НЭРТ ЭРДЭМТЭН Б.СОДНОМЫГ НАХЯ-НЫХАН ХОЁР УДАА ШОРОНД ХОРЬЖ, ХЭЛМЭГДҮҮЛСЭЭР ХӨНӨӨЖЭЭ


Монголын анхны соёл боловсролыг европ орны зах зээлээс оюун тархиндаа өвөртлөн тээж ирсэн олон сэхээтнүүд байдаг. Тэдний нэг бол эрдэмтэн, багш, зохиолч, судлаач Балдангийн Содном юм. Б.Содном нь Шинжлэх Ухааны байгууллагад 1930 оноос хойш 49 жил гаруй уран бүтээл, эрдэм мэдлэгээ зориулж байгаад 1979 оны 2 сарын 11-нд таалал төгсчээ. Түүнийг үе тэнгийн найз нөхөд нь “Агуу Содном” буюу “Белкий Содном”, шавь нарынхаа дунд “Со багш” хэмээн хүндлэгддэг байжээ. 1923-1924 онд Намын Төв Хорооны дэргэд байсан Сүхбаатарын нэрэмжит клубт Д.Нацагдорж, С,Буяннэмэх, Д,Чимэд, Б.Ишдорж нар зохиол, бичгийн талаар яриа, лекц таниулдаг байхад Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Н.Наваан-Юндэн, Б.Содном нар хамт суудаг байжээ. Гавъяат багш Бавуу гуайн дурсамжинд тодорхой өгүүлжээ.

-Бид Эрхүү хотоос төмөр замаар хатуу вагонд Москва хүртэл тав хоног Монгол эсгий гудсаа дэвсч явдаг байлаа. Вагон дотор Далай багш Герман хэл зааж бид үсгээ сурч уншчихаад үг зохиож чаддаг болов. Москвад гурав хоноод галт тэргээр Ленинградад очиж, усан онгоц хүлээж долоо хоносон. Тэр үед Ренчин Бямбаев, О.Намнандорж, киноны эрдэмтэн Гончиг нар бидэнд хотыг танилцуулж үзүүлж байв. Ленинградад байхдаа анх бэлдэж өгсөн европ хувцсаа өмсөөд, цааш хоёр хоног усан онгоцоор явж Германд хүрч билээ. Тэд нийтдээ бүтэн сар гаруй их олон бэрхшээлийг туулан Германд очжээ. Бавуу, Наваан-Юндэн, Б.Содном, Пүрэвдорж бид Берлинд суралцахаар болов. Наваан-Юндэн, Б.Содном, Бавуу гурав доктор профессор Леонард багшийнд байрлахаар болов. Тэднийх хоёр хүү, нэг охинтой айл байлаа. Бид гурав ороо зэрэгцүүлэн байрлуулж унтана. Хоол болонгуут бид гурвыг дуудна. Хичээл тараад цагтаа харих, хожигдвол хоолонд орох эрхгүй, ганц минут хожигдож болохгүй дүрэмтэй. Содном бид хоёр долдугаар ангид сурдаг байлаа. Бид цагаан сараа Монгол ёсоор өнгөрүүлдэг байв. Хүн хүн дор дороо юмаа бэлдээд битүүний орой бусад хотод байгаа сурагчид Берлинд ирж Монгол ёсоор ширээ засаад оногдсон сандал дээрээ суун битүүлцгээнэ. Шиний нэгэнд хамгийн ахмад хүнээсээ эхлэн золгоно. Бидний дунд хамгийн бага нь 13, том нь 19 настай байлаа. Мөн сууж байсан Герман айлаа урьж шинэлдэг байжээ гэсэн байдаг. Дорно дахиныг судлаач гарамгай эрдэмтэн Бэртолд Лаифер дурсахдаа:

