ЖАГСААЛЫН ҮЕЭР ДӨРВӨН ХҮН БЭРТЭЖ ГЭМТЖЭЭ



Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж буй жагсаалтай холбоотойгоор ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Цуглааны үеэр эмх замбараагүй байдал үүсэн улмаас дөрвөн хүн дарагдаж хүнд, хөнгөн хэлбэрийн гэмтэл авчээ. ЦЕГ-ын дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал “Нийслэлийн СБД-ийн зургадугаар хороо, Сүхбаатарын талбайд 2022 оны арванхоёрдугаар сарын 4-өөс зохион байгуулагдсан жагсаал цуглаан өнөөдөр /2022.12.5/-ны өдөр бүтэн үргэлжилж байна. Монгол Улсын үндсэн хуульд Монгол Улсын иргэн үндсэн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдэлж итгэл үнэмшилтэй байх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй. Мөн жагсаал цуглаан хийх тусгай журмыг хуулиар зохицуулсан байдаг. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх тухайн засаг захиргааны нутаг дэвсгэрт загсаалын зорилгыг бүртгүүлсэн байх ёстой. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх жагсаал цуглаан нь бүртгэлгүй зохион байгуулагдаж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс жагсч буй иргэдийн аюулгүй байдлын тухай болоод нийт иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ажиллаж байна. Үндсэн чиг үүргийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчилгүй аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, иргэний үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар цуглах эрхэд нь цагдаагийн байгууллага хүндэтгэлтэй хандаж аль болох эрсдэлгүй, нийгмийн дэг журмыг сахиулж ажиллана. Харамсалтай нь тайван замаар үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийг далимдуулж нийгмийн дэг журмыг бүлэглэн зөрчих архидан согтуурах, агуулга зорилгыг өөрчлөх үйлдлүүд гарч байна.

Тухайлбал, Эрдэнэс-тавантолгойн удирдлагууд ажилчдаа жагсаал руу явуулж, замбараагүй байдал үүсгэсэн, жагсаалыг далимдуулж өдөөн хатгах үйл ажиллагаа, бага насны хүүхдийг татан оролцуулах, үймээн самуунд уриалах, төрийн эрхийг хууль бусаар авах гэх мэт гэмт хэргийн шинж агуулсан үйлдэл гаргаж байна. Жишээлбэл, Гацуур мод шатаасан иргэн мансууруулах бодис хэрэглэсэн байсан. Мөн дөрвөн иргэн дарагдаж хүнд, хөнгөн хэлбэрээр бэртсэн байна. Олны анхаарлыг татсан хэрэгт шалгагдаж буй хүмүүс нийтийг турхирааж гудамж замын хөдөлгөөнийг бүслэн хааж, аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, төрийн тусгай хамгаалалт бүхий объект руу халдах үйлдлүүд гарсан. Иймд хууль иргэн бүрт үйлчлэхийг анхааруулж хууль бус үйлдлүүдийн таслан зогсоох үйл ажиллагааг явуулж байна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=