ЧЕРНОБЫЛИЙН АТОМООС ҮҮССЭН АЙМШИГТ МАНГАС


Чернобылийн атомын цахилгаан станцын сүйрлээс үлдсэн реакторын балгасын гүнд нэгэн аймшигт “мангас” үүсчээ. Бодит утгаараа жинхэнэ мангас гэж ойлгож ч болохоор энэ зүйлд судлаачид “Чернобылийн зааны хөл” гэсэн нэр өгчээ. Учир нь дэлхий дээрх амьд бодгальд хамгийн аюултай зүйлсийн нэг бөгөөд түүний дэргэд 300 секунд буюу 5 минут болоход л шууд үхэлд хүргэнэ. Хэдийгээр цацрагийн хүч суларсан ч өнөөдрийг хүртэл энэ нь дулаан ялгаруулж үхэл тарьсаар. Энэ бол ослын үед үүссэн шатаж буй бал чулуу, бетон, элс, цөмийн түлшний холимог аж. Чернобылийн осол шөнийн 1 цаг 23 минутад болсон бөгөөд хэт халуун цөмийн түлшний савааг хөргөлтийн усанд буулгахад маш их хэмжээний уур үүссэн ба 4-р реакторын атомын цөм илүү их идэвхжсэн байна. Үр дүнд нь реакторын цөмийг хучдаг 1000 тонн жинтэй хавтанг ч хэдэн хэсэг болгон цацсан асар хүчтэй дэлбэрэлт болж, агаар мандалд цацраг туяа ялгаран, реактор руу урсах түлшний урсгалыг хязгаарлажээ. Үүнээс хэдхэн секундын дараа анхныхаасаа ч илүү хүчтэй дэлбэрэлт үүссэнээр реакторын барилгыг зад татаж, шатаж буй бал чулуу болон реакторын цөмийн бусад хэсгүүд байгууламжаас оргилж гарсан юм. Цөмийн цахилгаан станцын хор хөнөөлийг арилгахаар ажиллаж байхад хожим нь өөрөө явагч камерын камерын туслам­жтайгаар цөм­ийн реакторын доод хонгилоос хоёр метрээс арай өргөн, 100 тонн гаруй жинтэй асар их цацраг идэвхт массыг илрүүлсэн байдаг. Энэ зүйл үрчлээтэй харагдаж байсан тул “Зааны хөл” хэмээн нэрлэжээ. Энэ нь дээр өгүүлсэнчлэн хайлж, зууралдсан маш их, бүр маш их хэмжээний бетон, элс болон цөмийн түлшний холимог юм. Одоо ч “Зааны хөл” тэр хонгилдоо байсаар байдаг гэнэ. 1986 оны байдлаар “Зааны хөл”- ийн цацрагийн түвшин цагт 10 мянган рентген хэмээн тооцоологдсон бөгөөд түүнд ойртсон хэн боловч хэдхэн минутын дотор үхлийн тунгаар хордох юм байна. Гучин секундын цацрагийн нөлөөнд байснаар толгой эргэж, маш их ядрах шинжүүд долоо хоногийн дотор таныг бүчиж авах гэнэ.

 Хоёр минут байвал таны биеийн бүх эсүүд цус алдаж, задарна, танд амьд явах хоёр л хоногийн хугацаа үлдлээ гэсэн үг. “Осол болсноос 10 жилийн дараа энэ зургийг авах үед “Зааны хөл” урьд нь агуулж байсан цацраг туяаны ердөө аравны нэгийг л ялгаруулж байв. Гэсэн ч 500 секунд түүний дэргэд байхад л үхлийн аюул дагуулна. 1986 оны 5-р сард уг балгас /сакрофаг/ дээр цацраг туяаг гадаад орчноос тусгаарлах аварга том бетонон барилгын ажлыг эхлүүлжээ. Гэвч тус барилга бүрэн тусгаарлахгүй л байлаа. Судлаач нар цөмийг хянах, ажилчид нэвтрэн орох бололцоо бүхий нэвтрэх хэсгээр Чернобылийн балгасыг хүрээлсэн байв. Булшлагдсан Чернобылийн үлдэгдэл цацраг туяа хамгийн багадаа л дараагийн 100 мянган жилийн турш хадгалагдсаар л байх гэнэ. Балгасны орчим ажиллаж байсан ажилчид болон гал унтраах багийнхан ослоос ердөө жил хүрэхгүй хугацаанд бүгд нас барсан байна. Нэгэн зүйл сонирхуулахад, Чернобылийн ослын гэрэл зургууд яагаад бүгд саарал байдаг вэ? Энэ нь Зөвлөлт Холбоот улсын үед гэрэл зургийн технологи муу байсантай холбоотой биш юм. Үүнээс өмнөх зургууд илүү чанартай байна. Харин шалтгаан нь цацраг туяа нөлөөлснийх юм. Цацраг идэвх тийм өндөр байсан үед авсан зургууд ямар байсан бол? Аюулгүй зайнаас ажилчид буюу тэдний нэрлэдгээр “татан буулгагч” нар камерыг нойтон дугуйгаар тоноглоод “Зааны хөл” рүү түлхэн оруулдаг байжээ. Бүгд атомын түлш биш гэдгийг илрүүлэхийн тулд маш нарийн шалгалт хийжээ. Үнэндээ масс нь зөвхөн бага хэмжээний түлшээс бүрдсэн, харин үлдсэн хэсэг нь хайлж, урссан бетон, элс, цөмийн хамгаалалт байв. Цаг хугацааны явцад “Зааны хөл” задарсан. Мөн тоосонд дарагдаж, гадаргуу нь хагарсан. Гэвч олон жилийн дараа ч түүнд ойртох нь хэтэрхий аюултай байсаар байна. Цацраг туяа яагаад аюултай вэ? Цацраг идэвхит атомуудаас ялгарах хэсгүүд нь ионжуулагч цацрагийн нэг хэлбэр бөгөөд тэдгээр нь атомууд болон молекулуудыг бутлахад хангалттай энерги өгдөг. Цацраг туяа хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг шалтгаан нь бидний биед үхлийн аюултай үүрэг гүйцэтгэдэгт оршино. Бидний генийн бүхий л мэдээллийг агуулж байдаг багц хромосомуудын дарааллыг цацраг туяа салгаж, үгүй хийн, ДНК-г барьж байдаг холбоосыг өөрчилж орхидог. Гол хүнд асуудал үүнд л байдаг ажгуу.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=