ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮД ӨӨДСӨН ЧИНЭЭ ҮРС ХУДАРГАГҮЙ ХУУЛЬЧДЫН ЗОЛИОС БОЛСООР БАЙХ УУ?


   Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Э.У-гийн гэрт өнгөрсөн сарын  23-ны өдөр хаалга үүдийг нь эвдлэн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн, гэрээс нь эд хогшлыг нь хулгайлан авсан балмад хэрэг гарчээ. Хамаг эд хогшлоо хулгайд алдсан Э.У цагдаагийн байгууллагад дуудлага өгч, хэргийн газарт ажилласан шинжээчдийн баг нийтдээ  6 хүний  хурууны хээг олж илрүүлэн, энэ хэрэгт бүлэглэн оролцсон болохыг тогтоожээ. Улмаар мөрдөн байцаах ажиллагаагаар 10 жилийн өмнө гэр бүлээ цуцлуулсан нөхөр Б.Билгүүн нь бусадтай бүлэглэн, хулгайлан ачиж явсан болохыг нотлов. Б.Билгүүн нь эхнэр Э.У-гаас 10 жилийн өмнө гэр бүлээ цуцлуулахдаа шүүх танхимд ямар нэгэн өмчийн маргаангүй хэмээн хэлж, охиноо асран хамгаалах эрхийг эхнэр Э.У-д өгсөн байна. Хохирогч Э.У-ийн гомдлын дагуу Хан-Уул дүүрэг дэх  Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баттогтох 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзжээ. Иймд хохирогч Э.У нь тус дүүргийн Прокурорын газарт гомдол гаргасан байна. Гэтэл Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Нямсүрэн нь хүний ой тойнд багтамгүй хуулиас гажууд шийдвэрийг гаргаж, хохирогчийг хохирсон дээр нь нэмж хохироожээ. Тэрээр  хохирогч Э.У-д өгсөн хариу мэдэгдэх хуудсан дээрээ “...Тухайн эд зүйлийг таны салсан нөхөр Б.Билгүүн “Панда” ачилтын компанийг хөлслөн авч явсан болох нь мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдсон. Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн  6 дахь хэсэгт “Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд оногдох  хэсгийг тодорхойлох талаар гаргасан маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэсний дагуу орон сууцанд байх гэрийн эд хөрөнгийг хэн авах эсэх маргааныг иргэний шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ үү. Иймд таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байна” гэсэн хариу өгчээ. Арван жилийн өмнө гэр бүлээ цуцлуулахдаа ямар ч эд хөрөнгийн маргаангүй хэмээн эвтэй найртайгаар гэр бүлээ цуцлуулаад, аж амьдралаа хөөгөөд удаж байхад бүхэл бүтэн 10 жилийн дараа салсан эхнэрийнхээ гэрт ирж, гэр орныг нь дээрэмдэж, хулгайлж яваа хүнийг өмгөөлж суудаг прокурор байгаа нь энэ салбарын ялзрал дээд цэгтээ хүрснийг харуулж байна. Хууль журмаа дээдэлдэг хүн байсан сан бол хаалга үүдийг нь эвдэн орж, хамаг эд хогшлыг нь  хамаад зөөгөөд явчихсан хулгайч эрд хулгайн болон дээрмийн хэрэг, зөвшөөрөлгүйгээр бусдын гэрт нэвтрэн орсон гэх үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллах шийдвэр гаргасан бол Б.Билгүүн мэтийн хүний охидоор тоглож, хөрөнгө мөнгө булаалдаж явдаг хүмүүст хатуу сургамж болох байлаа. Б.Билгүүн Э.У-гаас 10 жилийн өмнө  албан ёсоор гэр бүлээ цуцлуулаад аль хэдийнэ дараагийн амьдралаа босгосон. Эхнэрээсээ салсан даруйдаа тэрээр Т.Ариунсолонго гэгч бүсгүйтэй гэр бүл болж, дундаасаа хүүхэдтэй болоод олон жил болж буй. Гэсэн атлаа өмнөх эхнэрийнхээ гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, эд зүйлийг нь хулгайлан, сэтгэл санаа болон ахуйн хүчирхийлэл удаа дараа үйлдэж байгааг хуулийн байгууллага өмгөөлж, хамгаалаад байгаа нь сонин. Бусдын эд хөрөнгийг хулгайлсан, гэр оронд нь халдан дээрэмдсэн хэрэгтээ шүүхийн танхимд ялын тогтоол уншуулаад зогсч байх Б.Билгүүний толгойг илж, эрүүгийн ноцтой хэрэг хийсэн үйлдлийг нь дэмжиж суугаа Д.Нямсүрэн прокурор шиг мянга мянган хуульч ийм бусармаг шийдвэр гаргаж байгаа нь өнөөдөр Монголын хууль, шүүхийн байгууллагыг гутааж, иргэдийн итгэлийг алдруулж байна. Айлын гэрээс  эд хогшлыг нь эвдэж хэмхлээд улайм цайм хулгайлаад явчихсан, эрүүгийн ноцтой хэрэг үйлдчихсэн байхад иргэний шүүхээр хэргээ шийдүүлэхийг зөвлөж суудаг прокурор хохирогчдоор даажигнаж, давхар хохироож сууж буй нь гутармаар. Өрх толгойлж үлдэж буй эмэгтэйчүүд, өөдсөн чинээ үрс хөрөнгө хогшил булаалддаг хүчирхийлэгчдээс гадна хударгагүй хуульчдын золиос болсоор байх уу, Хууль зүйн сайд Х.Нямбаатар аа!!! 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=