ТАВАН ХОШУУ МАЛ Ч ХЭЛМЭГДЛИЙН ХАР ШУУРГАНД ӨРТСӨН



Өнгөрсөн зуунд манай улсад өрнөсөн их хэлмэгдүүлэлтийн хохирогч олон бий. Юуны өмнө лам нар хамгийн их хэлмэгдсэн гэж бид ярьдаг. Долоон зуу гаруй сүм хийд шатаж, хорин мянган лам хядуулж, арван мянган лам шорон гянданд хоригдсон гэж ирээд л ярьдаг. Лам нараас гадна хувьсгалч сэхээтнүүд болох арван мянган хүнээ ял хядаж хэлмэгдүүлсэн. Буриадууд ч мөн хэлмэгдэлд хамгийн их өртсөн гэж ярьдаг. Энэ мэтээр хэлмэгдүүлэлтэд өртсөн хүний тоо маш их. Тэгвэл ганц хүн ч биш мал сүрэг ч бас хэлмэгдсэн тухай энд өгүүлэхээр шийдлээ. Социализм байгуулах гэсэн он жилүүдэд Монголын мал сүрэг хамгийн ихээр хэлмэгдсэн болохыг хашир малчид баримттайгаар хэлдэг юм. Хамтрал коммун байгуулах нэрээр баячуудын малыг хураан авч ядууст тараах үед олон мянган мал тогоо тосолж, хулгайчийн гарт өртөж, хэлмэгдсэнээс эхлээд маш их хэлмэгдэл явагдсан нь яах аргагүй үнэн билээ. 1928 онд Монголын нийт мал сүрэг 30 гаруй сая /Хувьсгалын жилүүдэд Монголын мал сүргийг 22 сая байсан гэдэг боловч энэ тоонд жасын хөрөнгө буюу лам нарын мал огт тоологдоогүй өнгөрсөн байдаг. Оросч эрдэмтэн Бурдуковын дурсамжинд монголын малыг 30-40 сая хэмээн багцаалсан нь ортой юм/ байсан бол хамтрал комуун өрнөсөн гурван жилийн дотор 16 сая толгой малтай үлдсэн байсан нь үүнийг гэрчилнэ. Гэвч буянт мал сүрэг маань хэдхэн жилийн дотор буцаад 20 саяд хүрсэн билээ. Хожим нь И.Сталин, маршал Х.Чойбалсантай хамт хундага тулгахдаа “Монголын мал сүргийг 200 сая хүргэнэ” гэсэн уриа лоозонг дэвшүүлжээ. Ингээд удалгүй улсын сайн малчдыг шалгаруулж, малыг даруй 20 саяд хүргэсэн ч тун удалгүй дэлхийн хоёрдугаар дайны гал дүрэлзэн асч монголчуудын бахархал болж төрийн сүлдэнд заларсан адуун сүрэг маань асар ихээр хэлмэгдэн хиарсан байдаг. Хэрвээ адуу хүний хэл мэддэг байсан бол лам нараас дутахгүй буриад нараас илүүтэй ихээр хэлмэгдлийн тухай их зүйлийг ярих байсан биз ээ. Тухайн үед фронтод бэлэглэх нэрээр хагас сая буюу 500 мянган адууг монголчууд оросуудад өгсөн гэдэг албан ёсны тоо баримт байдаг юм. Хожим нь ч гэсэн худалдан авч байгаа морьдыг оросууд “малиндаж” авдаг байсан бөгөөд энэ нь нэг ёсны эрүүл мэндийн шалгалт байсан аж. Нэг үгээр хэлбэл ямар ч өвчин эмгэггүй эрүүл чийрэг залуу морьдыг фронтод бэлгэнд зориулж 17 рубль 50 копейкоор худалдан авдаг байсан аж. Эднээс гадна малчдын сайн дураараа орос “ах нарт” бэлэглэсэн үй олон агт морьд байна. Тэдний оронд ганц улаан копейк ч өгөөгүй бөгөөд эх орны дайны үеэр бараг 100 мянган шилдэг хүлэг морьдоо Монголын ард түмэн бэлэглэсэн гэхээр асар их мөнгө Орос руу зүгээр урссан болж таарав. Эх орны дайны фронтын тэргүүн шугаманд улаан гал дундуур исгэрэх сумын эсрэг монгол морь эзнээ авран давхиж явсан нь үнэн боловч тун цөөхөн ердөө 2000 мянга хүрэхтэй үгүйтэй морьд л фронт руу ачигдаж очсон гэдэг мэдээ ч бий. Дайны хөөрлөөр 500 мянган адуугаа хойш хил давуулсан нь Монголын мал сүрэгт тэр тусмаа адуун сүрэгт маань их хэлмэгдүүлэлт явуулсан тод жишээ энэ юм. Ганц адуун сүргээр тогтохгүй хонь, үхэр, ямаа, тэмээг ч гэсэн хэдэн арван мянгаар нь нядлан галт тэргэнд ачуулаад хүнс болгон Орос руу явуулж байсан аж. БНМАУ-ын түүх номын гурав дахь ботид “Манай улс эх орны дайны фронтод 500 мянган шилдэг адуу, хоёр сая бод, гурван сая бог малын мах ачуулж тусалсан” хэмээн хар дээр цагаанаар бичсэн байдаг. Энэ бол их дайны үед хэлмэгдэж алуулсан монгол малын тоо. Эндээс гадна социализмын үед сэхээтнүүдээс дутуугүй хэлмэгдсэн монгол малын нэг үүлдэр бас байна. Энэ нь сарлаг, монгол үхэр хоёрын дундаас гарсан эрлийз буюу хайнаг хэмээх бие томтой хүч чадалтай мах ихтэй амьтан юм. Энэхүү амьтныг олон болгохгүйн тулд бараг л зориуд бодлогоор үгүй хийсэн гэдэг яриа байдаг нь сонирхолтой санагддаг. “Хайнагийн бух эзнээ алдаг” гэсэн мухар сүсгийн маягтай яриаг орон даяар дэлгэрүүлснээс өнөөг хүртэл Монголд хайнагийн бух гээч амьтан гарч ирээгүй юмсанж. Соц нийгмийн эхэн үед Архангай аймагт нэгэн малчин айлын хайнагийн бух хавийн малыг мөргөн шорлож алаад адаг сүүлд нь эзнээ хөнөөсөн. Түүнээс хойш хайнагаар бух тавихыг хориглосон гэсэн яриа газар авчээ. Гэтэл үнэндээ тийм явдал огтхон ч болоогүй гэдэг. Монгол малын дотроос хайнаг хэмээх чадалтай шинэ үүлдэр гаргаж ирэхгүйн тулд орос мэргэжилтнүүд зориуд ийм үг яриа гаргасан тухай малын эмч нар ярьдаг нь үнэний ортой болов уу. Энэ мэтээр бичээд байвал таван хошуу мал маань та биднээс илүү хэлмэгдэн хохирч явсан нь тодхон харагдаж байна.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=