ОРОН НУТГИЙН “ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙГ ТӨРД АВАХ ЮМ БОЛ ӨМНӨГОВЬЧУУД БИД ТЭМЦЭНЭ


Сүүлийн өдрүүдэд өрнөөд байгаа нүүрсний хулгай гэх асуудлаар Өмнөговь аймгийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар байр сууриа хэвлэлийнхэнд илэрхийллээ. Тэрээр  УИХ-д сонгогдохоосоо өмнө аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн орон нутагтаа хэрхэн дэм тус болдгийг өөрийн биеэр мэдэрсэн хүн юм.  Иймд тэрээр энэ их дуулианы үеэр орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг  төрд авахаар санаархаж байгааг эрс эсэргүүцэж байгаа юм.  

Тэрээр “Орон нутгийн Тавантолгой компаний хувьд 51 хувь нь манай Өмнөговь аймгийнх,  49 хувь нь хувьцаа эзэмшигчдийнх. 100 хувь төрийн мэдлийн компанийг бодох юм бол харьцангуй хяналттай. Олон мянган хувьцаа эзэмшигч хуралдаа сууна. ТУЗ-д төрөөс тав, хувьцаа эзэмшигчдээс 4, нийт 9 хүн асуудлаа шийддэг. Төр дангаараа шийдвэрээ гаргахгүй. Хувьцаа эзэмшигч компаний хуулиар 61 хувиаас дээш байж шийдвэр гарна. Манай нутгийн жижиг Тавантолгойн хувьд харьцангуй хяналт сайтай, үйл ажиллагаа нь ил тод явагддаг. Орон нутгийг санхүүжүүлдэг ганц компани. Мөргөцөгийн асуудал гэж яригддаг. Би бол уул уурхайн мэргэжлийн хүн биш. Тухайн уул уурхайн удирдлагуудын ярьж хэлэхийг сонсож байсан. Эрдэнэс Тавантолгойтой яг ингээд хил залгаа манай Тавантолгой компани байдаг бөгөөп уул уурхайн олборолт хийхэд хөрс хуулалт, янз бүрийн ажил гардаг. Хүнд машин механизмууд явах учир зам гаргана. Тэр хооронд нөгөө уурхайнхаа газар луу нэвтэрч ордог. Жилийн эцэст нүүрсний асуудлаа мөнгөөр нь өгөх үү, ижил хэмжээний чанартай коксжих нүүрс өгөх үү гээд төлөөд явдаг. Энэ нь Эрдэнэс тавантолгой, жижиг Тавантолгой ч биш хил залгаа оршдог бусад уурхай болох Нарийн сухайт дээр МАК, Өсөх зоос гээд хөрс хуулалтаас авахуулаад нүүрсний асуудал гарч байдаг л уул уурхайн олборлолтын үйл явц. Гэтэл нүүрсний хулгай гэж яриад байх юм. Ийм их хэмжээний нүүрс хилээр хараа хяналтгүй гарна гэдэг бол юу бол! Бүхэл бүтэн тусгаар тогтносон улс хил гааль, тагнуул, хилийн цэрэг гээд бүгдээрээ тэнд байхад бүгдээрээ харахгүй хулгайн нүүрс гараад явна гэж байхгүй. Нүүрсний хулгай гэдэг бол маш бага үнээр аваад цаашаа нугалаад зарчихсан энэ асуудлыг хулгай гэж ойлгож байгаа. Түр хорооны гишүүд хятадын талын тоо хэмжээг хүлээж байна, нууц гэрээ ил болохоор бүх юм тодорхой болно. Гэтэл наана нь нэр ус хүртэл яваад байна лээ. Миний нэр хүртэл орчихсон. Хамааруулж болох бүх хүнийг л бичиж байна. Миний хувьд нүүрсний хулгай гэж мэдэхгүй, хамаарал байхгүй. Харин би хохирогч болчихоод байгаа юм. Манай Өмнөговиос нүүрс алга болчихсон, хулгайд юмаа алдсан 73 мянган хүний төлөөлөл нь би байгаа юм!

 Манай орон нутгийн 56 жилийн түүхтэй компаниас аваад явчихсан бол бид хохирчихоод байна. Хэдэн тн алдсан, хэн авсныг мэдэхгүй. Өмнөговьчууд бид хохирогч. Цаашлаад Эрдэнэс Тавантолгойгоос хулгайлсан бол Монголын ард түмэн хохирогч. Энэ хүмүүсийг олон хэрэгтэй. Нүүрсний хулгайн дуулианы хажуугаар бас нэг юмс яригдаж байна. Орон нутгийн Тавантолгойг төрд авъя гэсэн зүйл яригджээ. Тийм юм гэж байхгүй!  Өмнөговийг тэжээж байгаа ганц компанийн ашиг  орлогоор аймгийн энэ их бүтээн байгуулалт, бүх юмыг хийж байгаа. Улсад их хэмжээний татвар, орлого төвлөрүүлж байгаа, Өмнөговь аймагтаа ашигтай ажиллаж байгаа өмнөговийн ард түмний уурхайг энэ дуулианаар төрд санаархал яваад байгаа. Хэрвээ ийм байдал үүсвэл өмнөговьчууд бид хатуу тэмцэнэ! 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=