-1926 оны 3 сард гэхэд би нэг жилд гурван шинэ жил үзсэн минь их сонирхолтой байлаа. Нэг дор дөрвөн шинэ жил. 1925 оны 9 дүгээр сард хичээлийн шинэ жил, 12 дугаар сарын 31-нд европын шинэ жил, 1 дүгээр сарын 13-нд оросын үнэн алдартны шинэ жил энэ нь хуучин орос цаг тооллоор, мөн Монгол нөхдийн хүссэн ёсоор 3 дугаар сард буддын шинэ жилийн үдшийг хамт тэмдэглэсэн билээ. Тэнд хангалттай хоол унд, уух юм байлаа. Берлинд байгаа бүх монголчууд өөрсдийн найз нөхдийн хамт ирсэн байлаа. Миний бие нь 1925-1929 онд Герман, Францад айлчилсан Монголын худалдааны төлөөлөгчид, боловсролын баг хүмүүст хэлмэрч, нарийн бичгийн үүргийг гүйцэт­гэсэн. Үнэхээр тэд бол баруун европт илгээсэн Монгол улсын цэцэг байсан. Тэд нар төрөлхийн төлөв даруу зан, гайхамшигтай удам угсаа, эелдэг боловсон занг бишрэх болсон. Тэдний оюун ухаан ихэнх европ хүмүүсийнхээс ялгаатай ажилладаг нь ажиглагдсан. Мон­голчуудыг заль ухаан хослосон ухаант хүмүүс гэж хэлж болно гэж дүгнэжээ. Бавуу багш цааш нь дурсахдаа:

-Тэд Герман хэлийг 6 сарын дотор сурч, бас англи хэл сурч англиар ярьдаг болжээ. Сард 50 дойч маркийн цалинтай, түүгээрээ хичээлийн хэрэгсэл авах, кино үзэх, трамвайд суух зэргээр сардаа хүргэдэг байжээ. Биднийг Германд сурч байхад Гэгээрлийн яамны төлөөлөгч Чимэд, захирал Буддарь ирж биднээс “Гэрээ санаж байна уу, орон нутагтаа буцах уу” гэхэд Наваан-Юндэн биднийг төлөөлж, бид сургуулиа төгстөл буцахгүй, нэгэнт ирснээс хойш сургуулиа дуусгана, зардал ч гарна гэж хариулж байв. Тэд сургуулиа дүүргэж эх орондоо ирж Бадарч, Сэдэд, Лувсанцэнд нар Алтанбулагт булигарийн заводад инженер, Бавуу төмрийн заводад ширэм хайлуулдаг цахилгаанчин, Наваан-Юндэн, Гэгээрлийн яаманд Цэвэл, Сурмаажавын хамт латин үсгийн зөвлөл хариуцсан ажилд тус тус хуваарилагджээ. Монголд тэд анх европ хувцас өмсөхийг дэлгэрүүлж, тэднийг тэр үеийн хүмүүс цагаан захтнууд гэж хочилдог байв. Содном нь 1930 онд Герман улсын их сургуулийн бэлтгэл ангийг дүүргээд буцаж гэртээ иртэл