МОНГОЛЫН ХАМГИЙН ЗАЛУУ ЭЭЖ 12 НАСТАЙ


Дэлхий дахин охид, эмэгтэйчүүдтэй холбоотой маш чухал нэгэн асуудал бол боловсролоос гадна жирэмслэлт байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор 19 хүртэлх нас хүрээгүй байхдаа хүүхдээ төрүүлсэн бол өсвөр насны ээж хэмээн тодорхойлжээ. Зарим улсад шашин соёл, зан заншлын улмаас өсвөр насандаа ээж болох тохиолдол түгээмэл байдаг. Ялангуяа эцгийн эрхт ёс ноёлсон Африкийн зарим омог болон Арабын орнууд, мөн лалын шашинт улсуудад охидыг зөвхөн эр хүний хэрэгцээг хангагч гэсэн утгаар хандаж, бага насанд нь хүчээр бэлгийн харьцаанд оруулах тохиолдол олон. Гэтэл харамсалтай  мэдээ нь манай улс өсвөр насны ээжийн тоогоороо Ази, Номхон далайн бусад орноос давсан байх юм. “Сүүлийн арван жилийн хугацаанд залуу ээжүүдийн төрөлтийн тоо 2600-4200 байсан. Харин 2012 онд хамгийн өндөр буюу 4198 тохиолдол бүртгэгдсэн бол 2016 он сүүлийн 10 жилийн хугацаанд тохиосон охидын төрөлт өндөртэй хоёр дахь жил нь байсан гэж “Гүнж” төвийн зөвлөх Ч.Ундрах ярьж байна. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, сурч мэдэхээр тэмүүлэх хүүхэд насандаа хүүхдээ тэврээд суух нь дэндүү хатуудсан хувь тавилан гэлтэй. 20 настай атлаа хоёр хүүхдийн ээж болчихсон хүүхэд хүртэл судалгааны явцад тааралджээ. Гэхдээ тэдний 70 орчим хувь нь хүсээгүй үедээ жирэмсэлснийг анхаарах хэрэгтэйг охидын төлөө дуугардаг “Гүнж” төвийнхөн онцолж байна. Тэдний ихэнх хувь нь ойр дотныхоо эрчүүдийн бэлгийн хүчирхийллийн хохирогч гэнэ. Тиймээс олонх нь хүүхдээ төрүүлэхийг хүсдэггүй. Төрүүллээ гэхэд бусдад үрчлүүлэх хүсэлтэй байдаг аж. Харин мах цусны тасархайгаа хараад охидын сэтгэл уярч, төрүүлсэн үрээ хаяж үл түвдэн, үрчлүүлэхээс татгалзах тохиолдол олон байдгийг дээрх төвийн ажилтан Б.Гэрэлтуяа өгүүллээ.Тэрбээр “Охид эрүүл мэндийн боловсрол олох насандаа бодит мэдээлэл авч чадахгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар бүрэн мэдлэг олгодоггүй. Энэ тухай зөв ойлголтгүйн улмаас өсвөр насны охид, хөвгүүд алдаж байна. Анх удаа болон сарын тэмдэг ирсэн үедээ бэлгийн харьцаанд орвол жирэмсэн болдоггүй зэрэг ташаа мэдээлэлд итгэдэг. Мөн бэлгийн хүчирхийллийн улмаас хүсээгүй хүүхдээ тээсэн охид манай төвд хандаж байна. Бид охидоо багаас нь хөвгүүд шигээ хүчирхэг, өөртэй итгэлтэй болгож хүмүүжүүлэх байтал сул дорой, эмзэг турьхан байхад уриалдаг. Хар багаасаа хүүхэд гаргалаа гэж адалдагаас биш жирэмсэн болгосон эрчүүдийг буруутгадаггүй” гэж ярив. Тус төвийнхөн 2014 онд Дорнод, 2016 онд Өмнөговь аймагт “Залуучуудын манлайлал” гэх хөтөлбөр хэрэгжүүлж, өсвөр насны ээжүүдийг чадавхжуулах, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлжээ. Нэг аймгийн төвөөс өсвөр насандаа ээж болсон 15 эмэгтэй олоход асуудал ер гараагүй гэнэ. Өөрөөр хэлбэл, ийм насандаа төрсөн ээжүүд захаасаа аван таарчээ. Гэтэл бие махбодь нь ч бүрэн хөгжөөгүй байгаа охидын хувьд хүүхдээ тээх, төрүүлэх явцад эрүүл мэндээрээ хохирч, цөөнгүй нь амь насаа алддаг байна. Зөвхөн нэг аймагт явуулсан судалгаагаар насанд хүрээгүй  74 охин бие давхар байжээ. Тэдний 19 нь хүчирхийлэлд өртсөний улмаас жирэмсэлжээ. Зарим нь бүр өөрийгөө жирэмсэн гэдгээ ч мэдээгүй явж байсан гэдэг. Өөрийгөө жирэмсэн гэдгийг