СВЕРДЛОВСКТ ХИЙСЭН БИОЛОГИЙН НУУЦ ТУРШИЛТ



1979 оны дөрвөн сард Свердловск /одоогийн Екатеринбург/ хотод мартахын аргагүй эмгэнэлт явдал тохиолдсон юм. Дөрвөн сарын эхээр хотын урд хэсгийн иргэд биологийн зэвсэгт өртөж, үр дүнд нь дэгдсэн халдварт өвчин олон хүний аминд хүрчээ. Биологийн зэвсэг болсон тэр үүл ЗХУ-ын БХЯ-ны Свердловск-19 цэргийн хотын микробиологийн нууц лабораториос алдагджээ. Свердловск хотод 1979 онд боом өвчин дэлгэрсэн нь зүгээр ч нэг тохиолдол биш, өнгөрсөн зууны биологийн хамгийн том осол байв. Энэ ослын шууд ба дам нөлөөг хэмжихэд бэрх. Эл явдал үүнээс гадна Зөвлөлт улс биологийн дайнд бэлэн болохыг батлав. Халдварын голомт болсон Свердловск хотын цэргийн биологийн тов буюу Свердловск-19 цэргийн хотыг 1946 онд тус хотын захад цэргийн биологийн судалгаа хийхээр айгуулжээ. Тухайн үед хотын эргэн тойрон модтой байсан ч хот тэлсээр хаяа түшихэд цэргийн хотыг нүүлгэн шилжүүлсэнгүй. Харин эргэн тойронд нь Чкаловын аж үйлдвэрийн бүсийг байгуулав. Ингэснээр хотын иргэд тун аюултай нөхцөлд аж төрөх болжээ. Халдвар маш хурдан тархаж, хүмүүс гудамж талбай, гэр орон, эмчид үзүүлэх гэж хүлээж суухдаа амьсгал хурааж эхлэв. Өвчнийг-022 гэж нэрлэжээ. Урьдчилан сэргийлэх тухай анхны нийтлэл халдвар дэгдсэнээс хойш 11 хоногийн дараа, хэдэн арван хүн нас барсан хойно хэвлэгдэв. Иргэдэд захаас мах авахдаа анхааралтай байхыг сануулж, боомоос урьчилан сэргийлэхийг мэдэгджээ. Хэдийгээр маш олон хүн боомын халдвар авч нас барсан нь тодорхой болсон ч нас барсны гэрчилгээн дээр үхлийн шалтгааныг боом гэж бичсэнгүй, хатгаа, вирусын гаралтай хатгаа, хордолт, сепсис, шигдээс гэж бичжээ.

Анхандаа Сверд­ловскийн явдлыг ирээдүйн Зөвлөлтийн удирдагч Ю.А.Андропов тэргүүтэй КГБ-гийн удирдлага, Оросын ирээдүйн Ерөнхийлөгч Б.Н.Ельцин тэргүүтэй хотын намын хорооныхон мэдээгүй гэдэг ч Свердловск хотод дөрвөн сарын 04-нд ирсэн генерал П.Н.Бургасов /Эрүүл мэндийн дэд сайд, их эмч/ нөхцөл байдлыг ойлгоод ямар ч арга хэмжээ авсангүй, тэр чигт нь орхижээ. Учир нь энэ хүн аль 1958-1963 онд Свердловск-19 хотод биологийн зэвсгийн нууц судалгаанд оролцож байсан аж. Хүйтэн дайны үеийн биологийн энэхүү осолд хэд хичнээн иргэн өртсөн нь одоо ч тодорхойгүй. Эсвэл Свердловск хотын иргэд биологийн шинэ зэвсгийн туршилтанд орсон гэхэд хилсдэхгүй. Энэ явдал санамсаргүй тохиолдсон байж болох ч эсрэгээрээ байж магадлалтай. Бургасов генерал Америкт айлчилж байхдаа нийт 64 хүн нас барсан гэж 1988 онд мэдэгдсэн ч үүнд итгэж боломгүй. Зүүн оршуулгын газрын 15-р хэсэгт оршуулсан иргэдийн тоо хавьгүй их. Халдвар дэгдсэн эхний өдрүүдэд нас барсан хүмүүсийн задлан шинжилгээнд оруулаагүй, өөр онош тавьж, оршуулгын бусад газарт оршуулсан хүмүүсийг тоолсонгүй. Чкалов дүүргийн 24-р эмнэлгийн үлдсэн бичиг баримтаас үзэхэд нийт 359 хүн өвдсөний 45 нь дөрвөн сарын 20-ноос өмнө нас барсан бөгөөд 214-ийг нь төвийн 40 дүгээр эмнэлгийн тусгай хэсэгт хэвтүүлжээ. Эдний ихэнх нь нас барсан тэднийг оршуулсангүй, эмнэлгийн моргийн зууханд чандарлав. Энэ хүмүүс бүгд Свердловск-19 урд талд амьдардаг. Дөчдүгээр эмнэлэгт нийт 500 ортой, хоосон ор байгаагүй гэдэг. Тэгэхээр цэрэг, иргэн хоригдол нийлсэн хохирогчдын тоо 20-30 дахин их буюу 1500-2000 иргэн байжээ. Ойн оршуулгын захад байдаг, саяхан ил болсон БХЯ-ны оршуулгын газарт хэд хичнээн хүнийг нэргүй булшинд оршуулсан нь мөн тодорхойгүй. Халдваргүйжүүлэх ажил­лагаанд оролцсон зуу зуун хоригдол энд л эцсийн зогсоолоо олжээ. БХЯ-наас ийм тохиолдлыг албан баримтад бүртгэдэггүй. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=