эцэг эх нь хоёул өнгөрсөн байлаа. Ингээд тус жилийн 5 дугаар сарын 1-нээс Шинжлэх Ухааны Хурээлэнд Монголын утга зохиолын судлалаар дагнан ажиллажээ. Содном нь 1932, 1933 онд Эрдэнэ Батхаантай Ленинград хотод үе үе уулзалддаг байв. Эрдэнэ Батхааныг Монгол улсын Ардын Гэгээрүүлэх Яамны сайд байсныг сайн мэдэхээр барахгүй, анхны дунд сургуульд газар зүйн хичээл заадаг байлаа. Нэгэн удаа шүлгээ багшдаа үзүүлэхээр очтол, багш маань тэр орой гэртээ хүрэлцэн ирэхийг өгүүлэв. Тэгээд багш маань 1928 оноос эхэлж М.Горькийг мэдэх болж түүнийхээ тухай өгүүлжээ. Үүнийгээ “Дам уулзсан нь” гэдэг өгүүлэгтээ бичсэнээс оруулав. Тэр үеийн дунд сургуулийн сурагчид сайн дурын урлагийн ажлыг багагүй хийдэг байсан бөгөөд тэр үеийн нам засаг тэднийг үнэлж 1929 оны 12 дугаар сарын 2-нд С.Буяннэмэх, Га.Навааннамжил, Б.Ренчин, Л.Цэндсүрэн, М.Ядамсүрэн нарын 17 хүнээр Монголын Зохиолчдын анхны бүлгэмийг албан ёсоор байгуулж, улмаар бүлгэмийг бэхжүүлэхийн тулд жинхэнэ зохиолч, шүүмжлэлчдийг эл­сүүлэх шаардлагатай байсан тул, 1929 оны дундуур Д.Нацагдорж, Н.Наваан-Юндэн, 1930 оны дундуур Т.Нацагдорж, Б.Содном, Б.Доржсүрэн, Д.Намдаг, Цэрэн-Очир нарын хүмүүсийг элсүүлэн өргөтгөжээ. Тэр үед дарга нь Цэндсүрэн, нарийн бичгийн дарга нь Д.Нацагдорж байв. 1930-аад оноос эхлэн ногоон малгайтнууд Монголын сор болсон сэхээтэн эрдэмтэн мэргэд, лам хуварга болон үнэн зүрхт эх оронч ард түмнийг хардан хоморголон баривчлаж, тэднийг тарчилган зовоож, алж устгаж байсан “хэлмэгдлийн хар шуурга” бас Содномыг дайрсангүй ээ. 1938 оноос эхлэн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байтал, 11 дүгээр сарын 4-ний өдөр Дотоодыг хамгаалах газар дайчлан баривчилж хилс хиргээр шоронд хорьжээ. Баривчлахдаа зүгээр ч аваад явсангүй. Гэр орныг нь онгичиж, хөрөнгө эд хогшлийг нь хураан бүтүүмжилсэн байв. Ганц Содномыг ч биш Герман, Франц болон Орос Улсад хамт сурч байсан Д.Нацагдорж, Б.Ренчин, Наваан-Юндэн, Намдаг зэрэг олон сайхан найз нөхдийг нь бас хорьжээ.


