БУРХАНЫ ШАШНАА БУЗАРТ БҮҮ ХУТГААЧ, ЧОЙ ХАМБА АА!!!


Бурхан багшийн Их дүйчин өдрийн бүх нийтийн баяр амралтын өдөрт зориулан Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг манай улсад залж буй талаар Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц мэдээлэв. Бурхан багшийн Их Дүйчин өдөр гэдэг маань Бурхан багш эхийн хэвлийд оршсон, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн өдөр аж. Тиймээс энэ өдөр буян үйлдэж, нүглийг тэвчдэг тухай хамба лам Д.Чойжамц  алгаа хавсран ихэд сүсэгтэйгээр айлдав. Түүгээр ч барахгүй үргэлжлүүлэн,  "Энэхүү ариун чандар заларсан газар болгонд амгалан жаргалан үүсэж, сайхан болдог” гээд сүсэгтэн олныг өргөлөө барьж ирээд мөргөхийг хүсэх далимдаа “Дахиж ингэж Бурхан багшийн чандрыг өөр улсад аваачих боломжгүй, Монголд олдож буй сүүлийн боломж” гэх мэтээр сүсэгтэн олноо найрсгаар дарамтлав.  

Чой хамба бол бидэнтэй адил махан биетэй хүн юм болохоороо худал хэлдгийг та бид нийтээрээ ийнхүү харлаа. Энэхүү Бурхан багшийн ринсрэл буюу чандар гээч нь сүсэгтэн олон мөргөөд, шүтэхээр  сэтгэл нь цэлмээд, улс нь хөгжиж дэвшдэг гэвэл түүн шиг буруу ойлголт үгүй. Уг чандар нь анх 1995 онд манай улсад Соёлын сайд Н.Энхбаярын урилгаар  заларч ирж байсан бөгөөд тухайн үед Д.Чойжамц хамба өөрөө Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба байлаа. Үнэхээр хөгжиж дэвжиж дээшилдэг байсан бол өнөөдөр Монгол Улс  Азийн хөгжилтэй орны нэг болчихоор хугацаа өнгөрлөө. Бүхэл бүтэн 27 жилийн хугацаа өнгөрчихөөд бахь байдгаараа. Арга ч үгүй байх даа, 2500 жил чандар нь оршин байгаа Энэтхэг улс нь дэлхийн хамгийн ядуу улс орон хэвээрээ байхад 20 хоног авчирсан улс яаж ч хөгжих билээ дээ. Сүсэгтэн олны итгэл сэтгэл дээр тоглолт хийж, түрийвчээ түнтийлгэдэг Д.Чойжамц хамбад л энэ  үнс ашиг тусаа өгсөн. Тэрээр  тэр цагаас хойш Монголын Бурхан шашинтны тэргүүнээр тасралтгүй сууж, тарган цатгалан амьдарсаар байгаа юм.  Үнэндээ Бурхан багшийн их ринсрэл гэх энэ хайрцаг дотор юу байгааг хэн ч мэдэхгүй. Бурхан багшийн яс байгаа гэх атлаа тэр ясыг нь өнөө хэр нүдээрээ харж, гараараа тэмтэрсэн хүн Монголд байтугай Төвд, Энэтхэгтээ ч байхгүй. Тэгэхээр хий хоосон үнс нурмаар монголчуудынхаа  сүсэг бишрэлийг ашиглан мөнгө олдог сүлжээний наймаачдаас ялгаа алга, манай шарын шашныхан. Түрийвчээ даллаж, мөнгөтэй болдог гэж хулхидаж,  өөрийнхөө халаасыг л өргөн болгодог Сарандаваа шиг Чой хамба үнс үзүүлэнгүүтээ үтэр түргэн баяжина, хөлжинө дэвжинэ гэж сурталчилж буй бол залилан үйлдэж байгаа хэрэг юм. Яс үс нь байлаа гэхэд  яаж Бурхан багшийнх гэдгийг нотолсон нь бүр хачирхалтай. Ямар генийн судалгаа шинжилгээ, түүхэн баримт сэлт түшиглэж байж Бурхан багшийнх гэж тогтоосон талаар нэг ч мэдээ мэдээлэл  байдаггүй. Хэрвээ үнэхээр Бурхан багшийн яс үсэнд мөргөөд амьдрал ахуй нь тэгшрээд сайжирдаг юм бол манай улсад шүд нь өнөө хэр Чойжин лам сүм музейд хадгалагдсаар байгаа. Заавал хаа холын Энэтхэгээс битүү савтай битүүлэг юм авчирч, зардал болж байхаар тэр шүд нь тийм л юм ид шидтэй юм бол ил болгоод түмэн олондоо үзүүлж болмоор сон. 20 гаруй жилийн өмнө сүсэгтэн олноо сүнсийг нь гартал хулхидсандаа урамшиж, ийнхүү хоёр дахь удаагаа авчирч байгаа хоосон хайрцагт  итгэж,  хэдэн төгрөгөө  өргөл болгон барьдаг хүмүүс цөөрсөн гэдэгт найдъя. 

