чи муу аалз! таардаг. Намайг хорь хоног тусгаарлаад дээр нь ХӨСҮТ-ийн ажилтны биед халдсан гэж зөрчлийн хуулиар гурван сар баривчлана гэж байна. 110 хоногийн дараа гарч ирээд чамайг ална даа. Чи өөрийгөө үхсэн гэж мэдээрэй!!

Энэ үед Ганбаагийн толгой эргэж, чих шуугиж эхлэв. Тэр тайвшруулах эм уухаар гал зуухны өрөөнд орлоо. Тэгтэл ахиад л гар утас нь жингэнэн дуугарав.

Ганбаа утсаа авахаасаа айж гар нь чичрэв. Нэхэл хатуутай чарлах утсаа тэр айдастайхан авбал,

-Амрыг эрье?

-Хэн бэ та?

-ЭЦГ-ын “Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс”-ийн ахлах мөрдөгч Хүдэрбаатар байна. Чи өчигдөр ямар хэрэг үйлдсэнээ санаж байгаа биз дээ?

-Хэрэг ий?

-Хавьтагч гэдэг бол онц ноцтой гэмт хэрэгтнээс ялгаагүй нийгэмд аюултай гэмт хэрэгтэн мөн. Хавьтагч болсноо мэдчихээд хэн нэгэнд халдвар тараасан бол ЭХ-ийн тусгай зүйл ангиар 5-аас дээш жилээр шийтгэнэ. Та дуугүй байх, бас өмгөөлөгч авах эрхтэй

-Аан?

-Аан майн гээд юундаа томроод байна аа. Хоёр гараа шилэндээ ав! Хөлөө ачаад хана руугаа нүүрээ харуулаад суу. Нэг л илүү хөдөлгөөн хийх юм бол цонхны цаанаас снайпер чамайг нам буудна гэж мэдээрэй! 

-Хэн хэнтэй ямар байрлалаар, яаж хэдэн цаг хавьтсанаа дэс дараатай ярь! Найз нөхөд, аав ээж, ах дүүс тэр байтугай нууц амрагтай эсэхийг нь баахан байцааж байгаад ахлах мөрдөгч гар утсаа таслав. 

  Энэ үед Ганбаагийн хамаг бие салгалж, өөрийн мэдэлгүй өмдөндөө нойтогносон байлаа. Ээ мэдэхгүй хөөрхий, тэр мөчид хавьтагч болсон Ганбаагийн дархлаа нойль зааж байсан биз. Гэвч ахиад л муу ёрын утас нь дуугарав. Ганбаа гар утсаа аваад дуугарсангүй. Тэгтэл утасны цаанаас нялуун дуутай хүүхний жингэнэсэн дуу сонсдож,

-Хавьтагч болсон таньд энэ өдрийн халуун мэндийг хүргэе. Хавьтагч та манай зочид буудалд байрлахаар боллоо. Люкс өрөө авбал 150 мянга, хагас люкс нь 80 мянга, нийтийн өрөө 50 мянган төгрөг. Та ирэхдээ нойлийн цаас болон оо сойзоо авчрахаа мартуузай. Манай буудлаар үйлчлүүлсэн хавьтагч таньд баярлалаа гээд утас тасрав.

Ганбаагийн зүрх чүү ай цохилж, тэр бараг мөлхөж байтал  гар утас нь дахин дуугарсан юм. Утсаа аваад чихэндээ ойртуулахаасаа айв. Утасны цаад үзүүрээс,

-Хавьтагч болсон таны сэтгэл санааг өргөж УАДБЧ-ын уран бүтээлчдээс ая дууны цэнхэр хадгаа өргөж байна гээд рокесторын нүсэр ая хүнгэнэв. Ганбаа,

-Надад дуу сонсох чадал алга гээд утсаа таслав. Эцэст нь түүнтэй утсаар хэн ярьсан гээч?

Ганбаа утсаа авбал, нэг л их танил сөөнгө хоолой сонсдож,

-МУ-ын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга байна аа. Ерөнхийлөгч нь оффшороос татаж ацарсан мөнгөнөөсөө өрх бүрт 1 сая төгрөг олгох хуулийн төсөл боловсруулсан. Тэр дундаа коронавирусын халдвар авсан, хавьтагч болсон иргэддээ 2 сая төгрөг олгох гэж байгаагаа урьдчилан мэдэгдье. Түргэн эдгээрэй Ганбаа. Намайг дэмжихээ мартав аа! Ковидыг Монгол ялна гэж хэлээд утсаа таслав.


Зохиолч Доржготовын БУЯН

2021.02,01

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=