ДАЛАНЗАДГАД СУМЫН ЗАСАГ ДАРГА Т.АЛТАНСҮХ СОНГУУЛИЙН ӨМНӨ ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГИЙГ ТАНИЛ ТАЛДАА БАРУУН СОЛГОЙГҮЙ ЦАЦЖЭЭ


Засаг даргын нөөц хөрөнгө гэж бий. Айлд ч хүртэл нөөц хөрөнгө гэж байдаг. Сум орон нутгийн засаг ноёны мэдлийн нөөц хөрөнгө бол байгалийн гэнэтийн үзэгдэл, гал усны аюул, дайн дажин, үймээн самуун гээд гарцаагүй нөхцөлд зарцуулах ёстой хав дарсан хөрөнгө. Гэтэл Даланзадгад сумын засаг дарга Т.Алтансүх нь хууль зөрчин, дур мэдэн МАН-ын хурган дарга нар, танил тал, найз нөхөддөө нөөц хөрөнгөнөөсөө хайр найргүй цацсан ноцтой баримтыг хүргэе.


Тэрээр Даланзадгад хотын 5 дугаар дунд сургуулийн захирал, найз Б.Одбаярыг Боловсролын Их Сургуульд докторын зэрэг хамгаалахад нь дэмжлэг үзүүлэн, төлбөр болох 1.8 сая төгрөгийг 2019 оны 06 сарын 20-ны А-155 дугаар захирамжаар олгожээ. Үүний дараа Өмнөговь аймгийн сумдын засаг дарга нарын нэрэмжит хурдан морины уралдаан зохион байгуулахад Т.Алтансүх А-145 дугаар захирамж гарган 2 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөсөө өгсөн байна. Аймгийн татварын газрын татварын орлогын тасгийн дарга Ц.Цасчихэрийг ямар ч шалтгаангүйгээр 40 сая төгрөгөөр \2019 оны 02 сар 22 өдөр А-38 захирамж үйлдэн\ дур мэдэн урамшуулахдаа засаг ноён Т.Алтансүх энэ их мөнгийг мөн л Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргуулжээ. Үүгээр ч зогсохгүй Т.Алтансүх нь 2019 оны 12 дугаар сарын 09-нд А-297 тоот захирамж гаргуулан Даланзадгад сумын ахмадын байгууллагын төлөөлөл болох 8 дугаар багийн иргэн Пүрэвийн Оюунчимэгт 4,6 сая төгрөг олгожээ. Ингэхдээ БНБеларус улсын Жодино хотод сургалт туршлага арга хэмжээнд оролцоход гэж тодотгосон байна. Зүгээр л хэн нэгэн гадаадад явмаар байна гэхэд дөрөв, таван сая төгрөгөөр нь цацчихдаг аж. Энэ мэт Даланзадгадын засаг ноён Т.Алтансүх татвар төлөгчдийн мөнгийг ёстой л нэг хоттой хонинд орсон өлөн боохой шиг хайр гамгүй үрэн таран хийсэн баримт цааш үргэлжилнэ.

УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнөхөн Даланзадгад сумын Цагаанбулаг 8 дугаар багийн иргэн Намсрайн Наранд 300 мянган төгрөг, Даланзадгад сумын Их-Уул 6 дугаар багийн иргэн Цэдэн-Ишийн Тунгалагт эмчилгээний зардал болгон 1 сая төгрөг, мөн Т.Цэрэндуламд З00 мянган төгрөг, Аймгийн Хөгжим жүжгийн театрын бүжигчин Х.Золбаярт 1 сая төгрөг, Даланзадгад сумын иргэн Ж.Цоодолын өргөдөл хүсэлтийн дагуу 1,5 сая төгрөгийг, Т.Наранцэцэгийн зээ хүү Ө.Мөнхжаргалын сургалтын төлбөрт 1,5 сая төгрөг, Даланзадгад сумын ахмад настан Үржээгийн Батнямд 500 мянган төгрөг, Зүүнсайхан 5 дугаар багийн иргэд Д.Мандалын хүү Л.Баясгаланд 200 мянган төгрөг, Даланзадгад сумын ЕБС-ын 4 дүгээр сургууийн багш Г.Лхагвадоржийг Турк улсад явган аялахад нь 250 мянган төгрөгийг тус тус буцалтгүй тусламж хэлбэрээр ЗД-ийн нөөц хөрөнгөнөөсөө гаргуулжээ. Мөн Даланзадгад сумын Далан 3 дугаар багийн иргэн “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Ч.Болормааг магистр сургалтанд суух болсонд зориулан 500 мянган төгрөгийг нөөц хөрөнгөнөөс гаргажээ. Засаг дарга Т.Алтансүх нь Өмнөговь аймгийн Төрийн үйлчилгээний албаны албан хаагчдыг харилцан туршлага судлахад зориулан 2019 оны 05 дугаар сарын 22-нд А-112 тоот заримж гарган 1 сая төгрөгийг уламжлал ёсоороо нөөц хөрөнгөнөөс өгсөн байх жишээтэй. Бас МАН-ын ахмадын байрны засварт зориулан 6,2 сая төгрөгийг та бидний татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргажээ. Ахмадын байр ч бай аль нэг аж ахуй, айл гэр засвар хийхдээ засаг даргынхаа нөөц хөрөнгөнөөс аваад байвал гал ус, үерийн аюул болоход та бид гар хоосон яах болж байна. Үүний цаана УИХ болон орон нутгийн сонгууль дөхөж байсан тул мөнгө цацаж иргэдээс санал авах арга байсан гэхээр өөр хэлэх үг алга. Нэг үгээр иргэн Д.Уранчимэг, Ц.Мөнхзаяа гэх мэт олон зуун иргэд өргөдөл бариад засаг ноён дээр орсных нь төлөө л Т.Алтансүх сая саяар нь нөөц хөрөнгөнөөс хаяж байсан байна. Бидэнд байгаа олон зуун баримтаас харахад Т.Алтансүх нь МАН-ын дарга, даамлыг шагнах тун дуртай нэгэн аж. Жишээ нь 2019 оны 03 дугаар сарын 15-нд А-40 тоот заримж үйлдэн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг хамруулсан зөвлөгөөнд 2050500 төгрөгийг татвар төлөгчдийн мөнгө буюу Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргажээ. Бас сувилагчдын баяр нэрийн дор баахан эмч, сувилагчдыг 150 мянган төгрөгөөр шагнасан байх жишээтэй. Тэрнээс дор захирамж ч бас энд байна. Засаг дарга Т.Алтансүх нь Баяндалай сумын засаг даргатай уулзахдаа хүртэл өөрсөддөө 750 мянган төгрөг гаргуулжээ. Даланзадгад Баяндалай сумын хооронд 80 км засмал замаар давхиад ирэхдээ хүртэл А-49 захирамж гарган нөөц хөрөнгөнд гар дүрсэн байна. За тэгээд засаг ноён Т.Алтансүх нь ямар ч тендер зарлалгүй олон арван, зуун сая төгрөгийг хүртэл дур мэдэн гаргаж байсныг дахин үргэлжлүүлэн бичих болно. Улсын хөрөнгөнд уургын морь шиг дайрдаг ийм цайчихсан засаг даргын хууль бус үйлдлийг АТГ-т шалгуулахаар болоод байна.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=