У.ХҮРЭЛСҮХИЙН ХӨӨРҮҮ ЗАНГИЙН БАЛГААР СЭЛЭНГИЙН МОД СҮЙРЧ БАЙНА


Аливаа ажлыг эхлэхэд судалгаа тооцоолол маш их хэрэгтэй. Түүнээс бус сэтгэл нь хөдлөөд  ямарваа нэгэн үг хэлчихээд араас нь ажил хэрэг болгох гээд явах нь ямар ч үр дүнгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэнэтхэн нэг өдөр “Тэрбум мод” яриад олны өмнө гарч ирсэн. Гэвч тэрээр энэхүү мод тарих хөдөлгөөнөө өөрөө ч санаачлаагүй, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс санаа авч, бүр хувцсыг нь хүртэл яг хуулбарлан өмссөн байсан нь ичмээр. Манай орны нийт нутгийн  дөнгөж 8 хувийг ой мод эзэлдэг, ихэнх газар нутаг нь цөлжилтөнд хүчтэй нэрвэгдэж байгаа газар зүйн бүсийн хувьд мод тарих хөдөлгөөнийг хүн бүхэн гараа өргөөд дэмжих нь зөв. Гэхдээ ямар тооцоо судалгааг үндэслэж, амандаа орсон “Тэрбум” гэх тоог хэлсэн нь хачирхалтай. 1990-ээд оноос урд хөрш болох Хятад улс хойд бүс нутгаа ойжуулах  ажлыг 30 жил хийсний үр дүнд 100 сая гаруй мод тарьж, маш их хэмжээний газрыг ногоон ой болгоод байгаа билээ. 100 сая мод тарихад маш том газар нутгийг хамарч байхад тэрбум мод тарина гэдэг нь үнэхээр санаанд багтамгүй. Тэрбум гаруй хүн амтай Хятад улс 30 жилийн хугацаанд тэрбум мод тарьж амжаагүй байхад 10 жилийн дотор монголчууд тэрбум мод тарина гэдэг ямар ч боломжгүй юм. Наад зах нь гэхэд мод арчилгаа үрсэлгээний компаниудаас модны үрсэлгээ авах шаардлагатай. Гэтэл захын компанид үсрээд  100 мянган мод байвал их юм. Дээр нь манай улсын газарзүйн байршил болоод цаг уурын нөхцөл мод тарих хугацаа маш бага. Ердөө хавар намрын хэсэгхэн хугацаанд мод тарих боломжтой. Гэвч поп үг, үйлдлээрээ алдартай манай шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямар ч хамаагүй аргаар мод тарь гэж үүрэгдсэнээс болж, унаган байгаль руу уулгалан дайрч эхэллээ. Монгол орны ганц ойн нөөц болох Сэлэнгэ аймгаас машин машинаар нь модыг үндсээр нь булга татан авчирч, нийслэл рүү зөөж эхэлжээ. Ингэхдээ үржүүлгийн талбайгаас бус ой модноос байгалийн жамаараа ургаж байсан цөөнгүй модыг энэ намаржингаа зөөсөн байна.


Угтаа бол мод үржүүлгийн компаниудаас худалдаж авч, тарих ёстой атал ой мод руу довтолж, үнэгүй мод авчрах болжээ. Энэхүү луйвраа гарамгай нууж, мод шилжүүлэн суулгах нэрийн дор 5 ч компанийг Сэлэнгэ аймагт байгуулжээ. Эдгээр компаниуд нь ойн нөөц хамгийн баялаг Хүдэр сумаас 2000 гаруй байгалийн нарс, 100 ширхэг хус модыг тээвэрлэн нийслэл рүү зөөсөн байна. Гэхдээ энэ нь зөвхөн цаасан дээрх тоо төдий бөгөөд үнэн хэрэгтээ тусгай зөвшөөрөл нэрийн дор хичнээн модны амийг тасдаж авч байгааг таашгүй. Сэлэнгэ, Дарханы иргэдийн хэлж байгаагаар, энэ намаржингаа байгалийн том том мод ачсан машины цуваа өдөр болгон тасраагүй явсан гэхээр  энэ тоо зөвхөн цаасан дээр үлдэж байгаа тоо бололтой. Хэдийгээр ойн санд сэлгээ хийх, сийрэгжүүлэлт хийх зэргээр зарим модыг шилжүүлэн суулгадаг ч эдгээр компаниуд ямар ч сийрэгжүүлэлт хийх ёсгүй газраас, хамгийн том, саглагар сайхан ургасан модноос сорчилж авсан байна. Харамсалтай нь олон жил байгальд ургасан модны хөрсийг шилжүүлэн суулгахад  тохиромжгүй бөгөөд ихэнх нь үхдэг аж. Мөн байгалийн нэг том модыг авахад хажууд нь ургасан мод болон тэр хавийн экологи ч алдагддаг болохыг байгаль судлаач нар анхааруулсаар байна.  Ийнхүү салбарын мэргэжилтэн, судлаач нарын үгийг үл хайхарч, зөвхөн У.Хүрэлсүхийн хуурамч амлалтыг биелүүлэхийн төлөө хэдэн зуун нарс, хусаар тахил өргөх бололтой. Уул уурхайн компаниудыг 100 сая мод тарих албан даалгавар хүчээр өгсөн. Үнэндээ 100 сая мод тарих нөөц бололцоо нь байлаа ч ургах нь хэр бол гэдгийг огт бодолцсонгүй. Мод тарих аргачлал дэлхий нийтэд өнөөдөр шинэ содон зүйл биш болоод олон жил болж байна. Мод үржүүлгийн компаниас үрсэлгээ аваад газарт суулгачихаж хэн ч чадна. Харин монголчуудын хавар намар сүр болгож, анги хамт олон, албан байгууллагаараа тариад, суулгаад байдаг мод яагаад өдий хүртэл олигтой ургадаггүй гэдгийг хэн ч сонирхдоггүй, тоодоггүй. Мод суулгаад явах нь чухал бус, арчлах, ургуулах тал дээр ажиллахгүй бол нэг тэрбум байтугай нэг сая мод ч тарьж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=