Төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн байж болзошгүй хүн сонсоход хирдхиймээр бузар хэрэг жил гаруйн өмнө гарсан билээ. Харин энэ хэрэг одоог хүртэл цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа ч хэрэгтнийг барьж хорилгүй гадуур явуулж, хэргийг шийдэж өгөхгүй байгаа тул охины ээж Б нь Сүхбаатарын талбайд суулт зарлахаар болжээ. Тэрээр ярихдаа “2019 оны арванхоёрдугаар сард манай нөхөр охиноо хүчирхийлсэн. Энэ хэрэг шийдэгдээгүй одоо хүртэл явж байгаа учраас ээжүүдийгээ нэгдээч гэж уриалж байна. Цагдаагийн байгууллага намайг мэдээлэл задалбал хариуцлага тооцно гэж айлгаж байна. Шинжээчийн дүгнэлтийг хүртэл хуурамчаар гаргуулж байна. Анхны дүгнэлт нь яг хэрэг гарсны дараахан охины онгон хальс урагдалттай гэж гарсан. Энэ оны тавдугаар сард гарсан дүгнэлт нь урагдалт байхгүй гэж гарлаа. Яаж байгаа юм бэ, яагаад ийм дүгнэлт гаргаж байгаа юм гэтэл шинжээч эмч нь “Миний дүгнэлт урагдалтгүй. Аймгийн чинь эмч нар чадваргүй” гээд ойшоохгүй байна. Иймд охиныхоо төлөө хэргийг үнэн зөв шийдүүлэхийн тулд тэмцлийн дараагийн аргыг сонгохоос өөр аргагүй болж байна гэсэн юм.
Хэрэг анх ингэж илэрчээ. 2020 оны наймдугаар сард охин нь дүүгийнхээ орны доор тоглож байгаад “Ээжээ аав миний бөгсийг илээд” гээд яриад эхэлсэн байна. Тухайн үедээ ээж нь төдийлөн тоогоогүй өнгөрчээ. Аав нь охиноо энхрийлж хайрлаад бөгсийг нь илж таалсан байх гэснээр өөрөөр бодоогүй байна. Гэтэл хэд хоногийн дараа охин нь бүр бандаашаа тайлаад “Ээж ээ, аав миний бөгсийг ингээд илээд байсан” гээд дунд хуруугаа бөгс рүүгээ түлхээд байхаар нь ээж нь гэнэт балмагдаад видео бичлэг хийгээд нөхөр рүүгээ явуулсан аж. Гэтэл нөхөр нь уурлаж, “Чи учир мэдэхгүй хүүхдийн үгээр үг хийлээ, өөрөө хэрэгт оров” гээд эхнэрээ сүрдүүлсэ байна. Гэвч нөхөртөө биш охиныхоо үгэнд итгэсэн тэрээр ээж, эгч нартаа хэлэхэд “Арай ч үгүй байх. Хэчнээн явдал суудалтай байсан ч хүүхдээ тэгэхгүй байх” гээд тоогоогүй өнгөрчээ. Тэр ч байтугай нөхрийнх нь ар гэрийн зүгээс дарамталж, “Чимээгүй өнгөрөө, ичмээр явдлыг нуугаад өнгөр” гэх мэтээр сэтгэл санааны дарамтанд удаа дараа оруулсан байна. Харин хохирогч Б-гийн хувьд хууль шүүхийн байгууллагаар үнэнийг тогтоолгох хүртэл явна гэдгээ мэдэгдээд байгаа юм. “Охин минь насаараа хар толботой үлдчихээд байхад хууль хяналты байгууллага нь ч үл ойшоож байгаад үнэхээр харамсалтай байна” гэж ярьж байна. Тэр ч байтугай энэ хэрэг гарснаас хойш нөхрийг нь огт саатуулаагүй аж. Хууль шүүхийн байгууллага илт нөхрийнх нь талд үйлчилж эхэлсэн учир ийнхүү тэмцлийн аргыг сонгохоос өөр зам үлдээгүй гэдгээ хэлсэн юм.
Одоогоор тэрээр охиныхоо хамт хүүхэд хамгааллын байранд байгаа бөгөөд охиндоо шаардлагатай эмчилгээ үйлчилгээг авч байгаа аж. Төрсөн эцгийнхээ хүчирхийлэлд өртсөнөөс хойш охин нь их айдастай болсон бөгөөд гэдэс, бөгсөө байн байн заагаад “энд өвдөөд байна” гэдэг болжээ. Хэдийгээр өдгөө сэтгэл засал болон биеийн эмчилгээ хийлгэж байгаа ч хожим ямар сөрөг үр дагавар гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Одоохондоо охин нь бага настай байгаа учир мэдэгдэхгүй байж мэднэ хэмээн эмч нар анхааруулсан байна. Хэрвээ охиныг нь хүчирхийлсэн эцгийг нь яаралтай барьж хорьж, шийтгэлийг нь өгөхгүй бол хохирогч охины ээж дараагийн удаа тэмцлийн хурц замыг сонгоно гэдгээ илэрхийллээ. Харамсалтай нь хоёрхон настай охин төрсөн эцгийнхээ хүчирхийлэлд өртөж, хохирч байхад хүүхэд, эмэгтэйчүүдийн байгууллага нь ямар ч чимээ аниргүй суусаар байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.