НАЙМАН ЖИЛ УУЛ ХАДААР ТЭНЭЖ АМЬДАРСАН ХҮН


  Завхан аймгийн хилийн гортиг дотор хамрагдах нутагт олон арван тамгатай, тамгагүй хутагт, эрдэмтэн лам, эмч маарамба үе үеэрээ төрөн гарсан байдаг. Өнгөрсөн зууны 1930-аад оны эхэн, төгсгөл үеийн хоёр удаагийн Их хэлмэгдүүлэлтийн гадна тойрогт амьд сэрүүн үлдсэн нь хэд бол. Тэдний нэг нь Жалханз хутагт С.Дамдинбазар. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байгаад 1923 онд 49 насандаа хүмүүний тавилангаар өөд болжээ. Ороо бусгаа цагийг мэдэрсэн Дилав хутагт Б.Жамсранжав 1932 оны Их хэлмэгдүүлэлтийн өмнөх жилийн өвөл 1931 оны хоёрдугаар сар өмнөд хөрш рүү одсон байдаг. Тэрээр 1949 онд бусдын дэмжлэг туслалцаатайгаар Америк руу гарч 1965 онд 82 насандаа хүмүүний тавилангаар Нью-Йорк хотноо таалал төгссөн. Дотоод явдлын яамныхан хэнд ч үл автагдах ид шидтэнд тооцогдож байсан Завханы бусад хутагт хувилгаадын насны хэмжээг 1937, 1938 оноор дуусгаж, төрийн төмөр нүүр цагаа болохоор ямар хүчтэйг харуулан цаазлан хороосон билээ. Тэдний нэрсийг дурдвал. Билэгт ламын хувилгаан, Ачит ламын хувилгаан, Хамбын гэгээн, Ялгуусан хутагт, Номч мэргэн Арь гэгээн, Халхын 88 шидтэн Нарванчин гэгээн, Яруугийн хүрээний эмч маарамба Адарсүрэн, Санжжав, Чунаг, Намсрай…. гэх мэт. Харин Цагаанхайрхан сумын Д.Дамдинсүрэн зурхайч хэмээх нэгэн эрдэмтэн хүмүүн Дотоод явдлын яамныхнаас найман жилийн турш нуугдаж хангай говь хосолсон Ширээтийн голын ар өвөр ай сав нутгаар хэсүүчлэн явсаар амь хэлтэрсэн түүхтэй. Завханчууддаа Анилан гэсэн авгайлга нэрээрээ алдаршсан Доржийн Дамдинсүрэн нь 1901 онд Чулуутын голын эх Улаантолгой гэдэг газар мэндэлжээ. Түүний аав, ээж нь үр хүүхдээ эрдэм номд сургахыг эрхэмлэн хоёр том хүү Жамсран, Гунгаа нараа хүрээ хийдэд шавилан суулгасан байлаа. Д.Дамдинсүрэнг найман настайд нь 1909 онд хоёр ахыг нь дагалдуулан Отгоны өвгөн хүрээ, хошууны Наян дуутын хүрээнд суулгаж нэртэй зурхайч Балжиннямд шавь оруулжээ. Д.Дамдинсүрэн улмаар Дуутын хүрээний зурхайч Гончигийн гарын шавь болж Шавилан зурхай болон Чойрын ном эрдмийг төгс эзэмшжээ. Тэрээр 25 насандаа дооромбо (тарнич), Дуутын хүрээний Дүйнхор, Д.Цорж болтлоо дэвшин өргөмжлөгдсөн гэдэг. Мөн хурлын бүрээ, бишгүүрийг гойд сайхан үлээдэг байжээ. Д.Дамдинсүрэн Тарнийн ухааны дооромбо болсноос гадна Зурхайн ухааны дээд цол-зээрэмбийн зэрэгт хүрсэн байна. Тэрээр номч мэргэн дооромбо зурхайч гэж алдаршиж, төрсөн хоёр ах нь мөн нэгэн адил ном эрдэмтэй гавьж, дооромбын дом тавьж нутаг хошуундаа бахархан гайхагдаж олон түмний хайр талархлыг хүлээж байв. Ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд эрдэм номтой гурван хүү нь хурал ном хурж буян үйлдэхэд ийм сайхан ном эрдэмтэй хүүхдүүд төрүүлж, өсгөсөн яасан сайхан буянтай хүн бэ гэж хүмүүс гайхан шагширч байсан гэдэг. 1937 оны хоёр дахь удаагийн Их хэлмэгдүүлэлт 1938 оныг дамнан үргэлжилж байлаа. Дуутын хүрээний Дашминжүүрийн шүтээний хамгийн сүүлчийн Цорж, Наян дуутын хүрээний хамба Д.Дамдинсүрэнд төлөх боломжоос хэтэрсэн татвар ногдуулаад, татвараа төлөөгүй гэснээр шалтаг заан 1938 оны хавар барилчилжээ. Түүнийг Завхан аймгийн Улиастай дахь Ганц худгийн амны гэр шоронд хоригдож байх зуурт түүний төрсөн ах гавьж Жамсран, дооромбо Гунгаа нарыг мөн нэгэн адил хилс хэргээр баривчилсан байна. Тэрхүү хүнд бэрх өдрүүдэд Ганц худгийн амны хар гэрт хоригдсон эрдэмтэй лам нар харилцан бие биенийхээ алс хэтийн зам мөрийг үзэж, цаашид хэн нь оргон зугтаавал амьд үлдэх эсэхийг зурж мэргэлдэг байж. Д.Дамдинсүрэн зурхайчид Онц бүрэн эрхэт комиссын 17 дугаар хурлын 1938 оны тавдугаар сарын 6-ны өдрийн шийдвэрээр хуулийн дээд хэмжээ өгчээ. Гэтэл шүүх цаазны бичгийн 43, 44, 47 дугаар зүйлд зааснаар буудан алуулах ял авсан “эсэргүү” Д.Дамдинсүрэн хамт хоригдож байсан сайн нөхдийн туслалцаатайгаар гэр шоронгоос оргон яваад хоёр хонож байлаа. Тэрээр оргосон шөнөө аймгийн төвийн Жавхлант толгойн өвөр талын нэгэн айлд орсон нь аймгийн Дотоодыг хамгаалахын ажилтных байсан гэдэг. Гэрийн эзэн өөрөө байгаагүй бөгөөд эхнэр нь олон хоног өлсөж ядарсан Д.Дамдинсүрэн зурхайчид хоол цай хийж өгснөөр үл барам замын хүнс цай давс, замбайн гурил, шар тос зэргийг зэхэж өгөн Чигэстэйн голын гүүр хүртэл үдэн гаргаж өгсөн байна. Зурхайч өөрөө тэр айлыг тохиолдлын, гэрэлтэй байхаар нь орсон гэж өгүүлдэг бол, түүний дарууг сайн мэдэх хүмүүс “Анилан (авгайлга нэр нь) зурхай зурж мэргэлээд хаашаа явах, хаана хоргодох, хэнтэй уулзахаа товлодог байсан” хэмээн ярьдаг. Д.Дамдинсүрэн зурхайч оргосныхоо дараа өдөр Өндөр толгойн оройд гарч хоёр хоног бүгсэн байна. Тэрээр төрсөн нутгийн (Цагаанхайрхан сум) зүг алхаж яваад аймгийн төвийн урд талын Ганцын давааны оройд өөрийг нь мөшгөгчидтэй халз тулжээ. Тухайн үед баривчлах даалгавартай явсан хүмүүс хожмоо “Яах аргагүй л халз тулсан, нэг хонхор газар суун тусаад залбирах шиг болсон. Харагдах бараа дүрсгүй алга болсон юм. Бид ч эхлээд гайхсан, сүүлдээ айх сэтгэл төрж билээ” хэмээн ярьсан байдаг. Харин Д.Дамдинсүрэн зурхайч “Ачит багш минь авраарай гээд залбиран сууж тэр хүмүүсийг өнгөрөөсөн юм. Баригдаагүй маань Дилав багшийн ач” гэж ярьдаг байлаа.
