УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ ШИНЖЭЭЧ ЭМЧ НАР ЧИРЭГДЭВ


УИХ-ын гишүүн байхдаа гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял зэм хүртсэн хүн цөөнгүй байдаг. УИХ-ын гишүүн Д.Гантулга. Хоёр ч удаагийн хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүнд холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар нийт хоёр жилийн хорих ял оноосон билээ. Өдгөө тэрээр хүчингийн хэрэг үйлдсэн хэрэгтээ ялаа эдэлж байгаа.  Эргэн сануулахад, 2016 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгаас ялалт байгуулсан  УИХ-ын гишүүн Д.Гантулга нь 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг гэрт нь хүчиндсэн хэрэгт холбогдон, улмаар хууль хяналтын байгууллагад шалгагдсан. Энэ хэрэг нь даамжирсаар, 2018 оны зургадугаар сард УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргаж байсан билээ. Тэрээр тухайн үед “Залуу улстөрчид үзүүлсэн итгэлийг биелүүлж чадаагүйдээ хүлцэл өчиж байна. Уужим сэтгэлтэй иргэд маань энэ бүхэн улс төр байсныг нотлох өдөр удахгүй ирнэ ээ. Надтай нэр холбогдоод хохирсон гэх Н, С, Ц гэх бүсгүйчүүдэд улс төрийн золиос болж, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байна” гэж байв. Гэтэл ийнхүү мэдэгдсэнээсээ хойш тун удалгүй тэрээр хоёр дахь хүчингийн хэрэгтээ холбогдсон юм. 2018 оны арваннэгдүгээр сард өөр нэгэн эмэгтэй өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг. Иймд түүний холбогдсон хэргийг хамтатган, шүүхээс ял оноосон.  Гэвч хэрэг явдал үүгээр дууссангүй.  Тэрээр хүчингийн хэргийн ул мөрөө баллахын тулд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарт шинжилгээний хариуг будлиулж, санаатайгаар өөрчлөхийг ятгасан байдаг. Хэрэг шалгах явцад  шинжээч нар хэргээ хүлээж, шинжилгээний хариуг өөрчилснөө хүлээсэн билээ. Ийнхүү шинжээч нарын албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт шалгаж, ШШҮХ-гийн Тусгай шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Х.Түвшин-Эрдэнэ болон ахлах шинжээч Ж.Оюунаа, шинжээч М.Золжаргал нарт холбогдох хэр­гийг УДШ саяхан шийдвэрлэлээ. Уг шийдвэрээр Х.Түвшин-Эрдэнэд нэг жил хорих ял, Ж.Оюунааг 19.2 сая, Н.Золжаргалыг 12 сая 240 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс тэдний хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах магадлал гаргасан бол Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж.  Ийнхүү хүчингийн хэрэг үйлдсэн атлаа хийгээгүй хэмээн гүрийж байсан гишүүн Д.Гантулгын балгаар зүгээр ажлаа хийгээд явж байсан шүүхийн шинжээч нар ороогдож, эцэс сүүлдээ ял авснаар  УИХ-ын гишүүнийг тойрсон хүчингийн хэргийн дуулиан дуусав.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=