ЦЭЭЖИНДЭЭ БУУДУУЛСАН Ч ИЛТГЭЛЭЭ ДУУСГАСАН ЕРӨНХИЙЛӨГЧ ТЕОДОР РУЗВЕЛЬТ


Хоёр жилийн өмнө Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг Нара хотын иргэдтэй уулзаж, ярьж байх үед гэмт этгээд хоёр удаа буудаж амь насыг нь санаатай хөнөөсөн. Экс Ерөнхий сайд Абэгийн аминд насанд халдсан этгээд нь Нара хотын оршин суугч 41 настай Тэцүя Ямагами гэгч байжээ. Алуурчин этгээд Японы өөрийгөө хамгаалах хүчний офицер байсныг тогтоосон юм. Энэ мэт томоохон гүрний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, удирдагчид олон түмний өмнө үг хэлж байгаад буудуулж амь насаа алдсан олон тохиолдлыг нэрлэж болно. Тэдний дунд Теодор Рузвельт шиг буудуулсан ч үгээ залгилгүй үргэлжлүүлэн ярьсаар илтгэлээ дуусгасан Ерөнхийлөгч дэлхийн түүхэнд гараагүй юм.
Ерөнхийлөгч Теодор Рузвельт Америкийн түүхэнд юугаараа алдартай хүн бэ гэхээр тэрээр АНУ-ын өмнөх, хойдох олон Ерөнхийлөгчийн адил дайн байлдаан чамгүй хийж байсан, чухам дайн хийж байсныхаа хүчээр юм уу Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан, Америкийн сонирхлын бүс бол дэлхий дахин тэр чигээрээ мөн хэмээх үзэл бодлыг бий болгосон, АНУын хамгийн залуу Ерөнхийлөгч (42 нас), Ерөнхийлөгчид дундаас цэргийн дээд шагнал болох Хүндэтгэлийн одон хүртсэн цорын ганц эрхэм бөгөөд сонирхолтой нь түүний энэ одон авсныг бүр 2001 онд л баталгаажуулсан байна. Энэхүү аялагч, анч, уран зохиолч хүнийг америкчууд Тедди хэмээн дууддаг байсан ба тэрээр Ерөнхийлөгч байх үедээ ан хийхээр “хөдөө” гарах үед нь түүнд зулгуйдах гэсэн нутгийн “засаг” нар баавгай буудуулахаар барьж аван модонд хүлжээ. Үүнийг мэдсэн Тедди өнөөх баавгайг өрөвдөн суллаж тавьсан гэдэг. Одоо Тедди гэдэг нэртэй бамбарууш зөөлөн тоглоомын нэрний учир тодорхой болсон болов уу. Улс төрийн амьдралд олон удаа ялж ялагдаж явсан Тедди маань 1912 онд дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн бөгөөд энэ удаа өөрийн намаас биш харин энэ намаас салж гаран сөрөг хүчин болсон “Progressive Party” буюу Хөгжил дэвшлийн намаас нэр дэвшжээ. Сонгуулийн сурталчилгаа хэмээх сайхан нэртэй тархи угаах ажлын хүрээнд Милуокийн цугласан иргэдийн өмнө гарч үг хэлэхээр болсон байна. Тухайн үеийн америкчууд гэж шулуухан зантай, аливаа хэргийг “хүч тэнцүүлэгч” хэмээх буу зэвсгээр шийдэх дуртай ард түмэн байсан болохоор тэр юм уу Жон Шрэнк гэгч эр Теддиг индэр дээр гарангуут буудсан байна. Цус гарч байгаа газар нь цээж хэсэг байсан ба уушги хавьцаа сум туссан байжээ. Хашир туршлагатай анчин Тедди маань шархаа хараад амнаас цус гарахгүй, цусаар ханиаж найтаахгүй байхыг бодоход уушги гэмтээгүй байна гэж мэдээд босч ирлээ. Энгэрт нь байсан нүдний шилний гэр, нүдний шил зэрэг нь бут үсэрч тэмдэглэлийн дэвтрийг сум цоо цохин биед тогтсон байлаа. Сүүлд хийсэн эмчийн үзлэгээр тогтсон сумыг авах нь амь насыг нь эрсдэлд оруулах магадлал маш өндөр гэж үзсэн учраас тэр чигээр нь орхисон гэдэг. Буудуулсан эр маань яав? Эмчийн тусламжаас татгалзан цусаа гоожуулсаар босч ирээд “Ноёд хатагтай нараа, та нар саяхан намайг буудлаа гэдгийг мэдсэн үгүйг тань мэдэхгүй байна. Гэхдээ хөгшин хандгайг тийм ч амархан алахгүй шүү” гэсээр цааш бэлдсэн үгээ үргэлжлүүлэн хэлж бүрэн дуусгасан байна. Чухам энэ хандгай гэсэн үгнээс болж түүний нэр дэвшсэн намыг Хандгайн нам гэж нэрлэх болсон бөгөөд удалгүй лого нь хүртэл хандгай болжээ. Тухайн цагийн жинхэнэ эр хүн болох Тедди Рузвельт нь дэндүү гэмээр чалчаа нөхөр байсан бөгөөд усанд сэлж, хоол идэж байхдаа зогсоо зайгүй ярьдаг, хажууд нь хүн тогтоход хэцүү нөхөр байсныг нөхөд нь дурсан ярьжээ.



Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=