Д.Дамдинсүрэн зурхайч 1938 оны тавдугаар сараас 1946 оны зун хүртэл найман жилийн 3000-аад хоногийг ганц биеэрээ орох оронтой оронгүй, хоолтой хоолгүйгээр даарч, хөрч хүйтэн бороо цасанд норж, тэнгэрийн дуу, аянга цахилгаан, араатан амьтан зэргээс айх цочих гээд ёстой л мянган зовлон түмэн бэрхшээлийг даван туулжээ. Өөрийн ар гэр, ах дүү, нутгийн сайн санаат сонор соргог ард түмнийхээ ач ивээлээр нутгийн онгон сайхан байгалийн хишиг буян, нөмөр нөөлөгт, ачит багш, бишрэн шүтдэг шүтээн, сахиусныхаа ачаар амьдарч байсан гэдэг. Тэрээр энэ талаар дурсан ярихдаа,
...Эхний жилүүдэд туйлын хүнд хэцүүхэн байсан. Ар гэр, нутаг усны минь ард түмэн надаас болж хардлага сэрдлэгт өртөгдөн, нээж нэгжүүлэн, асууж байцаагдана. Тэр ч байтугай манаа сахиултай байсан хэдий боловч яаж ийгээд л хучлага дэвсгэр, хоол хүнсээр тусалж дэмжин хангайгаас говь руу, говиос хангай руу нүүхэд ч нүүлгэж, хамгаалж нуугдуулж л байлаа. Хангай говь хосолсон Ширээтийн голын ар өвөр талын аль бартаатайд нь нуугдана. Хоргодон амьдарч байгаагүй газар нутаг тэр орчимд ховор. Энэ өлгий нутаг минь намайг хамгаалж орогнуулж байсан орон гэр минь юм. Миний орон гэр болж байсан нутгийн тухай яръя. Ар нэвтийн хойд оройны улаан ханан зэрэг газар болно. 1938-1946 он хүртэл энэ найман жилийн хугацаанд ганц бие уул хад ой хөвчөөр амьдран суухдаа юу эсийг бодож, зовж зүдэрч, айж эмээж нуугдан бүгж байх билээ дээ. Тэр үед хүнээс л ганцхан айдаг байлаа. Араан амьтан, байгалийн элдэв дуу авиа, тэнгэрийн дуу цахилгаан гээд л айх юм бишгүй л дээ. Тэдгээрээс сүүлдээ айж цочихоо больдог юм билээ гэж нэгэнтээ өгүүлсэн байдаг. Дашпэлжээ 1946 оны зун нарын хот айл Цагаанхайрханы Шажингийн энгэрийн бэлд голын захад зусч байлаа. Хот айлд цүнх үүрч, гар буу зүүсэн дотоодыг хамгаалахын хоёр ажилтан иржээ. Цай ууж байхад нь тэдгээр ажилтны баривчлах ёстой Д.Дамдинсүрэн зурхайч гэрт өөрөө ороод иржээ. Ингээд хүмүүстэй мэндлэн цай ууж аваад Дашпэлжээгийнхээс морь гаргуулан унаж нөгөө хоёрт баривчлагдан хамт явсан байна. Энэ явдлаас хойш олон хүн түүнээс “Ил гарч өөрөө бууж өгвөл эсэн мэнд үлдэнэ. Түүгээр ч барахгүй ял хэлэлцэхгүй суллагдана гэдгээ зурхайдаа үзсэн үү” гэж асуусан байдаг. Харин тэрээр энэ асуултад тодорхой хариулдаггүй булзааруулан,
-Шажингийн дэл хананд байлаа. Нэг өглөө Ширээгийн гол уруудан морьтой хүмүүс явж, зарим нь голын хөвөөгөөр зусч байсан айлуудад бууж мордоцгоож байсан. Гол өгсөөд хоёр морьтой хүн явж байснаа Хөх усны дээд үзүүрт бууж дурандаж байгаад мордоцгоож байсныг Адиа нь (өөрийнх нь авгайлга) хараад л байж билээ хэмээн өгүүлдэг байсан байх юм. Тэр зун Өргөн ширээтэд шүүн таслах хурал болж, Д.