МУИС-ИЙН НОМЫН САН ГЭНЭТ ШАТСАНЫ УЧИР ЮУ ВЭ?


Манай улсын ууган их сургууль болох Монгол Улсын их сургууль нь өдгөө дэргэдээ дэлхийн түвшний номын сантай болсон. Анх 1942 онд номын сан байгуулагдаж байсан ч далаад оны дундуур гарсан гал түймэрт маш ховор эрдэм судлалын олон ном товхимол байсан ч харамсалтайгаар галд өртжээ. Гэвч харамсмаар явдалд хэн ч хариуцлага хүлээгээгүй байна. Ингээд тухайн үед тус номын санд ажиллаж байсан нэгэн эрхэм олон жилийн дараа ч харамсч явдгаа илэрхийлж, манай сонинд захидал илгээжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

“Өнгөрсөн зууны 1970-аад оны дундуур МУИС-ийн Номын сангийн фондод гал гарснаар хүн төрөлхтөний оюуны үнэт бүтээл, олон тооны ном судар, сурах бичиг галд шатаж манай улсын соёлын санд асар их хохирол учирсан билээ. МУИС-ийн Номын сан хичээлийн 2 дугаар байрны 2-4 дүгээр давхарт байрлаж байсны 3 дугаар давхарт Номын  фонд байсан. Номын фондны хаалгаар ороход эхний хэсэгт 3-4 метр өндөр Бурханы шармал баримал 2 ширхэг, дараагийн 3-4 тавиуруудад баринтаглан боосон энэтхэг, түвд хэл дээр бичигдсэн судар бичгүүд байсан. Тухайн үед их сургууль Хятад, түвд хэлний ангитай байсан. Дараачийн эгнүүлсэн номын тавиуруудад гадаад хэл, орос, монгол хэлээр хэвлэгдсэн олон тооны ном судар сурах бичгүүдийг байрлуулсан байсан.  Улсын хэмжээнд улсын Төв номын сангийн дараа орох арвин их номтой 1 дүгээр зэргийн Номын сан байж билээ. Үүнийг бичиж суугаа би бээр Москвагийн Соёлын сургуулийг Ном зүйч мэргэжлээр төгсч, 1967-1969 онд МУИС-ийн Номын санд ном зүйчээр ажиллаж байсан хүний хувьд  Номын санд гал гарахад нөлөөлсөн нөхцөл шалтгаан байсан талаар хувийн бодлоо бичиж байна. Үүнд, номын фондод галын аюулаас хамгаалах, гал унтраах багаж хэрэгсэл байсан эсэх нь тодорхойгүй, номын санчдын мэргэжлийг дээшлүүлэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар сургалт семинар хийдэггүй байсан, мөн олон жил хадгалагдсан ном судар хэт хуурайшилттай болдог тул галын аюулаас сэргийлэх хуурайшлаас сэргийлэх холбогдох арга хэмжээ огт авдаггүй байсантай холбоотой. Мөн Номын фондод номын санчдаас бусад хүмүүс орохыг хатуу хориглосон журамтай байтал сургуулийн багш нар болон Жамц эрхлэгчийн танил талын хүмүүс чөлөөтэй нэвтэрдэг байсан. Номын фонд дотор цахилгаан залгуураар ус буцалгаж байсан цэвэрлэгчийг гал гарсан хэрэгт буруутгасан байдаг. Хэрвээ тийм байсан бол цахилгаан залгуураар Номын фондод ус буцалгахыг хориглоогүй, хариуцлагагүй хандсан удирдах хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой баймаар. Хамгийн ноцтой нь энэ үед мэргэжлийн хүмүүсийг номын санд ажиллуулдаггүй, 10-аад ажилтантай байсны ихэнх нь тус сургуулийн багш нарын эхнэрүүд. Номын санчид хоорондоо эв түнжин муутай, тогтвор суурьшилтай ажилладаггүй зэрэг нь Жамц эрхлэгчийн ажлын арга барилтай шууд холбоотой байсан. Ажилд нь шүүмжлэлтэй хандсан, Жамц эрхлэгчийн эсрэг дуугарсан хүмүүсийг элдвээр дарамталсаар эцэст нь ажлаас халдаг этгээд араншинтай хүн байсан. Жамцын дарамтаас залхсан би бээр 1969 онд мэргэжлийн дагуу өөр байгууллагад шилжсэн билээ. Харин номын сан шатах үед буюу 1971-1976 онд МУИС-ийн Хууль зүйн ангид суралцаж төгссөн юм. Сурч байсан үед оройн эчнээ ангийн декан Наранцацрал намайг өрөөндөө дуудсанаар очиход “Та сургуулийн Номын сан шатсан талаар нотлогдоогүй тогтоогдоогүй зүйл ярьж явдагтаа дүгнэлт хийсэн нь дээр байх шүү” хэмээн загнахад би “Номын сан шатсан талаар галын акт хэрхэн гарсан, буруутай этгээдийг тогтоосон эсэх талаар мэдэхгүй, харин бүхэл бүтэн номын сан шатсан байхад хэнд ч хариуцлага хүлээлгэхгүй өнгөрсөнд бухимдаж явдгаа ярьсан болохоос хэн нэгнийг нэр зааж буруутгаж яриагүй” гэж хэлээд деканы өрөөнөөс гарч явснаа тодхон санаж байна. Деканы анхааруулга нь над руу дээрээс хаясан чулуу байсныг үгүйсгэхгүй тул ямар ч атугай суралцаж байсан сургуулиа эсэн мэнд төгсгөхийн тулд дээрх сэдвийг сөхөж ярихгүй болсноор олон жилийг өнгөрүүлсэн юм. Хуучин тогтолцооны үед үзэл бодлоо чөлөөтэй  илэрхийлэх, санасан бодсоноо хэлж ярихыг хатуу хориглосон хаалттай нийгэм байсныг хэн хүнгүй мэднэ. Оюуны үнэт баялаг, асар их тооны ном судар шатаж, хэмжээлшгүй их хохирол учруулсан гэмт хэрэг гарсан байхад номын санг удирдан ажиллаж байсан хүмүүс, номын фондын эрхлэгчид ямар ч хариуцлага хүлээлгэхгүй өнгөрсөнд харамсаж явдаг билээ. Олон жилийн дараа эдгээрийг эргэн санаж бичихдээ хэн нэгэнд өс хонзон өвөрлөсөнгүй, харин цаашид энэ мэт галын хэрэг зөрчил гарах, номын санд ажиллаж байгаа хүмүүсийг сонор сэрэмжтэй ажиллахыг хүсч энэ бүхнийг эргэн санууллаа. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=