ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АСАН Д.САРАНГЭРЭЛ ТУСЛАХААРАА ДАМЖУУЛАН АВЛИГА АВДАГ БАЙСАН УУ?


Коронавирусийн цар тахал  дэлхий дахиныг нөмөрч, тэр аяараа мэгдэж сандарч байхад манай улсын эрүүл мэндийн салбарынхан хахууль авсан шигээ суудаг байсан нь илэрч бөөн шуугиан болоод байгаа. Тухайн үед ч эрүүл мэндийн салбарынхан тэмцэл өрнүүлж, мэргэжлийн хүнээр яамаа удирдуулах хүсэлтэй байсан ч МАН “намын бодлого” гэсэн үгээр халхавчлан эрүүл мэндийн талаар  А үсэггүй Д.Сарангэрэлийг сайд болгосон. Түүгээр  ч барахгүй түүхэнд хамгийн муу нэрээр үлдэх сайд атал “Төрийн хатан түшээ” хэмээн өргөмжилснийг нь яана. Түүний үед ид хүчээ авсан авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт өнөөдрийн байдлаар ЭМЯ-ны 26 албан тушаалтан холбогдоод байгаа. Тэд ажил, албан тушаалаа ашиглан бусдаас хясан боогдуулах замаар хахууль авдаг байсан гэх хэргийг шүүхээр хэлэлцэх гэсээр жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Цар тахлаар шалтаглаж, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шатгаангүйгээр шүүх хуралд ирэхгүй байх гэх мэт асуудал гаргасаар шүүх хурлыг удаа дараа хойшлуулсаар байгаа юм. Сүүлдээ бүр шүүгдэгч нөхөд том толгойлж, шүүхийг үл хүндэтгэн ирэхгүй байгаа тул Д.Сарангэрэлийн туслах асан Б.Болорчимэгийг дараагийн шүүх хурал болтол цагдан хорьсон байна. Батлан даалтад гадуур шүүгдэж байсан түүний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  шүүх хуралд ирээгүй тул дараагийн удаа шүүх хуралд ирүүлэхийн тулд ийм арга хэмжээ авчээ. Б.Болорчимэг ЭМЯ-нд анх Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн туслахаар ажиллаж байжээ. Улмаар сайдынхаа дэмжлэгээр, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн болсон гэдэг. Тэрбээр ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхамтай хамтарч тендерийн материал өгсөн компаниудыг хясан боогдууж, авлига авдаг байсан гэх хэрэгт холбогдсон. Улмаар аргаа барсан аж ахуй нэгжүүд ажлаа бүтээхийн төлөө хахууль өгдөг байсан гэнэ.  

Тэрээр сайдынхаа нэрийг ч хэд хэдэн удаа ашигласан байж болзошгүй сэжүүр илэрчээ. Түүнд авлига өгсөн ч ажил үйлсээ бүтээж чадаагүй эмийн компаниудын хүмүүст тэрээр “Сайд ингэж хэлсэн, тэгж хэлсэн” гэх мэтээр хэлдэг байжээ. Гэхдээ үнэхээр сайд асан Д.Сарангэрэл авлигын мөнгөнөөс нь хувь авдаг байсан уу, аль эсвэл Б.Болорчимэг сайдынхаа нэрээр халаасаа түнтийлгэж байсан уу гэдгийг хууль хяналтынхан удахгүй магадлах байх. 

Харин түүнтэй хамтран бусдыг хяхан боогдуулах замаар хахууль авдаг байсан ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам гэгч нь хуульч хүний охин. Хууль бус зүйл хийвэл хуулийн өмнө дуудагдана гэдгээ хар бага наснаасаа ойлгосон баймаар хүн аж. Н.Чимэдлхам нь Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байсан, Монгол Улсын Гавьяат хуульч С.Нямжавын охин юм байна. Гавьяат хуульч аавынхаа нэрийг ашиглан тэрээр хуулийн өмнө дуудсан цагт нь ирэхгүй цаг хугацаа хожиж байна хэмээн хохирогч нар хэлж буй нь бас л үнэний ортой бололтой. Тиймдээ ч хэрэг нь шүүхийн шатанд ийн удааширч, улмаар цагдан хоригдохгүй батлан даалтаар гадуур шалгуулж буйг аавынх нь нөлөө орсон байж мэднэ гэж хардах үндэслэл болдог. Аж ахуйн нэгжүүд Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нараас тусгай зөвшөөрөл авахын тулд 15 сая хүртэлх төгрөгийн хахууль өгч байсан нь АТГ-ын шалгалтын явцад тогтоогдсон юм. 

