ГИВЛҮҮРИЙН АРД ТАРЧЛАХ АРАБ ХҮҮХНҮҮДИЙН ЭМГЭНЭЛТ ТАВИЛАН



Ислам шашинтай орнуудын хувьд эмэгтэй хүний эрх, эрх чөлөө, жендер гэж мянга яриад нэмэргүй. Исламын шашинтай орнууд эмэгтэйчүүдийг ёстой нохойноос дорд үзэж, тэдний эрхийг ноцтойгоор зөрчдөг нь нууц биш юм. Тэр ч битгий хэл, нөхрөө хуурсан эмэгтэйг олны өмнө чулуугаар цохиж амийг нь хороодог балар эртний хууль ч хэрэгжиж байна. Йордонд 16 настай охин айлын бэр болохдоо “Онгон байгаагүй” гэдэг шалтгаанаар олны өмнө эцэг, эхийнхээ хамт дүүжлүүрийн олсонд толгойгоо углуулан цаазын яланд унасан байх юм. Ухаандаа Исламын шашинд охин нь ариун онгон байгаагүй гэдгээс болж эцэг эх, удмаараа шийтгүүлэх явдал ч бий. Тэгвэл Йеменд үгээгүй ядуу айлын охид, эмэгтэйчүүд ар гэрээ тэжээхийн тулд маш нууц байдалд биеэ үнэлдэг. Хэрэвзээ биеэ үнэлж байгаад баригдвал мөн л гэр бүлийнхээ бүх гишүүдийн хамт цаазын ял эдэлдэг ажээ. Баримт дурдвал саяхан Индонезийн 23 настай залуу бүсгүйг найз залуутайгаа ойрхон зогссон гэх үндэслэлээр олны нүдэн дээр шийтгэжээ. Учир нь Исламын шашинд 21-30 хүртэлх насны ганц бие бүсгүй, эрэгтэй хүнтэй ойртох, тэрчлэн дотно харилцаанд орохыг хуулиараа хатуу хориглодог байна. Бүсгүй хүн анхны эрдээ цэвэр ариун очих ёстой бөгөөд ойртох нь бүү хэл, түүнтэй үг солих, харц тулгарахад л бурхнаас урвасанд тооцогддог аж. Индонезийн муж улс бол Исламын шашинтай ба тэнд Шариатын хатуу хууль үйлчилдэг. Шариатын хууль нь Исламын хуулиас бага зэрэг өөр боловч, бүсгүй хүн гэрлэхээсээ өмнө ямар нэгэн эр хүнтэй ойрхон зогсох, тэврэх, биед нь хүрэхэд хориотой байдаг аж. Тиймээс индонез бүсгүйг бурханаас тэрсэлсэн хэмээн үзэж, олны өмнө хулсан саваагаар ороолгож шийтгэсэн зураг сошиал ертөнцөөр тараад байна. Суданы шүүх 27 настай христийн шашинт эмэгтэйг эх орон, шашнаасаа урвасан гэх үндэслэлээр шүүж, цаазаар авах ял шийтгэжээ. Исламын шариат хуулийн дагуу ийм шийтгэл авсан Мериам Яхиа Ибрахим Ишаг нь христийн шашинтай эрэгтэйтэй гэр бүл болж, долоон сартай жирэмсэн байсан талаар эх сурвалж батлав. Жирэмсэн бүсгүйг шашнаасаа урван тэрсэлсэн гэж шүүх шийтгэн, тамлажээ. Суданы шүүхийн шүүгч Аббас Мухамед мөнөөх жирэмсэн эмэгтэйд Ислам шашинд эргэж орох гурав хоногийн хугацаа өгсөн ч бодсноор нь болоогүй тул дүүжлэх шийтгэл оноосон байна. Ишагийг цаазаар авахаас гадна садар самууны хэрэгт буруутган 100 удаа ташуурдах шийтгэлийг давхар оноосон аж. Шариатын хуульд зааснаар Исламын шашинтай эмэгтэйчүүд өөр шашинтантай, итгэл үнэмшилтэй хүнтэй гэрлэхийг хатуу хориглодог бөгөөд бэлгийн харилцаанд орсон тохиолдолд завхайрсан гэж үздэг байна. Тэгвэл саяхан “Лалын улс” бүлэглэлийн түшиц газар болсон Мосул хотын нэгэн талбайд хэдэн зуун оршин суугчдын дэргэд долоон эмэгтэйг Шариат хуулиар шийтгэхээр