НАМЫН ХҮН БА ШОГ ДУРСАМЖ


/Дурсамж/

Далаад оны үед олон улсын шог хошин зургийн уралдааны комисс манай шог зураачдад урилга илгээжээ. Шагнал гэж ойгүй их юм. Бид оролцох гэсэн чинь намын хүн та нарыг дураар чинь тавихгүй, явуулах зургийг чинь коллегиор хянана, дараа нь главлитээр батлуулна гэв. Уг нь олон улсын шог зургийн уралдаан зарлаж буй орон нь коммунист Болгар. Бидний явуулсан зургийг тэнд Болгарын намын хүн хянана гэж хэлбэл, тэглээ ч гэсэн бид хянана. Та муусайн намын үзэл суртлыг тоохгүй, миний толгой дээгүүр харайх санаатай юу гэж намын хүн томров. ЗХУ, АНУ, Англи, Франц, Итали, Испан, Герман, Голланд, Швед, Дани, Япон, Польш, Турк, Бразил гэх мэт шог зураг их хөгжсөн орнуудын зураачидтай өрсөлдөх тул бид хэр чадлаараа шог зургаа ухаалаг зурахаар чармайлгүй яахав. Уралдаан юм чинь байр эзлэх, далд мөрөөдөлдөө бүр түрүүлэхийг л хүснэ биз дээ?  Намын хүн бидний юу зурж буйг битүүхэн тагнаад эхлэв. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэгчээр бид гадарлалгүй яахав. Уг нь зургаа түүнээс нуугаад явуулчихмаар байдаг. Бидний санааг мэдсэн намын хүн уралдаанд илгээх зураг шүүн хэлэлцэх хурал хүртэл зохион байгуулав. Хурал дээр намын хүн гойд албархаг болчихож. Түүнтэй шог зураачид санал зөрлөө. Адуу үхрийн сүүлний хялгасыг хуйхаар нь хяргадгаас болж адуу үхэр ялаа үргээж чадахаа больсныг харуулсан А.Гүрсэд гуайн зураг хэрүүл удав. Зураачид бууж өгөхгүй зүтгэснээс үүдэж, намын хүн уралдаанд явуулах зургийг бүр Төв хороонд үзүүлэхээр хатуурхав.  Хялгасыг нь хадах хуйхаар нь хяргасан адуу үхрийн можийсон ясан сүүлэнд ялааны алуур бэхэлсэн зургийг Төв хорооны том дарга харж харж, ойрад аялгуугаар, 

-Манай адуу үхрийн дэл сүүлийг Зөвлөлт авдаг. Монгол улс адуу үхрээ ялаа үргээх юмгүй болтол сүүлийг нь хяргаж, Оросод өгч байна гэсэн санаа энд яваад байна аа даа? гэв.  Зураач нар айгаад таг. Уг нь өвгөн зураач А.Гүрсэд малыг ч гэсэн өрөвдөх ёстой гэсэн санаагаар тэр зургийг зурж л дээ. Монгол зураачаас л малыг өрөвдсөн ийм өвөрмөц санаа гарна гэж гадаадынхан үнэлж магадгүй гэж өвөө Гүрсэд тооцоолсон хэрэг. Төв хорооны том дарга зураач нарын айсан арчаагүй царайг хараад өрөвдөв үү яав,

-Энэ зургийн санааг манай дайсан-хөрөнгөтнүүд тэгж мушгих вий гэж болгоомжилж байгаа болохоос би тэгж мушгиж байгаа юм биш шүү. Намайг зураачид зөв ойлгоорой гэж хаяагаа манав.  Хуралд оролцсон бусад дарга нар шог зургуудыг айхтар хянаж байна аа. Зарим нь шог зургийн толгойг доош харуулбал юу болж хувирах нь вэ гэж сэм шалгав. Зарим нь цонхны гэрэлд нөгөө муу шог зургуудын араас гэрэлтүүлэн нэвт харж судаллаа. Эсэргүү санаа шургуулж уу, яажив? гэж шог зураачдыг нүүрэн дээр нь хардах нь их л дээрэнгүй бүдүүлэг ажээ. Шог зураачид мөн ч өрөвдөлтэй харагдсан даа. “Шог зураг гэмтэй, юу ч болоод хувирчиж магадгүй” гээд эргүүлж тойруулж, янзаар янзаар шалгаад олон улсын уралдаанд илгээж болох хэдхэн зураг сонгож батлав. Хамгийн муу зургууд шалгарсан нь мэдээж. Зураачдыг ялсан намын хүн их додигор байна аа янз нь. Харин саяын хурлаас шог зураачид эх орныг минь ийм тэнэг хүмүүс жолооддог юм уу. Даанч дээ гэж гутарсан царайтай харагдсан.   Төв хороо үзээд сонгочихсон зургуудыг главлит юу ч хэлэлгүй толгой амар тамгаа зургуудын ар талд дарлаа. Тэгтэл намын хүн нэг юм олоод харчихжээ. Сонор соргог чадвартаа тэр бээр их додигор байна. Хөрөнгөтөн орнууд оролцох зургийн уралдаанд манайхаас очих зургийн ард главлитийн ХУЗХГ (хэвлэл утга зохиол хянах газар) гэсэн хэдэн үсэгтэй жижигхэн дөрвөлжин тэмдэг дарсан нь дайсанд ашиглагдах алдаа хийснийг мань намын хүн олж илрүүлэв. “Нээрэн тэгнэ” гэж намын хүмүүс дуу дуугаа авалцаад нөгөө өчүүхэн тэмдэгнүүдийг муугаараа зураачид арилгалаа. Главлитийн төлөөлөгч болгонд байдаг хувийн дугаартай тэр муу тэмдгийг Америк тэргүүтэй дайснууд дуурайлгаж хийгээд ашиглачих аюулаас намын хүн ингэж авардаг юм байна. 

Главлитийн тэмдгээ үзүүлэхгүй бол Япон мэтийн дайснууд дуурайлган хийж чадахгүйд манай нууцын арга-ухаан оршиж байсан юм уу, хаашаа юм бэ? Намын хүний ухаан гэж, хэцүү байсан байгаа биз? Намын хүний холион бантан хийсэн инээдэмтэй ч юм шиг, дампуу ч юм шиг тэр үеийн хоосон сүржигнэл эдүгээ ардчиллын эрин зуунд хаягдах нь байтугай бүр ичгүүрээ алдаж, төр засгийн толгой дээр цахиур хагалж явна. Эртний намын хүн эдүгээ нам толгойтой төр гэгчийн эзэн болж заларсан нь гайхалтай.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=