мэдээд амиа хорлохыг оролдсон хэд хэдэн тохиолдол гарчээ. Манай улс хуулиараа 18 нас хүрсэн хүнийг  гэр бүл болохыг зөвшөөрдөг. Гэвч энэ насандаа хүн бүрэн хариуцлага хүлээх чадваргүй, гэр бүлээ тэжээх орлогогүй байдаг. Өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охидын олонх нь хүүхдээ ганцаараа өсгөдөг гэх судалгаа бий. 18 настай залуу хариуцлага хүлээх чадваргүй байхад үүнээс бага насандаа аав болсон хөвгүүд айж хулчийсныг буруутгахад хэцүү. Эцэст нь охид л хохирдог. Тэдний зарим нь жирэмсэн болсноо мэддэггүй, мэдсэн нь эцэг, эхээсээ нууж явсаар хүүхдээ төрүүлэхээс өөр аргагүйд хүрч байна. 2016 онд 3839 залуу ээж амаржсан нь өмнө оныхоос 244 тохиолдлоор өсчээ. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн таван хувь нь 20-иос доош насныхан байдаг гэсэн. Хүчирхийлэлд өртөж, жирэмсэн болсон охидыг үр битгий хөндүүл гэж хэлэх эрх хэнд ч үгүй. Өнгөрсөн онд “Гүнж” төвд төрсөн болон хойт эцэгтээ, мөн таксины жолоочид хүчирхийлүүлсэн гурван охин ханджээ. Төрсөн охиноо хүчирхийлж, хүүхэдтэй болгоно гэдэг хүний ёсонд баймгүй. Гэтэл ийм тохиолдол гарсаар, охид золиослогдсоор байгаа нь гашуун үнэн.  Өсвөр насныхны олонх нь эцэг, эхтэйгээ дотно харилцаж, ялангуяа нөхөн үржихүйн талаар нээлттэй ярилцаж чаддаггүй байна. Угтаа эцэг, эхчүүд л нөхөн үржихүйн талаар эхэлж ам нээж, үерхэл нөхөрлөл, хайр дурлалынх нь тухайд түрүүлж алхам хийх хэрэгтэй. ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн эмч М.Мөнххишиг “Эрүүл мэнд тэр дундаа нөхөн үржихүйн боловсрол олгох хичээл хамгийн чухал. Үүний дараа эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай ярих хэрэгтэй. Нөхөн үржихүйн талаар хүүхдийнхээ нас насанд нь тохирсон мэдээлэл өгөх ёстой. ДЭМБ 20 хүртэлх насны охидын жирэмслэлтийг бууруулах зорилт тавиад ажиллаж байна. Бие махбодь нь бүрэн хөгжиж, нийгмийн хариуцлага хүлээх чадвартай, сэтгэл зүйн бэлтгэлтэй болсны дараа л гэр бүлээ төлөвлөж, хүүхэд төрүүлэх нь зөв. Энэ нь тухайн эмэгтэй болон хүүхдэд сайнаар нөлөөлдөг. Гэтэл бие махбодь нь бүрэн гүйцэд төлжөөгүй, хүүхдээ тэжээх орлогогүй, хариуцлага хүлээх чадваргүй үедээ хүүхэд төрүүлэхэд асуудал гарах нь ойлгомжтой. Хамгийн сүүлд гэхэд 17-хон насандаа ээж болохоор ЭХЭМҮТ-д төрөхөөр очсон охин 6 давхраас унаж нас барсан аймшигт хэрэг гарлаа. Тэрээр хүсээгүй жирэмслэлтийн улмаас ийнхүү амиа хорлохоор шийдсэн нь дэндүү харамсалтай. Гэтэл манай улсад хамгийн залуу ээж болох охин 12-хон насандаа хүүхдээ төрүүлж байсан гэнэ. Эцэг эх нь түүнийг жирэмсэн болсныг ч мэдэлгүй ирээд азаар эмнэлгийн тусламжийн дагуу төрж нярайлсан бөгөөд  одоогоор эцэг эх нь хүүхдийг өөрийн нэр дээрээ өргөж авсан байна. Гэвч энэ охин шиг аз өсвөр насны ээж болгонд тохиохгүй. Тэгэхээр төр, засгаас өсвөр насны ээжүүдийн талаар анхаарал хандуулж, энэ асуудлыг цэгцлэхгүй бол  тун удахгүй ангиараа дүүрэн хүүхдээ тэвэрсэн ээж нар ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид сууж байхал гайхах хэрэггүй болох нь дээ.

                                                                                                                                                            Т.Сэлэнгэ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=