Цоо шинэ, хоосон “мөнгөний амт”-нд манайхан хошуурч байгаа нь хожмоо ихээхэн хохирол амсах эрсдэлтэй болохыг банк, санхүүгийн мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Монголчуудын ихэнх нь амархан хялбар аргаар баяжих дондоо хөтлөгдөж ХЗХ-д хамаг мөнгөө алдсан гашуун түүхийг мартаж үл болно! Койн бол ХЗХ шиг луйвар бөгөөд энэ бүхнийг сэдэгчид “Бид баталгаагүй, барьцаа хөрөнгөгүйгээр криптод суурилсан бүтээгдэхүүн ирээдүйтэй, уламжлалт санхүүгийн салбарт гарч буй хувьсгал” гэж тархи угааж байгаа. Сүлжээний бизнес, ХЗХ-ны бүтэц яг л пирамид хэлбэрээр явдаг бөгөөд эхний хэсэг нь мөнгөжиж, дунд хэсгээ татаж, дунд хэсэг нь нийгмийг хамарснаар гурвалжин нь нурж унадаг. Койн бол цахим л болохоос биш яг ийм бүтцээр явдаг юмсанж. Урд нь ухсан нүх байна гэж мянга хашгираад байхад тэр нүхэнд ойчиж, хөлөө хугалж гэмээ нь ухаарах нь монгол хүний зан үйл гэлтэй. 2000 оны эхэн үед ХЗХ-нууд дуу, дуугаа авалцан мэндэлж байхад Төв банк, санхүүгийн мэргэжилтнүүд “ХЗХ бол санхүүгийн пирамид хэлбэртэй луйвар. Төр үүнийг хариуцахгүй. Та бидний сайн мэдэх, оросын нэрт дуучин Алла Пугачева ХЗХ-д 2 сая доллараа хийгээд алдсан” гээд хэвлэл мэдээллээр ХЗХ-ны луйвар булхайг жишээ баримттай нийтлээд байхад иргэдийн зарим нь зөрсөөр байж хамаг мөнгө, байр, машин, үл хөдлөх хөрөнгөө аваачиж тушаагаад эцэст нь амаа бариад хоцорсон. Дараа нь ХЗХ-ны хохирогчид жагсаал цуглаан, өлсгөлөн болж байсныг санаж байгаа байх. Койн бол цахим л болохоос бус яг ийм луйвар. Эдийн засгийн, санхүүгийн мэдлэг мэдээлэл багатай монголчуудын хувьд койн болон криптовалютыг худалдаж авснаар өөрийн оруулсан хөрөнгөө алдах, зарим тохиолдолд цахим залилан гэх санхүүгийн гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэлтэй байгааг цагдаа, хуулийн байгууллага ч анхааруулаад буй. Ямар ч байсан койнд хөрөнгөө оруулаад алдвал эрсдэлийг нь төр хүлээх хууль эрх зүйн зохицуулалтгүй болохыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос байнга сэрэмжлүүлэх болжээ. Товчхондоо, Монгол төдийгүй дэлхийд цоо шинэ үзэгдэл учраас одоогоор хожвол аз алдвал хохь нь болно гэсэн үг. ХЗХ-ны хохирогчдоос нэг ялгаатай зүйл нь койн гаргасан гадна, дотны иргэд, аж ахуйн нэгж гэнэт алга болох, серверээ унтраахад төдийд тухайн койныг авсан иргэн мөнгөө алдах аюултай. ХЗХ-ны эзэд шоронгийн хаалга татаж, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгөний тодорхой хувийг төлсөн бол койн гаргагчид усанд хаясан чулуу шиг л алга болно. Монгол Улс үүнийг зохицуулахаар Виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Хуулийн төсөлд зааснаар зах зээлийн харилцаа буюу виртуал хөрөнгийн өөрийнх нь өсөлт бууралтыг бус виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу койныг анх гаргаж байгаа, зуучилж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах гэнэ. Өөрөөр хэлбэл, хууль батлагдлаа ч та эд хөрөнгөөрөө хохирсон нөхцөлд төр хариуцахгүй гэдгийг дахин сануулахыг хүслээ. Ингээд зарим эдийн засагч санхүүчид энэ талаар иргэдэд анхааруулсныг хүргэе.Эдийн засагч, санхүүч Д.Ангар,
-Үйлдвэрлэл нь хөгжсөн Англи, Америк, Япон гэх зэрэг улс орнууд койныг төлбөрийн хэрэгсэл хэлбэрээр ашиглах төлөвтэй байгаа. Тус улсад иргэд нь чекээр төлбөр тооцоогоо хийдэг учраас Азийн орнуудыг бодоход банкны төлбөр тооцоо хүнд. Тиймээс төлбөр тооцоог хурдасгахын тулд койныг ашглах болсон. Өнөөдрийн байдлаар монголын зах зээлд арав гаруй койн бий. Цаашдаа бараг 100 орчим койн гарах албан бус тоо бий. Гэвч Монгол Улсын хувьд койн бол ахадсан сэдэв. Эдийн засагч, санхүүч хүний хувьд харахад монголчууд койн руу орох цаг нь болоогүй! Койн бол маш эрсдэлтэй бизнес.
СЗХ-ны Хяналт шалгалтын газрын дарга Б.Долгорсүрэн,
-Коин, криптовалюттай холбоотой асуудалд болгоомжтой хандаарай гэдгийг Европийн холбоо хөгжингүй улсуудын санхүү, банкаас анхааруулж байгаа. Учир нь койн нь санхүүгийн уламжлалт тогтолцоонд хамаарсан асуудал биш.
Монгол банкнаас,
-Койн гаргасан иргэн, аж ахуй нэгж гэнэт алга болох, серверээ унтраахад л тухайн койныг авсан иргэн дараагийн хүн худалдаж авахгүй бол мөнгөө алдана. Иймээс иргэдийн койн худалдан авах замаар богино хугацаанд өндөр ашиг олох сонирхолдоо хөтлөгдөн хөрөнгө оруулахдаа эрсдэлийг сайтар тооцоолохыг анхааръя!
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.