До яамны харанхуй шоронд хорьж, нэг нэгээр нь жижүүрлэн дуудан Орос Монгол байцаагч ээлж дараалан байцаан эрүүдэн тамлаж “Хэдэн онд япон тагнуулд элсэн орсон, Герман Орос хэлний алийг нь илүү сайн мэдэх вэ!” гээд тэднийг тарчилган зовоож байцаажээ. Зарим нэгэн нь эрүү шүүлтээ дааж чадалгүй нас барах, хэн нэгнийг нь буудан хороосон байдаг. Улсын аюулгүй байдлыг хамгаалах газрын архивт байгаа нэгэн байцаалтаас үзвэл анхны мэдүүлэгтээ Содномыг хувьсгалын эсэргүү Японы тагнуул Б.Ренчингийн бүлэгт элссэн… гэж мэдүүлэг тулгаж өгсөн байх бөгөөд 1940 оны 3 дугаар сарын 15-нд ял сонсож мэдүүлэг өгөхдөө:

-Нойр, хоолгүй жижүүрлэн байцаах зэргээр тамлан зовоосон, аргагүй хүчинд автан худал хэрэг хүлээсэн гэж мэдүүлснээр 1940 оны 4 дүгээр сарын 11-нд Содномыг суллагджээ. 1951 онд Улсын их хурлын тэргүүлэгчдийн 26 дугаар зарлигаар цагаатгасан боловч хувьс­галын эсэргүү, японы тагнуул гэсэн хэргийг дахин хяналтанд оруулсан байдаг. Хэл бичгийн ухааны доктор Ж.Цолоо гуайн дурсамжаа “Намдаг гуай Содном багшид хэлсэн гэнэ. “За хоёулаа шоронгоос гарлаа. Энэ бол хэлмэгдэлтийн үе байсан, хоёулаа архи уугаад, дуугаа дуулаад гудамжинд явахгүй ээ. Амьдралд юу сурлаа, юу үзлээ чи бид хоёр, юу мэддэг билээ, Содном минь хоёулаа тэрийгээ амьдралдаа үзүүлнэ, ажил хөдөлмөрөөрөө хүнд харуулъя, хүүхдүүдээ хүмүүжүүлье” гэж Намдаг гуай бид хоёр их л хуучилж байсан. Энэ бол хүнд их сургамжтай үг шүү, Цолоо минь гэж Содном багш хэлж байсан нь одоо хүртэл миний санаанаас ерөөсөө гардагүй юм” гэжээ.

Содном 1938 оноос эхлэн багш нарыг бэлтгэх сургуулийн хэл бичгийн анги, багш нарын зуны давтан сургууль, 1949 оноос эхлэн Улсын Их Сургуулийн хэл бичгийн ангид удаа дараагаар 13 жил тасралтгүй утга зохиолын онол, ардын аман зохиол, дорно дахины утга зохиол зэрэг хичээлүүдийг зааж байв. Содном 1940-1947 онуудад багшлахын хажуугаар Шинжлэх ухааны хүрээлэнгийн тасгийн эрхлэгч, улсын нэр томъёоны комиссын нарийн бичгийн даргаас эхлэн Шинжлэх ухааны эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг ажлуудыг зэрэг хавсран хийхээс гадна өөрийн нүсэр их судалгаа шинжилгээний бүтээлээ тасралтгүй туурвисаар иржээ. Б.Содном багшаар хичээл заалгаж гарсан анхны алдартай оюутан нарын дотроос Улсын гавъяат багш Сэмжид, Шинжлэх Ухааны доктор Сандаг, дэд доктор Н. Жамбалсүрэн, Содов, Дэд профессор Ч.Цэндсүрэн, алдарч зохиолч Д.Тарваа, Д.Даржаа, Л.Түдэв, Т.Галсан, П.Хорлоо, Хэл бичгийн ухааны доктор Ж.Цолоо зэрэг олон сайхан алдарт хүмүүс төрөн гарсан. Хилс хэлмэгдлийн үе шоронгоос гарснаар дуусгавар болсонгүй. Түүнийг алхам тутамд нь мөрдөн мөшгиж, янз бүрийн өө шалтаг хайж байв. Тэр үед хүний мууд дуртай дээгүүр доогуур бялдуучлан гүйгч олноор байж, тэд хийсэн юмгүй намын нэр барьж, нэг их үнэнч дур зураг эсгэн уран бүтээл зүрх сэтгэлээрээ ажиллаж байгаа нэгэндээ атаархан хийж бүтээсэн бүтээлийг нь улайм цайм булаан өөрсдийн нэрээр гаргах, бүүр ичгүүргүй худал гүтгэн гүжирдэн матаж хон хэрээ шиг аашилж байлаа. 1947 онд Содном докторыг албан хариуцлага алдсан гэж намаас нь хөөж, 2 жилээр ял шийтгэж Зүүнхараагийн засан хүмүүжүүлэх газар чулууны ажил болон спирт заводод орчуулагч хоригдлоор ажиллуулжээ. 