“Miss Mongolia-2008” тэмцээний дэд байранд орж олон улсын тэмцээнд улсаа төлөөлж оролцож байсан бүсгүй ч хууль бус үйлдэл хийхдээ хөөрхөн царайгаа ашигладаг байсан бололтой. Тэрээр сургууль төгссөн даруйдаа буюу 2015 онд Г.Шийлэгдамбыг сайдаар ажиллаж байх үед анх Эрүүл мэндийн яаманд ажилд орж байсан  бөгөөд гэрлийн хурдаар албан тушаал ахисан гэдгийг ч яамныхан онцолж байна. Харамсалтай нь залуу хүн ажил мэргэжлээрээ дээшээ гарахаараа хэрхэн эвдэрдгийг түүнээс харж болохоор байгаа юм. Баригдсан нь энэ удаагийн асуудал болохоос бас бус яриа ч яамынхан дунд яригддаг байжээ. Харин тэрээр энэ бүхэнд хөөрхөн царайгаа юу, эсвэл хуульч аавынхаа нэр төрөөр үү юутай ч удаа дараа мултарсан сураг дуулдав. 

Энэхүү хоёр бүсгүйгээс гадна бас нэгэн том авлигач ЭМЯ-нд олон жил хувалз шиг шимэгчилж амьдарсан нь  ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Цогтбаатар гэгч. Уг нь яамандаа олон жил удирдах албан тушаал хашсан мань эр бусдаас авлига хээл хахууль аваад суух бус энэ асуудлыг шүүмжлээд, таслан хориглоод сууж байх эрх дархтай хүн. Тэрбээр өнгөрсөн 2020 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллахаар яригдаж, УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулж, батлуулахаар бүр тохирчихсон талаар тухайн үед албан эх сурвалжууд батлан мэдээлж байв. Тэр  ч байтугай Засгийн газрын гишүүдийг танилцуулах өдөр хүртэл түүнийг орж ирнэ гэсэн хүлээлттэй байсан билээ.  Гэтэл Засгийн газрын гишүүд томилох чуулганы хуралдааны үеэр Б.Цогтбаатар биш Т.Мөнхсайхан орж ирсэн нь тухайн үед олны гайхшрал төрүүлж байсан юм. Учир нь сайд болгохоор нэгэнт ярьж тохирсон байсан хүнээ гэнэт өөрчлөөд оруулж ирсний цаад шалтгаан нь авлигын хэрэг холбогдсон асуудал байсан юм. АТГ-аас түүнийг албан тушаалын гэмт хэрэгт шалгуулж, яллагдагчаар татаад байгаа тухай албан бичиг хүргүүлснээр түүний Эрүүл мэндийн сайд болох боломжоо алдсан юм. Одоо тэрбээр ЭМЯ-ны өндөр албан тушаалаасаа халагдсан ч НҮБ-ын Хүүхдийн санд ажиллаж буй нь гайхалтай. Авлигын хэрэгт орооцолдож, бүр яллагдагчаар татагдсан байгаа хүнийг НҮБ ямар шалгуураар тэнцүүлээд авсан нь хачирхалтай. Түүнийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр шүүж буй. Б.Цогтбаатар нь  ЭМЯ-ны тендер шалгаруулах хорооны даргаар ажиллаж байхдаа өөрт хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн тендерийн материалыг түрүүлж боловсруулах ажлыг шинжээч Ү.Отгонбаатарт даатгаж, улмаар тус компаниуд нь тендерээ хаалтгүй авдаг байсан гэх хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд бас л том толгойлж шүүх хурлыг удаа дараа хойшлуулсаар буй. Эдгээр албан тиушаалтнууд бүгд Д.Сарангэрэл сайдын үед авлигын хэрэгт орооцолдсон бөгөөд бүгд сайдынхаа нэрийг барьдаг байснаас харахад “Төрийн хатан түшээ” сайд асан хамтрагч нь байсан юм биш биз гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=