болжээ. Азгүй долоон бүсгүйн хувьд ямар гэм нүгэл хийсэн бэ гэхээр уруулаа будсан, нүүрэндээ пудр тос түрхсэн мөн хөмсгөө зассан гэдгээрээ “Лалын улс” бүлэглэлийн дайчдын хараанд өртсөн байна. Тийнхүү “Лалын улс” бүлэглэлийн террористууд тэрхүү гоо сайхандаа анхаарал тавьсан ирак эмэгтэйчүүдийг төмөр торонд хийн түгжээд амьдаар нь шатаажээ. Афганистанд гэхэд ядуу айлын 10-12 насны охид айлын бэр бууж байгаа нь нууц биш. Бэр буулгасан айл нь охины инжинд ганц илжиг, хэдэн тампуу гурил, будаа зэргийг өгөхөд л хөөрхий охид хар нялхаасаа бэлгийн боолчлолд ордог байна. Мөн өнгөрсөн жил нэгэн эмэгтэйг олны өмнө “самуурсан” хэргээр цаазлажээ. Дөч, тавин хэмийн халуунд Шахмед Эхма хэмээх 32 настай эмэгтэй гэртээ гивлүүрээ тайлж, дан майк, богино өмдтэй амарч байхад түүнийг Шариатын хууль сахиулагчид баривчилсан байдаг. Ислам шашны хуулиар эмэгтэй хүн өдрийн цагаар гэр дотроо хагас нүцгэлж болохгүй, олон нийтийн газар зулайгаа нөхрөөсөө өөр хүнд харуулсан тохиолдолд самуур­сан, садарласан, ёс бус үйлдэл үзүүлсэн хэмээн ташуурдах, чулуугаар цохих, дүүжлэх, амьдаар нь булах шийтгэл ноогдуулдаг. Тиймээс гурван хүүхэдтэй Шахмед Эхмаг олны дунд ташуурдаж, дараа нь амьдаар нь газар булж шийтгэжээ. Ислам шашинтай улсуудын хувьд барууны хэв загвараар хөгжиж буй улсууд цөөнгүй. Катар, Саудын Араб, Арабын Емират зэрэг улсын эмэгтэйчүүдийн хувьд ч хүн эрх, эрх чөлөө хязгаарлагдмал байдаг. Тэнд наад захын жишээ дурдахад эмэгтэй хүн заавал эмэгтэй эмчээр үзүүлэх ёстой. Олон нийтийн газраар ганцаараа явж болохгүй, нийтийн унаанд сууж болохгүй гэх мэт хачин хачин заалттай. Жишээ нь хоёр жилийн өмнө Арабын Эмират улсад эмэгтэй хүн машин барих эрхтэй болж байх жишээтэй. Өнгөрсөн сард олон нийтийн сүлжээ болох “Snapchat” ашиглан бичлэг хийсэн эмэгтэйг Саудын Араб улсад баривчилжээ. Тэрбээр бичлэг хийх үедээ богино банзал өмсөн поп хөгжмийн аянд гунхалзан алхаж явдаг аж. Бичлэг дээрх эмэгтэй богино банзалтайгаа газар тариалан, эзэнгүй гудамжаар явсан талаар Саудын Араб улсын телевиз болох Эквадари маш ноцтой байдлаар мэдээлжээ. Бүсгүйг “Нүцгэн хөлтэй зураг бүхий дүрс бичлэгээ тараасан” гэж шүүмжилж хууль цагдаа болон Шариатын хууль сахиулагчид эрэн сурвалжилсаар олжээ. Одоогоор хөлөө бусдад гайхуулсан араб бүсгүйг зохисгүй хувцасласан хэрэгт буруутган баривчилж, хэргийг прокурорт шилжүүлээд байна. Прокуророос түүнд ял онооно. Ялыг шүүгч хянаад шийдвэрээ гаргадаг. Йордан, Афганистан, Ирак шиг араб бүсгүйг арай ч олны өмнө ташуурдаж, дундад зууны харгис хуулиар шийтгэхгүй аж. Саудын Арабын эрүүгийн хуулиар түүнд 2-3 жилийн хорих ял юм уу маш өндөр мөнгөн  торгууль ноогдуулах бололтой. Энд нэр дурдагдаагүй Ислам шашинтай Пакистан, Тунис, Бангладеш, Энэхтхэгийн баруун урд мужуудад ч эмэгтэй хүнийг ийнхүү золбин нохойноос дор үзэж байдаг гэдгийг онцлох хэрэгтэй. Хамгийн сүүлийн баримт дурдвал,