Архивийн лавлагаанаас үзэхэд, 1947 оны 2 дугаар сарын 13-ний өдөр Шинжлэх Ухааны Хурээлэнгийн нарийн бичгийн дарга Б.Содномыг дайчлан баривчилж орон гэрийг нь нэгжин үзээд дор дурдсан зүйлийг хураан авсан байдаг. Ингэхдээ До яамны төлөөлөгчид үнэтэй эд зүйл гэхээс илүү орны эрээн даавуу, хувцас хунар, нүүр гарын саванг нь хүртэл хуу хураасан байгаа юм. Монгол улсын төрийн шагналт профессор Д.Цэндийн дурсамжаас “Шинжлэх Ухааны Хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж байв. Гэтэл хүрээлэнг шалгасан тооллого хийж нэлээд их хэмжээний мөнгө дутагдсан учир албан хариуцлага алдсан хэргээр намайг баривчлан хорьж мөрдлөө. Тэгж байтал дутагдсан мөнгөний асуудал хүчингүй болсон ч намайг Б. Ренчиний эсэргүү бүлгийн гишүүн, Германы тагнуул зэрэг хилс хэрэгт холбогдуулан Б.Содномыг яллаж Зүүнхараад байрлаж байсан хорих ангид шилжүүлсэн юм. Тэр үед Зүүнхараагийн спирт заводад гадаадын мэргэжилтнүүд ажилладаг байсан тул намайг хоригдол орчуулагчаар ажиллуулсан юм. Хэдэн жил тэнд хоригдож ажиллахдаа гадаад мэргэжилтэнтэй ойр танилцаж, спирт заводын эвдрэл согог зэргийг засаж өгчээ. Хожим эрдэмтэн Б.Содном “Би өнөөдөр ч гэсэн (1967оны намар) Зүүн хараагийн спирт заводын ажиллагаа доголдвол мэргэжилтэн шиг уригдан очиж засч өгөөд хөлсөнд нь 2-3 литр спирт авч хэрдээ болоод байдаг юм шүү дээ” гэж инээмсэглэн суудаг сан. Шоронгоос гарсан боловч эрдэмтэн Б.Содномын намын гишүүнчлэлийг сэргээгээгүйн шалтгаар уран бүтээл, судалгаа шижилгээ, эрдмийн цол ахих зэрэгт нь саад болсоор л байв. 1946 онд хэвлүүлсэн “Монголын утга зохиолын түүхчилсэн төлөв” гэсэн 3 бүлэгтэй бүтээлийг нь 1949 онд “БНМАУ-ийн сургуулиудад түүх, утга зохиол зааж байгаа байдлын тухай” МАХН-ын Төв Хорооны тогтоолд хөрөнгөтний нациолист үзэл нэвт шингэж, феодалын нийгмийг монголын алтан үе байсан мэтээр үзсэн гэгдэж бут ниргүүлсэн юм гэж зохиолч, эрдэмтэн төрийн шагналт Л.Түдэв дурсамждаа өгүүлсэн нь бий. Эрдэмтэн зохиолч Б.Содном түүний уран бүтээлүүд нь Монголын Шинжлэх Ухааны хэд хэдэн судалгаа шинжилгээний үндсийг үүсгэн тавьсан.

1.Хэл шинжлэл судлал,

2.Утга зохиол урлаг судлал

3.Ардын аман зохиолын судлал,

4. Д. Нацагдорж судлал

5. Нэр томъёоны судалгаа

6.Шинэ үеийн уран зохиолын судлал бөгөөд үүн дээр өөрийн зохиосон зохиолууд, хэлсэн ярьсан үг болон дурсамжууд орж байгаа юм. Нэрт эрдэмтэн Б.Содном нь Монголын шинжлэх ухааны олон салбарт хувь нэмрээ оруулснаас гадна дэлхийд алдар нь товойж гарсан, гадаад дотоодын эрдэмтэн мэргэдэд өндөр үнэлэгдсэн нэрт эрдэмтэн байсан гэдгийг олон эрдэмтэд баталдаг. Үүний нэг жишээ доктор С.Мөөмөө, миний бие Б.Содном гуайг монгол судлалд зүгээр нэг гялсхийгээд өнгөрсөн үзэгдэл байсан биш, амьдралын судас нь монгол хэл, зохиолын төлөө цохилж байсан эрдэмтэн байсан гэж дүгнэж байна.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=