Дамдинсүрэн зурхайчийг суллан тавьсан болохыг цугларсан олонд мэдэгдсэн байна. Нутгийн хүмүүсийн яриагаар бол уг хуралд аймгийн Дотоодыг хамгаалах газрын Чимэдрэгзэн гэдэг маш их эрх мэдэлтэй том дарга ирсэн байна. 1964 онд Завханчуудын дунд “Малчны календарь”-ийн Модон луу жилийн билгийн тоолол алдаатай гарсан гэнэ. Гандантэгчинлэн хийдийн хамба Гомбожав гуай Дамдинсүрэн зурхайчтай уулзахаар тусгай онгоцоор ирлээ” гэсэн яриа тарж байв. Уг нь үнэн чанартаа өөр үйл явдал болсон юм билээ. Америкт сууж байсан Дилав хутагт Жамсранжав нь Монголч эрдэмтэн О.Латтиморыг манай улсыг зориход нь гурван хүнд захиа дайсан байдаг. Тэдний нэг нь өөрийнх нь шавь Д.Дамдинсүрэн зурхайч. Тухайн үед МАН хүчтэй, Нийгмийн Аюулаас хамгаалах яам хүчтэй байсан ч О.Латтиморыг Завхан руу явж Д.Дамдинсүрэн зурхайчид багшийнх нь захидал өгөхийг хорих хэцүү байж. Гэхдээ Дилав хутагтын захидлыг тусгай онгоц хөлөглөсөн тусгай төлөөлөгч О.Латтимор гардуулахаар Завханд ирлээ гэвэл бас нэг тиймэрхүү байж. Ямар ч болов эрдэмтэн О.Латтимор нь хамба лам Гомбожав, бас аймгийн МАН-ын хороо, НАХ-ын хэлтсийн ажилтан дагуулуудтайгаар хутагтын захидлыг зурхайч шавьд нь өөрийн биеэр өгсөн байна. Тэгэхдээ хотын төлөөлөгчид захидлын асуудлаар ирснээ нууцалж “Малчны календарь”-ийн асуудлаар ирсэн гэж зориуд цуурхал тараасан байсан шүү. Зурхайн ухааны зээрэмбэ Д.Дамдинсүрэн нь үүнээс нэг жилийн өмнө буюу 1963-1964 онд нийслэл хотноо Хүрэлтогоотын Одон орны судлалын төвд урилгаар ажиллаж байсан юм. Тэрээр энэ хугацаанд МУИС-ийн физик математикийн багш нар болон зурхай сонирхогч эрдэмтдэд Шавилан зурхайн ухааны онол практикийн олон цагийн лекц уншиж байв. Д.Дамдинсүрэн зурхайч нь Цагаанхайрхан сумын “Улаан октябрь” нэгдлийн малчин байхдаа 1962 оны усан барс жилийн, 1963 оны усан туулай жилийн арга билгийн цаг улирлын тооны бичгийг Улаанбаатар хотын, Завханы төв Улиастай хотын гэж хоёр тусгайлан гаргаж байсан. Д.Дамдинсүрэн зурхайчийн зохиосон “Наран ургах, шингэх, өдөр шөнийн хүснэгт дөрвөн улиралд, таарсан цагийн тодорхой толь” хэмээх Улаанбаатар хотын газрын хуваарьт зохицуулан нягт зурж тооцоолон бодож гаргасан олон хүснэгт нь судалгаа хийгээд хэрэглээний чухал ач холбогдолтой бүтээл юм. Завханаар овоглосон Д.Дамдинсүрэн зээрэмбэ 87 насныхаа сүүдэр ташаарсан 1988 оны намар цагт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Их зурхайчийг бурхан болсноос бүтэн дөрвөн жилийн дараа Дээд шүүхийн цэргийн комиссын 1992 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 161 дүгээр магадлалаар цагаатгасан юм. Д.Дамдин­сүрэн зурхайчийн, нутгийнхаа Ханан хадан дээр “Эх орноо мандуулъя” гэж чулуу өрж бичсэн нь тодоос тод харагдаж, ард олноос өөрт нь хайрласан “Анилан” гэх авгайлга нэр шигээ сэтгэлд нэг л дулаахан санагднам.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=