Гэхдээ энэ бүхний цаана төвд лам нарын төсөөлшгүй бузар ажиллагаа явагдаж байгаа гэдгийг сануулахад гэмгүй.  Төвдөөс ирсэн орхимж нөмөрсөн илжиг ч Монголд очиход ренбүүчи болдог гэж төвдүүд биднийг шоолдог гэнэ. Үнэхээр ч үүнийг баталж, үүх түүх нь ч тодорхой бус төвд нөхөд Гандантэгчинлэн хийд болоод Монголын Бурханы шашныг түйвээж байгааг баримтаар өгүүлье. Далай ламын тодруулсан Дилов хутагтын хойд дүр гэх нэгэн орхимж нөмөрсөн олиггүй нөхөр Монголд ирэхээрээ монцойдог. Дилов хутагт нь “Ар хөвчийн унага” дууг аялгуулан дуулдаг, Монголдоо элэгтэй хүн байсан гэдэг. Тэр ч байтугай  миний хойд дүр Монголдоо төрнө хэмээн  шавь нартаа захиж байжээ. Төрлөө өөрөө мэддэг хүнийг эрдэм номд төгс гэгээрсэн хувилгаан гэдэг бөгөөд  Дилов хутагт ийм ид шидийг олсон хүн байжээ. Гэтэл Далай ламын мэргэ төөрсөн үү, мөнгө нөлөөлсөн үү  хаа хамаагүй халимаг гаралтай нөхрийг Дилов хутагтын хойд дүрээр тодруулжээ.  Эх оронгүй, элгэн садангүй, эрхэмлэх багшгүй, эрдэм заах шавьгүй  Дилов хутагт гээч Оросыг ч муулаад, Халимагаа ч муулаад явдаг.  Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны төлөө хайраа түгээх ёстой хутагт хүн атлаа хавь ойрын хамаг хүнээ муулаад явдаг нь  хачирхалтай. Хутагт хүн атлаа хутгалдсан хүүхэн нь  нэг гарын хуруунаас нэлээд давах байх. Орос, халимаг, монгол эхнэртэй, олон гэр дамжиж явдаг нэгэн гэдгийг Гандантэгчинлэн хийдийн  бүх лам нар  мэддэг хэрнээ  ганц үг ил хэлж чаддаггүй нь хөөрхийлөлтэй. 


Бас нэгэн буддын шашны нэр хүндийг шороотой хутгаж, Монголын лам нарыг монжиж суугаа төвд лам бол Жадо ренбүүчи гэх этгээд. Тэрээр багагүй шунал дэвтэй нэгэн бөгөөд Бакула Ренбүүчи хийдэд өрөө гаргаж өгөхөд голж, Бага тэнгэрт бүхэл бүтэн хаус эзэмшиж амьдардаг аж. Бурханы шашны дэг жаягтаа бол гэлэн сахил хүртсэн хүн нь шунал хүслээ тэвчсэн,  шудрага үнэнийг баримталдаг, орхимжоос өөр хувцасгүй, оройлох эрдмээс өөр өмчгүй хүн байх ёстой. Гэтэл бүхэл бүтэн хаусанд  биеэ оторлож хэвтчихээд, хөдөө орон нутгаар хааяа явж халаасаа түнтийлгэж ирчихдэг хязгааргүй шуналтай нэгэн аж. Ийнхүү дураараа дургиж, дунд чөмгөөрөө жаргаж байдгийг нь хамба лам Д.Чойжамц өмгөөлөн хамгаалдаг гэх бөгөөд Нүхтийн аманд байрлах  хаусандаа үе үе уулзалддаг гэнэ. 

Монголын Бурханы шашныг самарч буй өөр нэгэн төвд хүн бол  9 дүгээр богд гээч байв. Арваад жилийн өмнө Монголд морилон ирэхдээ Катя хэмээх орос нууц амрагаа дагуулж ирээд, монгол сүсэгтнүүдийн  өргөл болох алт мөнгөн эдлэлийг  цүнх рүүгээ чихэж байсныг нь Гандантэгчинлэн хийдийн лам нар хараад гайхшаа барж байжээ. Ил байгаа нь дөрвөн эхнэрийн  5 хүүхэдтэй гэдэг ч үнэн хэрэгтээ сан-юм /төвдөөр/ буюу нууц хүүхнийх нь тоо замаа алдсан гэдэг. Ийм л  шуналын дэв болсон, хормойн бузартай төвд лам хэмээх нэрээр халхавч хийсэн  луйварчингуудаас Бурханы шашнаа цэгцлэх цаг болжээ.  Хамгийн харамсалтай нь энэ бүхнийг хамба лам Д.Чойжамц  хамтран хийдэг бөгөөд мэдлэг боловсролтой монгол лам нараа эхнэртэй, хүүхэдтэй хэмээн элдэв шалтгаар зайлуулж, оронд нь Төвдөөс ирсэн тэнэмлүүдийг тэргүүндээ залж байгаагаасаа татгалзах хэрэгтэй байна. 



Бурхан Багшийн их дүйцэн өдөрт зориулсан буянаар халхавчилсан бузар шуналдаа монголчуудаа битгий ашигла, Чой хамба аа!!! 



Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=