..Иран бүсгүйчүүд хиймэл үс, сахал нааж, эрэгтэй хүний хувцас өмсөж, эсрэг хүйстнийхээ дүрд хувиран хөл бөмбөг үзэхээр цэнгэлдэх хүрээлэнд саатжээ. Ийн хүйсээ өөрчлөх болсон шалтгаан нь тэд “Азади” талбайд очиж өөрсдийн дуртай хөл бөмбөгийн баг болох “Персеполис”-ын тоглолтыг үзэхийг хүссэнтэй холбоотой аж. Учир нь 1979 оноос Иран улсад эмэгтэй хүн цэнгэлдэхэд очиж, хөл бөмбөгийн тэмцээн үзэхийг эрүүгийн болон Шариатын хуулиар хатуу хориглосон байна. Бүсгүйчүүдийн шүтээн болсон баг 3:0-ийн харьцаагаар хожиж, Ираны хөл бөмбөгийн аварга болжээ. Тиймээс хөл бөмбөгийн фанатууд дүрэм зөрчсөндөө огтхон ч харамсаагүй  нь лавтай. “Персеполис” багийн шүтэн бишрэгчдийн клубийнхний авсан гэрэл зургийн ачаар тэднийг олж илрүүлсэн бөгөөд бүсгүйчүүд хайртай багийнхнаа чин сэтгэлээсээ дэмжсэн хэдий ч өдгөө хэрэгтний ширээнд суухад хүрчээ.


Энэхүү зургийг сошиал сүлжээгээр үзсэн дэлхий нийтээрээ “Зоригт бүсгүйчүүд” хэмээн иран эмэгтэйчүүдээр бахархсан бол, нөгөө хэсэг нь “Хэзээ нэгэн өдөр хүйсээ нуухгүйгээр хөл бөмбөгийн тэмцээн үзэх боломжтой болох болно гэдэгт итгэлтэй байгаарай” хэмээн олон мянган сэтгэгдэл илгээсэн байна. Үүнээс яг гурван долоо хоногийн дараа энэ явдал дахин давтагдсан гэнэ. Тэнд 35 эмэгтэй мөн л эрчүүдийн дүрд хувирч “Персеполис” болон “Эстеглял” багийн хооронд болсон тэмцээнийг үзэх гэж яваад хууль сахиулагчдад баригдав. Цагдаа нар бүсгүйчүүдийг түр саатуулан, улмаар эрүүгийн хэрэг үүсгээд буй. Энэ тухай  Тегераны аюулгүй байдлын тэргүүн хэлэхдээ “Ийм зүйл нэг биш удаа тохиолдож байна. Хөл бөмбөгийн тэмцээн үзэх эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан нь тэдний нэр хүндийг хамгаалахын тулд юм. Хэрвээ эмэгтэйчүүд хөл бөмбөгийн тэмцээн үзэхийг хүсч байвал гэртээ зурагтаараа үзэж болно шүү дээ. Тиймээс Ираны эрүүгийн хуулийн дагуу хөл бөмбөг үзсэн эмэгтэйчүүд баривчлах ялаар шийтгүүлнэ” хэмээжээ. Нэг үгээр цэнгэлдэх хүрээлэнд очиж өөрсдийн дуртай хөл бөмбөгийн багаа дэмжсэн иран бүсгүйчүүд дор хаяж 3-6 сар баривчлагдан торны цаана суухаар болов. Монгол бүсгүйчүүдийн хувьд БНМАУ гэж байх үеэс өмнө Богд Хаант засгийн үе, Эзэн Чингис хааны үед ч гэсэн Ислам шашинтай улс гүрнүүдийн эмэгтэйчүүд шиг өмсөж зүүх, үзэж харах, уулзаж учрахаа бусдаар цагдуулж, ял шийтгэл эдэлж, алтан амиа алдаж явсан удаагүй. Тэгэхээр монголын эмэгтэйчүүдийн хувьд эрх, эрх чөлөө гэдгийг ханатлаа эдэлдэг юм биш үү? гэж асуух байна. Эцэст нь өгүүлэхэд Ислам шашинтай улсын эмэгтэйчүүд цаашдаа бас л ингэж Шариатын хуулийн дор амьдрах эрхээрээ боомилуулж явах болов уу?


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=